Сүхбаатар аймагт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын оронд сүрьеэгийн эсрэг тарилгыг андуурч хийсэн тохиолдол гарсан талаар өмнө нь мэдээлсэн.
Тэдгээр тариа андуурагдсан есөн иргэнийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.01.26/ ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Тухайн есөн иргэн ХӨСҮТ дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Энэ есөн иргэн дээр ажиллах эмнэл зүйн өргөтгөсөн зөвлөх багийг ЭМ-ийн сайдын А22 тушаалын дагуу өргөтгөөд ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт энэ зөвлөх баг ажилласан. Манай улсын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүлэх эмч, эрдэмтэд энэ зөвлөх багт орсон.
Дүрс оношилгоо, уушги, лабораторийн чиглэлээр болон хүүхдийн зөвлөх мэргэжилтнүүд энэ багт багтсан. Энэ зөвлөх баг бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх есөн үйлчлүүлэгч дээр ажиллаж, шинжилгээ, оношийг баталгаажуулах, одоо хүргэж байгаа эмнэл зүйн тусламж үйлчилгээг хүн хүнээр тооцох үйл ажиллагаанууд хийгдсэн.
Одоогийн байдлаар есөн хүний маань биеийн байдал тогтвортой байгаа. Хэсэг газрын хариу урвал буюу хүйтэн буглаа үүссэн байсан нь сайжирч байгаа. Мөн хавсарсан эмгэгүүд рүү чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зөвлөх багийн удирдамжийн дагуу ХӨСҮТ хийгээд явж байна.
Бид энгийн үед нярай хүүхдэд 24 цагийн дотор сүрьеэгээс сэргийлэх вакциныг хийдэг. Ердийн үед вакцин хийлгэсэн хүүхдэд вакцины дараах хэсэг газрын хариу урвал 6 сар хүртэл үргэлжилж, дараа нь сорви тогтож эдгэдэг. Тэгэхээр вакцин андуурч хийсэн иргэдэд хэсэг газрын хариу урвал илүү тод байгаа ч хүндэрсэн нөхцөл байдал үүсээгүй.
Хавсарсан эмгэгүүд гэдэг дээр элэгний B болон дельта вирусийн эмгэгтэй хоёр иргэн байгаа. Тэгэхээр бид сүрьеэгийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж байгаа учраас хавсарсан эмгэгүүдийг илүү сэдрээхгүй байх талаас нь эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа.
Дээрх хүмүүст галзуу өвчний эрсдэл бага байгаа. Яагаад гэвэл хазсан нохойнуудыг түргэвчилсэн болон баталгаажуулах шинжилгээнд хамруулахад галзуугийн вирус тодорхойлогдоогүй" гэв.
Сэтгэгдэл ( 0 )