Цэргээс зугтсан буриад оюутан Инчёны нисэх буудалд амьдарч байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

ОХУ-д хэсэгчилсэн цэрэг татлага зарласнаас хойш гадаад улсуудад гарсан орос залуучуудын талаар "The Korea Times" бичжээ.

Буриадын их сургуулийн оюутан Владимир Марактаев БНСУ-ын "Инчён" нисэх буудалд гурав дахь сардаа амьдарч байна.

Тэрээр “Есдүгээр сарын 24-нд надад цэргийн зарлан ирсэн. Тэр шөнөдөө Оросоос гарсан. Өглөө нь намайг цэрэгт татах байх гэж айгаад, аль болох хурдан зугтахыг бодсон” гэж тэр "The Korea Times"-д ярьжээ.
 

Зүүн гар талаас- Андрей, Джашар Хубиев, Владимир Марактаев. Фото: Сим Хёнчхоль / The Korea Times


Владимир Марактаев цэргийн зарлан авсан хөршүүдийнхээ хамт машинаар Монголын хилийг давж, Улаанбаатарт ирсэн байна.

Улаанбаатараас Филиппин нисэж, хэдэн долоо хоног тэнд байжээ. Ингээд Өмнөд Солонгост дүрвэгч болох зорилгоор Инчёнд буусан байна. Гэвч БНСУ-ын Хууль зүйн яамнаас цэргээс зугтсаныг нь дүрвэгч гэж тооцох хангалттай үндэслэл гэж үзсэнгүй.

Владимир Марактаев 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ноос Инчёны нисэх буудалд амьдарч байгаа бөгөөд нисэхээс гарч болохгүй. Ямар ч мөнгөгүй болсон тул Хууль зүйн яамнаас олгодог хүнсээр амь зууж байгаа аж.

Түүнтэй хамт Красноярскийн Андрей, Нальчикийн "Спартак" багийн хөлбөмбөгч Жашар Хубиев нар байгаа гэнэ. Хууль зүйн яамнаас тэдэнд олгосон өмгөөлөгчийн мэдээллээр энэ сарын сүүлээр шүүх хурал болно. Хэрэв тэдэнд албан ёсоор дүрвэгчийн статус олговол БНСУ-ын визатай болно, үгүй бол эх оронд нь эргүүлэн өгөх юм байна. 

Шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв тэдэнд виза олгох юм бол дайнаас зугтсан орос залуус олноороо БНСУ-д ирэх аюул байгаа гэнэ. Тэгвэл хоёр улсын харилцаа муудах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top