Долоон оныг үдсэн Хөрөнгө оруулалтын банкны хууль эцэслэн батлагдахад ойртлоо

2023 оны 01 сарын 12

Долоон жилийн өмнө буюу  2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Б.Жавхлан нарын 18 гишүүнээс Улсын Их Хуралд анх өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.12/  чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ.

Өргөн баригдсанаасаа хойш парламентын босгыг давж чадалгүй олон оныг үдсэн уг хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал  2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хийж, 2023 оны нэгдүгээр сарын 5, 6-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Албан мэдээллээс эшлэхэд, Бусад улс орны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкууд хөрөнгө оруулалтын чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Төслийн 15.2 дахь заалтаар зохицуулахаар тусгасан байгаа. Гадаад улс орны төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл хүссэн бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас буюу гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилсан зөвшөөрөл авах юм. 

Дээрх заалтын хүрээнд уул уурхай, банк, санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд урьдчилж зөвшөөрөл авах зохицуулалттай” гэдэг хариулт өгсөн.

Төслөөр хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк төсөл санхүүжүүлэх зорилгоор харилцагчийн үнэт цаасны зах зээл, мөнгөний зах дээр арилжаалагдах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдаж, худалдан авч болох бөгөөд компанийн хувьцааг тав хүртэлх жилийн хугацаанд эзэмших зохицуулалтын талаар С.Бямбацогт гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм.

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үндсэн үйл ажиллагаа нь төсөл санхүүжүүлэх бөгөөд үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь үндсэн үйл ажиллагааг дагалдах хэрэгсэл болно гэдэг тайлбарыг хэлэв. Тодорхой төслийг санхүүжүүлэх явцдаа төслийнхөө талаар, үйл ажиллагааных нь талаар мэдээлэлтэй байж, амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой байх үүднээс харилцагч, түүний холбогдох этгээдийн гаргасан хувьцааны 20 хүртэл хувийг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь эзэмшиж болох бөгөөд эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгүй байхаар төсөл тусгасан байна. 

Харин энэ төрлийн харилцааг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран баталсан журмаар зохицуулах аж. Хөрөнгө оруулсан компанийнхаа хувьцааны тодорхой хувийг худалдан авч, тав хүртэлх жилийн хугацаанд эзэмших зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу оруулсан бөгөөд бусад улс орнуудад 5-9 жил байдаг гэв.

Гишүүд асуулт асууж, хариулт авсын дараа Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын 2 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 8 дугаар зүйлийг 10 дугаар зүйл болгон, бүхэлд нь өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 53 гишүүний 52.8 хувь нь, төсөлд “Хяналт шалгалт” гэсэн 25 дугаар зүйлийг шинээр нэмэхийг гишүүдийн 51.9 хувь нь дэмжив.

Ийнхүү Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дашрамд, уг хуулийн төсөлтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд хөндөгдөж ирсэн мэдээллүүдээс хүргэе.
 
Ер нь бол  банкны салбар эмзэг. Ялангуяа манай тухайд банкны салбартаа их “боломж” олгож ирсний сацуу хамаарсан эмзэгшил бий тул Хөрөнгө оруулалтын чиглэлийн банкуудыг оруулж ирэхдээ дотоодын нөхцөл байдлаа хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудалтай зайлшгүй тулгарч буй талаар яригдаж байв. 

Төслийг санаачлагч  Б.Жавхлан гишүүн хэлэхдээ  “Гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсөж,  зээлийн хүү буурна гэж тооцож байна. Түүнчлэн зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа.  Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх эерэг нөлөөтэй” гэж байсан.

Хуулийн төслийг боловсруулах болсон шаардлагаа тодорхойлохдоо: Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай болсон учир хуулийн төслийг боловсрууллаа гэж байсан.

Тэгвэл Монголын бизнесийн зөвлөлөөс Хөрөнгө оруулалтын банкны төсөлтэй холбоотойгоор дараах саналыг гаргаж байсан юм. 

Тус зөвлөлийн зүгээс  “Гадаадын хөрөнгө оруулалтын банкуудад дотоодын зах зээлд нэвтрэх боломж бий болгох, дэмжих нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа. Гэсэн хэдий ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд дээрх боломжийг бүрдүүлээгүй ба хуулийн төсөл үзэл баримтлалтай зөрчилдсөн нөхцлийг бий болгосон байна”  гээд дараах санал, зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.

-Хуулийн төсөл нь зөвхөн том хэмжээний банкуудыг томоохон төсөлтэй бизнесүүдэд санхүүжилт олгоход чиглэсэн байна.

-Өргөн хүрээний суурь өсөлтийг дэмжихийн тулд жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд бага зардалтай санхүүгийн эх үүсвэр бий болгох шаардлагатай байна.

-Хуулийн төсөлд тусгасан банкны үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгө оруулалтын банкны олон улсын жишиг үйл  ажиллагаатай уялдахгүй байгаа ба хуулийн төслийн нэр томъёоны хувьд тодруулах, илүү оновчтой болгох нь зүйтэй.

-Дүрмийн сан, зээлийн хэмжээний нөхцөл нь хэтэрхий өндөр тавигдсан ба зөвхөн улстөрийн сонирхолтой этгээд заасан хэмжээнд хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй байх болно.

Энэ нь олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол Улсыг сонирхох таатай болон тэгш, шударга орчинг бүрдүүлэхгүй юм. Банк ашигтай ажиллахын тулд санхүүгийн хөшүүрэг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв бид санхүүгийн хөшүүрэг дүрмийн сангийн харьцааг 8 дахин гэж үзвэл нийт тайлан тэнцэл нь 1.6 тэрбум ам.долларт харьцангуй хурдан хүрнэ. 10 орчим тэрбум ам.долларын ДНБ –тэй манай оронд мөн одоогийн банкуудын тайлан тэнцэлтэй харьцуулахад энэ нь бодитой тоо биш юм” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.

Эдийн засагч Ч.Хашчулуун уг хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ   “Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед."  гэсэн бол  Ө.Энхтүвшин гишүүн уг хуулийн төсөлтэй холбоотойгоор  “Хөрөнгө оруулалтын банк байгуулагдсанаар долларын ханшид яаж нөлөөлөх бол. Том банкны барьцаа том л байх болов уу. Хамаг лиценз зөвшөөрөл нь тавигдчихсан, түүнийгээ буцааж авч чаддаггүй, гадны хөрөнгийн бирж дээр тавигдах юм болох вий дээ.” гэж байв.

Хуулийн төсөл дэх, Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагчдад тавих  шаардлагуудыг харахад: 

-Сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн орны болон бусад орны Банкны тухай хууль болон түүнтэй холбоотой хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнөөс үүдэн банк, түүний нэгж байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болж, төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүй;

-Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа;

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаагүй; гэхчлэн тусгажээ. 

Эндээс үзэхэд уг хууль батлагдсанаар,  Монгол Улсад хөрөнгө оруулалтын банк байгуулах боломж манайд төлөөлөгчийн газартай банкуудад олгогдоно. 

Монгол Улсад одоогийн байдлаар гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж буй аж.

Гадаадын арилжааны банк салбараа нээх эсвэл бие даасан банк байгуулах бол эхлээд төлөөлөгчийн газраа нээдэг. Уг нь  зургаан төлөөлөгчийн газар байснаас  Англи, Нидерланд, Япон улсын гурван банк төлөөлөгчийн газраа хаасан. 

Түүнчлэн одоогийн байдлаар Хятадын хоёр, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байна. Банкны төлөөлөгчийн газар нээхэд өөрийн хөрөнгийн доод шаардлага тавьдаггүй, бие даасан банкны салбар нээвэл бусад банкуудтай ижил шаардлага тавьдаг гэсэн мэдээллийг Төв банкны ерөнхийлөгч өнгөрөгч арваннэгдүгээр сард  өгч байсан юм.

Долоон жилийн өмнө уг хуулийн төсөл өргөн баригдаж байх үед манайд гадаадын хөрөнгө оруулалттай 8 банк үйл ажиллагаа явуулж байсан юм. Тухайн үед Б.Жавхлан хэлэхдээ,   “Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа найман банкны зарим хөрөнгө оруулалт ч бас гаднаас байдаг. Өмнө нь 2000 оны эхээр ОХУ-ын банк ажиллаж байсан. Шинэ хуулиар бид гадны хөрөнгө оруулалттай банк манай дотоодын зах зээл дээр ажиллахдаа ямар хэсгүүд дээр ажиллах вэ гэдгийг нь тодорхой болгож өгөх юм. Энэ нь дотоодын банкуудаа эрсдэлээс хамгаалсан алхам. Гадны банкаар дамжин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, геополитикийн довтолгоонууд, эдийн засгийн тагнуулууд үүрлэх зэрэг эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ бүх эрсдэл үүсэхээс сэрэмжлэхийн тулд бид банкны салбарын хууль эрх зүйн тогтолцоогоо сайжруулах алхам хийх ёстой. Өөрөөр хэлбэл, бид гадны банк оруулж ирэх бэлтгэлээ сайн хангах ёстой. Түүнээс биш гадны банк аюултай гээд бүх зүйлээ хаагаад суугаад байж болохгүй. Энэ бол асуудлыг шийдэх оновчтой арга биш. Гадны банкны салбарууд орж ирснээр манайд өнөөдөр хамгийн дутагдалтай байгаа капиталийн урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Мэдээж гадны банк орж ирүүт хөрөнгө оруулагчид шахцалдаад ороод ирэхгүй. Энэ нь өнөөгийн эдийн засгийн орчин нөхцөлөөс хамаарна. Гэхдээ хөрөнгө оруулагчид олноороо ирэхгүй юм чинь гээд асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ нь өөрөө 4-10 жил шаардагдах хэмжээний бүтцийн өөрчлөлтийн процесс явагдах учраас хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал” гэж байв.

Тэгвэл үүнээс хойш долоон жилийн дараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top