Турк, Сирийн газар хөдлөлт яагаад энэ зууны хамгийн аюултайд тооцогдов

2023 оны 02 сарын 14

Өнгөрсөн долоо хоногт Турк, Сирид болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас 25 мянга  гаруй хүн амиа алдаж, олон арван мянган хүн шархадаад байгаа билээ. Үүний зэрэгцээ агентлагууд гамшгийн улмаас амиа алдагсдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.

 

ЭНЭ УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ ЯАГААД ИЙМ ҮХЛИЙН АЮУЛТАЙ БАЙСАН БЭ

 

Энэ газар хөдлөлт олон хүний амь насанд  хүрэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүний хамгийн томоохон шалтгаан нь газар хөдлөлт болсон цаг юм. Өглөө эрт газар хөдлөлт болсон тул олон хүн унтаж  байхдаа нурангинд дарагдсан.  Үүнээс гадна хүйтэн, нойтон цастай байгаа учраас гамшигт нэрвэгдсэн газруудад хүрэх нь улам төвөгтэй болгож байна. Цаг агаар цаашид улам хүйтрэх төлөвтэй байна.

 

ЯАГААД ИЙМ ОЛОН БАРИЛГА НУРСАН БЭ

 

Истанбул дахь Богазичийн их сургуулийн газар хөдлөлтийн инженерчлэлийн профессор Мустафа Эрдик "Энэ төрлийн сүйрлийг хуушуурын нуралт гэж нэрлэдэг. Иймэрхүү  сүйрлийн үед хүний амийг аврах нь хэцүү бөгөөд маш эмгэнэлтэй байдаг. Энэ нь эрэн хайх, аврах багийн ажиллагааг ихээхэн хүндрүүлж байна” гэв. Эрдик CNN-д хэлэхдээ, өргөн тархсан сүйрэл, хог хаягдлын зургаас харахад зураг төсөл, барилгын чанар зэрэг маш олон зүй нөлөөлсөн гэдэг нь тодорхой байна гэжээ.

Мөн USGS-ийн бүтцийн инженер Кишор Жайсвал мягмар гарагт CNN-д хэлэхдээ, Турк улс өнгөрсөн хугацаанд томоохон газар хөдлөлтүүд, тэр дундаа 1999 онд Туркийн баруун өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд 14 мянга гаруй хүн амиа алдаж байсан. Ийм учраас Туркийн олон хэсэгт барилгын төслүүдийг ийм төрлийн үйл явдлыг тэсвэрлэх хэмжээний байхаар дүрэм журам баталсан гэв. Гэхдээ бүх барилгууд Туркийн орчин үеийн газар хөдлөлтийн стандартын дагуу баригдаагүй гэдгийг Жайсвал онцолж байв. Зураг төсөл, барилга байгууламжийн дутагдал, ялангуяа хуучин барилгуудын хувьд хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй болсон гэсэн үг юм. Түүнчлэн Эрдик нурсан барилгуудын ихэнх нь "1999 оноос өмнө баригдсан эсвэл хуучин кодтой" байх магадлалтай гэж үзэж байгаагаа хэлэв.

 

ХҮМҮҮС НУРАНГИ ДОР ХЭР УДААН АМЬДРАХ ВЭ

 

Бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсноос хойш долоо хоног хүртэл амьд үлдэгсдийг олох боломжтой тул барилгын инженер, хүмүүнлэгийн зохицуулагч аврагчдыг итгэл найдвараа алдахгүй байхыг уриалав.  Харин бусад мэргэжилтнүүд газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагааны цонх хаагдаж байгааг анхааруулж байна. Лондоны их сургуулийн коллежийн гамшиг, эрүүл мэндийн профессор Илан Келман хэлэхдээ "Ерөнхийдөө цөөхөн хэдэн хүн 72 цагийн дараа аврагдсан боловч аврагдсан бүх амь нас чухал. Зарим цөөхөн тохиолдолд  олон хоногийн дараа аврагдсан тохиолдол бий. Хүмүүс цус алдалтаар үхэх, бэртэж гэмтэх зэрэг яаралтай эмнэлгийн хэрэгцээний улмаас нас бардаг. Мөн шөнөдөө хүйтний эрч чангарч хүмүүс гипотермиас болон хоол хүнс, усгүйн улмаас нас бардаг” гэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top