Биоаюулгүй байдлын олон улсын шинжээч, биологийн ухааны доктор С.Баярхүүг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Монгол Улсын биоаюулгүй байдал өнөөдөр ямар түвшинд байна вэ. Хүн болгон санаа зовдог ч төрийн “хар хайрцагны бодлого” гээд мэдээлэлгүй байх юм?
-Монгол Улсын эсвэл бүс нутгийн биоаюулгүй байдлын тухай ярих юм бол нэлээд хурцадмал болсон, яаралтай шийдвэрлэх эсвэл бэлэн байдлыг хангах шаардлагатай мэргэжлийн түвшний ойлголтууд байдаг. Хамгийн эхлээд нэн тэргүүнээ энэ нэр томъёог нэг түвшинд ойлгосон байх нь чухал л даа.
Биоаюулгүй байдал гэдэг нь “муу зүйлсийг хүн, амьтан, ургамал, бичил биетнээс ангид байлгаж биологийн баталгаат байдлыг хангах, нөгөө талаас муу хүмүүсийг саяын хэлсэн амьд биетүүдээс хол байлгах” гэсэн ойлголт.
Үүнийг хэн, хэзээ, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг биоаюулгүй байдлын бодлого гэж хэлээд байгаа юм. Сая хэлсэн зүйлүүдийг тусгаарлаж, нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг авч бодлогынхоо баримт бичигт тусган өдөр тутамдаа, шат шатандаа хариуцлагатайгаар хэрэгжүүлж чадах юм бол биоаюулгүй байдал хангагдах чиглэлдээ орно. Биоаюул үүсэхээс урьдчилан сэргийлдэг тогтолцоотой байх учиртай, нэг үгээр хэлбэл улс орон бүр бэлэн байдалд байх ёстой гэсэн үг.
-Биоаюул гэснээс монголчууд төдийгүй дэлхий нийт цар тахлыг даван туулж байна. Хэрхэн туулав, юу хамгийн их тус болов, цаашид яах вэ?
-Ковид бол биоаюул үүссэн бодит жишээ л дээ. Үүнтэй адил тарваган тахал гарах, олон нийтийг хамарсан халдварт өвчин үүсэх, ялангуяа амьтнаас, байгалиас үүсэлтэй халдвар тархахыг биоаюул гэж үзэж бэлэн байдлаа хангах цаг үе иржээ гэж ойлгогдож байна. Ковид дэлхийн бүх улс орнуудын хувьд яг л адилхан шинэ сорилт байсан. Гэхдээ туулж гарсан арга туршлага, бэлэн байдлын хувьд улс орон бүр харилцан адилгүй.
Манай улсын хувьд биоаюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх тал дээр 2015 оноос хойш ямар нэгэн дотоодын төсөв, хөрөнгө зарцуулаагүй, харин олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд чамлахааргүй ажлуудыг санаачлан хүний нөөцөө сургаж, зарим лабораторийн тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, холбогдох шинжилгээний аргын стандартуудыг бэлэн болгосон байсан. Энэ мэтчилэн мэргэжлийн түвшинд зарим байгууллага, мэргэжилтнүүд тодорхой хэмжээний бэлтгэлтэй байсан.
Ковид гарч бүх улс орнууд хөл хорьж, манай улс ч гэсэн хатуу хөл хорионд орох үед иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүд болон Засгийн газрын түвшинд ч шокийн байдалд орсон. Гэхдээ хариу арга хэмжээ авах үүрэгтэй, эрсдэлийг даван туулах ёстой гэдэг үүднээс өөр өөрсдийн хэмжээнд ажлаа хийсэн. Мэдээж бүх зүйлийг төгс хийгээгүй, алдаатай зүйлүүд байсан уу гэвэл байгаа. Түүнийгээ тухайн үед засаж залруулах гэхээс илүү өнгөрсөн хойно, асуудлыг даван туулсны дараа бид хариу арга хэмжээ авахдаа зарим зүйлийг алджээ, хөрөнгө хүчээ зөв хуваарилж чадаагүй байна гэдэгтээ үнэлэлт дүгнэлт өгч дахин алдахгүйгээр “Биоаюулгүй байдлын эрсдэлийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөтэй” болох нь зөв гэж харж байгаа. Эрсдэлийг туулж байх үед бол ажил хариуцсан хүн бүр энэ ажлыг хийх үүрэгтэй, үүний ард гарах нь чухал гээд зүтгэж байсан. Өвдсөн хүмүүсийг халдвараас тусгаарлаж тэднийг эмчилнэ гээд эрүүл мэндийн салбарынхан туйлдаж унатлаа ажиллаж байсан.
Ковидын үед бидэнд биохамгааллын чиглэлээр хамгийн их тус болсон зүйл бол гадаад хамтын ажиллагаа байлаа. Тухайлбал, Европын Холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах санаачилгаас Төв Азийн орнуудад хэрэгжүүлж байсан P53 болон P65 төслүүд хамгийн хурдан алдаа оноо, сургамжаа хуваалцаж цахим уулзалт, сургалтуудыг зохион байгуулж байсан.
Жишээ нь: Итали улс эхний үеүдэд хамгийн их хохирол амссан орны нэг боловч биоаюулгүй байдал, биологи, химийн хог хаягдлын шинжээчид бидэнд шинжилгээний аргын оновчтой хувилбарууд, биохамгааллын алдаж болохгүй чухал дадлууд, нэгэнт хүний амь нас эндсэн үед авах арга хэмжээг хэрхэн төлөвлөх нь оновчтой байгаа талаар цахим сургалтуудыг орж байсан нь манай нийслэлийн есөн дүүргийн эмнэлгийн ажилтнууд, эмч нарт үнэхээр хэрэгтэй байсан.
Хамтран ажилласан улсууд хэчнээн хүнд хэцүү байдалд байсан ч гэсэн биоаюулгүй байдлын шинжээчийн хувьд харилцаа, хамтын ажиллагаатай байсан учраас Монгол Улсад мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж байсан. Жишээлбэл, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд ковидоор хүн үхэлд хүрвэл ямар арга хэмжээ авах вэ. Яаж оршуулах ёстой вэ. Халдварын эрсдэлийг хэрхэн бага байлгах вэ гэдгийг өөрсдөө туулаад ирсэн учраас бидэнд хандаж, та нар ингэж ажиллаарай гэсэн аргачилсан зөвлөмжийг өгч, манай эмч нар, эмнэлгийн ажилтнуудад онлайн сургалт хийж өгсөн. Энэ мэт тэр үед бид нэлээд боломжийн тусламжуудыг авч байсан.
-Ковид гарахад олон улсын зүгээс ямар анхааруулга, санамжийг өгч байсан бол?
-Яг ковид гарна гэж аль ч байгууллага хэлээгүй юм аа, харин бүс нутгийн хэмжээнд биоаюулгүй байдлын чиглэлээр улс орнуудын чадавхыг сайжруулах хэд хэдэн төсөл хэрэгжсэний зөвхөн нэг л төсөлд манай улс хамрагдаж хууль эрх зүйн чиглэлээр, мэргэжилтнүүдэд шаардлагатай сургалтын эрэлт хэрэгцээ, лабораторийн тоног төхөөрөмжийн одоогийн байдалд үнэлгээ хийж, шат дараалалтайгаар арга хэмжээ аваад явж байсан давуу талтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улс биологийн ямар нэгэн эрсдэл үүсэхэд хариу арга хэмжээ авах чадавхыг бий болгож чадсан байсан юм, харин хүний болон техникийн нөөцөө зөв ашигласан эсэх нь эргэлзээтэй.
Олон улсын түвшинд ямар нэгэн аюул үүсэх эрсдэлтэй гэдгийг тооцож дадлага сургуулилтыг хэд хэдэн улсад хийж үзүүлж байсан, тодорхой сэдвээр судалгааны ажлуудын тайлан гарсан байсан. Биоаюулгүй байдлын чиглэлээр олон улсын гэрээ конвенцид нэгдэж, хамтын ажиллагаанд оролцож байгаа нь аюул, эрсдэл үүссэн үед бэлэн байх ёстой гэдгээ ухамсарлаж хариуцлагатай ажиллах асуудал, бид дотооддоо бэлэн байхын тулд 2016 оноос хойш бэлдсэн юм шүү дээ. Бид яг ковид гарахад мэргэшсэн боловсон хүчнүүдээ ашиглаж чадсан. Гэхдээ нэг бэлдсэн хүнээ тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах, дэмжих, салбар дундын зохион байгуулалт хийх гэсэн зүйлүүдийг орхигдуулсан бүр таг мартсан. Өөрөөр хэлбэл, бэлдсэн цөөн хүн дээрээ бүх ачааллаа үүрүүлж зүтгүүлсээр байгаад л өнөөдрийг хүрсэн байна.
-Та бол Монголд байгаа цөөхөн биоаюулгүй байдлын олон улсын шинжээч. Тэгэхээр манайд мэргэжлийн хүнийхээ үгийг хэр сонссон юм бол. “Улстөрчдийн амаар яваад байна” гэсэн шүүмжлэл тэр үед гарч байсан шүү дээ. Энэ тухай би асууж байгаа юм л даа?
-Манай улсад 2008 оноос хойш Биоаюулгүй байдлын үндэсний хороо байгуулагдан ажилласан. Тухайн үеэс Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байсан. Энэ асуудал өөрөө БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг.
Өөрөөр биоаюулгүй байдлын асуудлыг Монгол Улсын хэмжээнд том зургаар нь харж хариуцдаг, зохицуулдаг, зохион байгуулалт хийдэг бүтцийн нэгж байхгүй.
Ковид эхлэх үед үндэсний хорооны дарга, эрдэмтдийн зөвлөлийн гишүүд хуралдаж зөвлөмжүүдийг өгч байсан. Эхний үед Ө.Энхтүвшин сайд маш сайн ойлгож, бидний гаргасан зөвлөмжүүдийг байгууллагуудад маш хурдан шуурхай хүргэж ажиллаж байсан. Гэтэл салбар дундын зохицуулалт гэдгийг явцуу хүрээнд авч үзэн хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдах ажил хийгээгүйгээс удирдлага өөрчлөгдөж, дарга нар болон Шадар сайд нь солигдох явцад мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмжүүдийг орхигдуулж, хамтарч ажиллах боломжгүй болсон. Тэглээ гээд бид зогсоогүй л дээ, мэргэшсэн боловсон хүчнүүд, бэлтгэсэн хүмүүс, лабораториудтайгаа холбоотой байсан учраас тэр хүрээнд ажлаа явуулж байсан.
-Вирус мутацид орох, олон янзын хувилбар гарч байсан. Энэ бүхнийг илрүүлэх арга өөр байсан байх?
-Үүнийг мэргэжлийн вируслогчид ярих сэдэв биз ээ, би бол биологич тэр нарийн түвшинд дутах ёстой. Ер нь чадахгүй зүйлээ мэдэхгүй гэдгээ хэлэхгүй би чадна гээд хамаг ажил алдагдуулдаг байдлаа одоо болих цаг болсон байна. Энэ асуудалтай холбоотой аль PCR-аар шинжилгээ хийх ёстой вэ хамгийн сүүлийн үеийн модерн загварыг нь хаана үйлдвэрлээд байна вэ тэрийг нь бид яаж олох вэ. Оллоо гэхэд шууд худалдаж авах боломжгүй л гэж төсөв захирагч хэлдэг тул өөрийн чадах хамтын ажиллагааны хүрээнд аль хэсгийн тусламжийг авч тэр PCR-ыг нь аваад Монгол Улсад авчирч өгөх вэ гэдэг чиглэлийн ажлуудад оюун тархиа ажиллуулж байсан. Хүмүүсийг хэрхэн хөл хорионд оруулж байсан юм гэдгийг дахин алдах эрхгүйгээр засаад явах асуудал. Тэр талаар ковидын үед МҮОНРТ надаас ярилцлага авч байсан. Тухайн үед би хэлж байсан ялангуяа Төв Азийн орнууд ижил төстэй байдалтай, улс төрийн бүтэц нь ч, байгууллагууд болон газар нутгийн байршил ч ойролцоо энэ улсуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоож байна шүү бүх юмаа зэрэг хаахгүй байна. Тиймээс бид сайн жишгийг нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг ярилцлагадаа дурдаж байсан. Гэвч тэр үед нийтээр нь хөл хорио тогтооё, бүгдийг нь гэрээс нь гаргахгүй байя гэдэг шийдвэрүүдийг Онцгой комисс гаргаж байсан учраас “буруу” гэж хэлэх бас хэцүү. Өнөөдөр харахад тухайн үед мэргэшсэн хүмүүсийн зөвлөгөө, зөвлөмжийг аваад шийдвэр гаргахдаа хэт хатуу хандаж байсан гэдэг нь харагдаж байгаа.
-Оны эхээр Хятад улс хилээ нээлээ. Гадаад мэдээний тоймоос харахад урд хөршийн томоохон муж, хотуудад омикроны олон төрлийн хувилбар илэрсэн гэх мэдээллүүд гарах юм. Олон улсын түвшинд ямар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч байгаа вэ?
-Одоо бол нэг үеэ бодвол хамгийн хурц үеэ даван туулсан. Дараагийн аюул үүсэхэд яах вэ гэдэгт баримжаатай болсон учраас бусад улсад гарч буй үйл явцаас хамаарч, яг өмнөх шигээ хатуу хөл хорио тогтоож, хилээ хаана гэдэг утгагүй. Гэхдээ ДЭМБ юуг анхааруулж байна гэвэл, ковидын мэдээлэл өгдөг албан ёсны суваг дээрээ өдөр бүхэн цаг үеийн байдлыг мэдээлж байна. Энэ бол хүн болгон ороод харах боломжтой нээлттэй суваг юм. Эндээс харахад ковид-19-тэй холбоотой эрсдэлүүд хамгийн бага түвшиндээ хүрлээ гэсэн мэдээг тавьсан байна. Энэ асуудал нь өөрөө “Өнөөдөр талх дуусчихжээ” гэдэг шиг амархан биш, эрсдэл нь ийм байна шүү гэдгийг тогтоохын тулд олон шинжээч зэрэг ажиллаж байж дүгнэлт гаргадаг. Эцсийн дүгнэлтийг ДЭМБ өгдөг. Тэгэхээр ДЭМБ бол энэ нь нийтийг хамарч гардаг халдвар юм байна шүү. Үүнээс болгоомжлох хэрэгтэй, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эсвэл яаралтай арга хэмжээ авах ёстой гэдгийг хэлдэг учраас шууд огцом мэдэгдэл гаргаж, манайх шиг гэнэтийн мэдээлэл хийдэггүй. Мэдээж цаашдаа бол шинэ төрлийн вирус дэгдэх эрсдэлтэй. Энэ бол шинэ төрлийн биологийн аюул гэсэн үг.
Ер нь биоаюулгүй байдал гэхээр хүмүүс биоаюултай л гэж ойлгодог. Тэгэхээр нэгэнт аюул үүсэж болзошгүй юм чинь бид бэлэн байх ёстой. Урьдчилан сэргийлэх ёстой. Иймээс биоаюулгүй байдлын цогц хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
-Байнгын бэлэн байдалд байна гэдгийг энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Байнгын бэлэн байдалд байна гэдэг нь улс төрийн шийдлүүдээс өөр л дөө. Манай улс цөөн хүн амтай, аюул гарлаа гэхэд тэднийг аль болох эрсдэл багатай даван туулуулах ёстой. Түүний тулд бэлэн байдал гэдэг нь өдөр тутам хангагдаж байх ёстой. Аюул үүслээ гэхэд шууд хариу арга хэмжээ авах нөхцөл бүрдүүлж гэмээ нь бид эрсдэл багатай давна. Тэгэхгүй одоо бүх юм өнгөрсөн гээд хойш суух юм уу, эсвэл олон хүн амтай улсыг дуурайгаад байвал энэ нь бидэнд хамгийн том эрсдэл юм.
-Биоаюулгүй байдал гэхээр бид зөвхөн хоол хүнс, биологийн нөхцөл байдалтай холбоотой эрсдэлт асуудлыг оруулаад байдаг. Ер нь бол холбоо, хамааралгүй зүйл гэж байхгүй биз дээ?
-Биоаюулгүй байдалд хамааралгүй салбар Монголд ч, олон улсад ч байхгүй. Энэ бол эдийн засагт ч, эрүүл мэнд, хөдөө аж ахуйд ч хамаатай. Ялангуяа хүний амаар орж байгаа хүнс, эмчилгээнд хэрэглэж буй био бэлдмэлүүдтэй ч холбоотой.
2011 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдэж, найман зүйл заалтаар биоаюулгүй байдлын асуудлыг тусгасан байдаг. Энэ асуудлыг юутай холбож тусгасан бэ гэхээр биотехнологийн асуудалтай холбож тусгасан. Аливаа технологи хөгжих тусмаа эрсдэл нь багасаж үр өгөөж нь нэмэгдэж, хүний хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд гар ирдэг. Нөгөө талаас дэлхийн хүн ам долоон тэрбумыг давлаа, энд хүнс хамгийн чухал.
Мэдээж Монгол Улс цөөн хүн амтай, олон сая малтай, хүнсээр хэзээ ч тасалдахгүй гэж олон зүйл ярьдаг л даа. Гэхдээ хүнс тэжээлийн хомсдол гэдэг зөвхөн хоолоор, бидний ярьдагчлан мах, гурил, будаагаар хэмжигддэггүй. Тэгэхээр хүнсний аюулгүй байдалтай биоаюулгүй байдал, биотехнологийн асуудал холбоотой. Биотехнологи нь генийн инженерчлэлтэй холбоотой. Генийн инженерчлэлийн аргыг ашигласан хүнсний түүхий эд гэж бий. Дэлхий нийтэд хамгийн түгээмэл болсон нь шар буурцаг, рапс. Уг нь энэ бол ашигтай технологи.
Хүнд хэрэгцээтэй, аюулыг нь багасгасан ашигтай технологи байж байдаг. Гэтэл хүмүүст ойлгуулахдаа, цахим ертөнцөд мэдээлэхдээ илүү аюултай мэтээр айлгаж, буруу мэдээлэл өгдөг. Мэдээж шинэ технологи учраас эрсдэлтэй байж магадгүй гэж бүх улсын Засгийн газар анхааралдаа аваад ажиллаж байгаа. Эрсдэлтэй зүйлийг худалдаалж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргана гэж байхгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл GMO-өөс болж хүний амь нас эрсэдсэн, хорт хавдар үүссэн гэсэн шинжлэх ухааны нотлогдсон материал байдаггүй. Мэдээж тухайлсан судалгаанууд бол байдаг. Тухайлсан судалгаа гэдэг бол тухайн судалгааны ажлыг хийж байгаа эрдэмтэн туршилт хийсэн нэг удаагийн үр дүнгээ хэвлүүлсэн байдаг. Манайханд энэ талын мэдлэг сул. Бүх шатны сургалтын хөтөлбөрт энэ асуудлыг хэрхэн багтааж судалдаг нь бүрхэг. Ингээд яривал энэ асуудал боловсролын систем рүү яваад орчихдог. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлын асуудлыг ярихад манайхны генийн өөрчлөлтэй хүнс гэж яриад байгаа албан ёсны нэршлээр бол хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хаяглаж байна уу, шошголж байна уу. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна уу. ДЭМБ, Олон улсын худалдааны байгууллага, түүнийг гаргаж авч байгаа улс орнууд олон улсын түвшинд эрсдэлийг нь үнэлүүлж, аюулгүй гэдгийг нь нотолж баталсан байна уу гэдгийг л бид мэдэж байх ёстой юм. Түүнээс дэлгүүрт байгаа кола ундааг аваад энэ дотор GMO гаралтай сахар ашигласан байна, бүгдийг нь худалдаанаас татаж ав гэдэг асуудал яривал буруу юм. Бид мэдлэггүй байна гэдгээ дэлхийд таниулж байгаа гэсэн үг. Үнэхээр тийм сахар ашигласан бол ямар чихрийн нишинг ашиглаж вэ гэдгийг харах ёстой. Хортой байсан бол Олон улсын худалдааны байгууллагаас бар код өгөхгүй, түүхий эд болгохыг зөвшөөрөхгүй шүү дээ. Тиймээс хаяг, шошгыг унших ёстой гэж хэлж байгаа юм. Зарим хүнд тэр нь заавал сонгож хэрэглэх ёстой хүнс нь байж ч магадгүй. Зарим нь өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшил, боловсролоос хамаарч амьдралдаа огт хэрэглэхгүй гэж шийдчихсэн байж ч магадгүй. Тиймээс хүмүүст энэ сонголтыг нь л өгөх ёстой юм. Энэ чинь жинхэнээсээ хүний эрхийн асуудал шүү.
-Аливаа аюул гарлаа гэхэд бүх улс орнууд байнгын бэлэн байдалд байх ёстой гэлээ. Манай улсад ийм төлөвлөгөө байгаа болов уу?
-Аюул гарлаа гэхэд хариу арга хэмжээ авахад улс орнууд бэлэн байх ёстой гээд нэгдсэн төлөвлөгөө гаргаад явж байна. Манайд ийм цогц төлөвлөгөө байгаа эсэхийг мэдэхгүй. Улс орнууд энэ асуудалд анхаарч байна. Та бүхэн анхаараарай гэдгийг олон улсын зүгээс бидэнд зөндөө л хэлдэг. Бид ингэж ажиллаж байна, ийм загвар ашигладаг гээд санал болгодог улс орнууд ч бий. Гэтэл өнөөдрийг хүртэл манай улс, аль ч Засгийн газрын бүтцэд энэ асуудлыг цогцоор нь авч үзье гэж ярихгүй байна. Магадгүй тогтолцоо өөрчлөгдөж байж анхаарах юм болов уу. Тогтолцоо өөрчлөгдөх гэдэг нь өөрөө чухал асуудал л даа. Өнөөгийн хөгжлийн хоцрогдол,утаа, түгжрэл, ерөөс болж бүтэхгүй байгаа бүхэн тогтолцооноос ихээхэн хамааралтай гэж бодож байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)