Хэнтийд Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг явууллаа

2023 оны 02 сарын 02

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатын санаачилгаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Чингис хотод өчигдөр /20223.02.01/ зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Газрын багц хуулийн төслийг  иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх үйл ажиллагаа Хэнтий аймгаас эхэлж байна. Тус аймгийн хувьд тусгай хамгаалалтад авсан газар нутаг ихтэй, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг. Нөгөөтээгүүр, малынхаа тоогоор улсын хэмжээнд дөрөвт, газар тариалангийн талбайгаараа тавдугаар байрт орж байгаагаас гадна аймаг дундын отрын бүс нутагтай, 90 гаруй мянган га эргэлтийн талбайтай, өвөрмөц онцлогтой бүс нутаг гэдгийг тэмдэглэв. Мөн тэрбээр, өнгөрсөн жил нутгийнхаа бүх сум, багуудад ажиллах үеэр иргэдийн дунд сум, багийн хилийн цэстэй холбоотой маргаан багагүй гарч байсныг дурдаад газартай холбоотой шийдлээ хүлээсэн  олон асуудал буй тул хэлэлцүүлгийг орон нутагтаа зохион байгуулж буйгаа онцолсон юм.

Дараа нь Газрын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр, Геодези зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат нар тус тус танилцуулсан.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Чогсомжав, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал болон холбогдох албан тушаалтнууд, Хэнтий аймгийн 18 сум, дөрвөн тосгоны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 89 багийн Засаг дарга, малчид, иргэдийн төлөөлөл, хүнсний ногоочид, тариаланчдыг хамруулсан 350 гаруй хүн оролцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Газрын багц хуулийн төсөл үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар болон газрыг эргэлтэд оруулах шалтгаан нөхцөл, газрын харилцаатай холбоотой орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар илүүтэй тодруулахын зэрэгцээ тусгай хамгаалалтад авах газрыг орон нутгийн иргэдээр хэлэлцүүлэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхдээ нийгмийн дэд бүтцэд хамрагдсан газраас олгох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Түүнчлэн Хэрлэнбаян-Улаан суманд байгуулагдсан аймаг дундын отрын бүс нутгийн талаар,  хуулийн төсөлд 18 нас хүрсэн Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхтэй холбоотой зохицуулалт, одоо үйлчилж байгаа хуулийн хийдэл, буруу тогтолцоонд хариуцлага тооцох эсэх, малчдын өвөлжөө, хаваржаа, отор нүүдэлтэй холбоотой газрын асуудал, тариаланчид, малчдын маргааныг хэрхэн зохицуулахаар тусгасныг лавласан юм. Мөн иргэний өмчилсөн газрыг улсын бүртгэлийн системтэй уялдуулах, газрыг өмчлүүлэхдээ тэргүүн ээлжид зорилтот бүлэгт олгохоор тусгаж байгаа нь тэгш бус байдлыг бий болгож байгаа эсэх, тусгай хамгаалалттай газар нутгийг газрын нэгдмэл сангийн  ангиллаас хасах шалтгаан, Багийн Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсээс тодруулж, саналаа уламжиллаа.

Ташрамд дурдахад, Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм. Мөн тус багц хуулийн төслөөр нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Эх сурвалж: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top