Б.Бямбабаяр:Бага насны хүүхдүүд ЦӨСНИЙ ЧУЛУУТАЙ болж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Буруу хооллолтоос болж, сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд цөсний чулуутай болох тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тиймээс энэ талаар "Оюу шүр мед" эмнэлгийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяртай ярилцлаа. 


-Танай эмнэлгээр үйлчлүүлж буй хүүхдүүд дунд цөсний өтгөрөл, цөсний чулуутай хүүхэд хэр олон байна вэ?

-Манайх хувийн эмнэлэг учраас улсын эмнэлгээс харьцангуй цөөн хүн үзүүлдэг. Эрүүл мэндийн хувьд ч өвчлөл багатай, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийлгэдэг байсан юм. Гэтэл сүүлийн үед ирж үйлчилгээ авч байгаа хүмүүс дунд эрүүл хүн цөөн байна. Өнөөдөр гэхэд 31 хүнд оношилгоо хийхэд эрүүл оношлогдсон хүн ховор. 

Үйлчлүүлж буй хүүхдүүдийг харахад бага насны хүүхэд цөсний чулуутай гэж оношлогдох тохиолдол нэмэгдэж байна.

Хоёр настай хүүхэд хүртэл цөсний чулуутай гэж оношлогдсон. Дээшлээд бүх насныханд үүсэж байна.

Хэмжээний тухайд 0,3 см-аас дээш байна. 2,5 см-тай том чулуу ч оношлогдсон тохиолдол байна. Гэхдээ хэмжээнээсээ үл хамаараад бүгд адилхан заалттай, хагалгаа хийнэ. 


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 


-Ямар шалтгаанаас болж бага насны хүүхдүүд хүртэл цөсний чулуутай болж байгаа юм бол?

-Ер нь бага насны гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийн дунд ч цөсний чулуутай болсон тохиолдол их байдаг. Энэ нь хооллолттой шууд холбоотой. 

Цөсний чулуу үүсэх хэд хэдэн шалтгаан бий. Тэдгээрээс хүүхдүүдэд хамгийн их тохиолдож байгаа нь холестерины хэрэглээ багассанаас болж байна.   

Холестерин гэдэг зүйл хүний цусанд их ч биш, бага ч биш дундаж хэмжээнд байх ёстой. Ихэдвэл, эсхүл багадвал эмгэг болдог. Цусан дахь холестерин бага байхаар элэгнээс ялгарч байгаа цөс багасдаг. Үүнээс болоод өтгөрнө.

Холестериныг малын гаралтай өөх тосноос авдаг. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүд малын гаралтай өөх тос огт хэрэглэхгүй байна. Хоолныхоо өөхийг хүртэл ялгадаг. Өрөм, зөөхий, цөцгий, хайлмаг, шар тос зэргийг огт хэрэглэдэггүй. Үүнээс болоод холестерины хэмжээ багасаад, цөсний чулуу үүсээд байна. Ийм зүйл дандаа бага насны хүүхдэд ажиглагдаж байна. 

Бас нэг шалтгаан нь өглөөний цай уудаггүй. 

Өнөөдөр надад 12 настай хүүгээ дагуулсан ээж ирж үзүүлсэн. Хүүхдийнх нь цөс өтгөн байсан. Тэгэхээр нь ээжээс нь "Та хүүхдэдээ өглөөний цай уулгадаг уу" гэж асуухад ээж нь "тийм" гэсэн, хүүхэд нь "үгүй" гэсэн. Тэгээд ээжийг нь үзэхэд ээжийнх нь цөс бас өтгөн байсан.

Ингээд өглөөний цай уудаггүйгээс болж ээж, хүү хоёр цөс шингэлэх эм авахаар хөтлөлцөөд явсан.

Ээж, аав ямар байхаас хүүхэд ямар байх нь шууд шалтгаална гэсэн үг. 

Цөс гэдэг зүйл шөнө хуримтлагдаад өглөө хоол идэхэд гадагшилж байх ёстой. Яг давсаг шиг. Хүн өглөө 7 цагт сэрээд 10 цаг хүртэл бие засахгүй байж чаддаггүй. Үүн шиг хүүдий дотор цөс хуримтлагдаж байдаг. Хэдэн цагт хоол иднэ тэр үед л гадагшилна. Удаан хугацаанд хоол идэхгүй яваад байвал тэр хэмжээгээр өтгөрч хуримтлагдана. Хуримтлагдаж өтгөрсөөр байгаад л чулуу болж байгаа юм. 

-Цөсний чулууг хагалгаа хийж л авах уу, өөр арга бий юу?

-Цөсний хүүдийд үүссэн чулууг хагалгаагаар л авах боломжтой. Эм уугаад хайлуулдаг, буталдаг гэж хүмүүс яриад байдаг. Манай улсад одоогоор тийм эмчилгээ орж ирээгүй байгаа. Энэ бол хүмүүсийн ам дамжсан яриа. Нэгэндээ сайн санаад зөвлөөд байгаа боловч нөгөө талаараа мэдэхгүй зүйлээ зөвлөөд хорлож байгаа хэрэг. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.105.102.47) 2023 оны 01 сарын 26

emch baymbayar genuu ajil iin turchlag ali ger zuv onchilj chadaj bna ene ajil iin turchlag heden jil be emch nerdneer ail iin nialah huuhed.r togloj bolj bga yum u

2  |  0
Top