Майхан ч үгүй, тусламж ч үгүй I Сиричүүд үнсэнд хаясан шалз шиг орхигджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Газар хөдлөлтийн хохирогчдод тусламж үзүүлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлт Туркт төвлөрч байхад хөрш Сири улсад аврах техникээс авхуулаад эм хэрэгсэл гээд бүхий л зүйл дутагдана. ВВС агентлагийн сурвалжлагч Квентин Соммервиллю тус улсын Идлиб мужид ажилласан тухай сурвалжилгыг хөрвүүлэн хүргэж байна.

Турк, Сирийн хил дээр барьсан майхнууд хоёр улсыг заагласан ханатай шүргэлнэ. Сирийн талд амьдрах хүмүүс арав гаруй жил үргэлжилж буй иргэний дайнаас зугтан орон гэрээ орхигсод. Гэхдээ зарим нэг нь газар хөдлөлтөд орох оронгүй болсон хүмүүс. Сирид гамшиг шил шилээ дагана.

Хил хязгаарыг үл мэдэх газар хөдлөлт тус хоёр улсыг хамарсан. Гэвч аврагчид болон хүмүүнлэгийн тусламжийн цуваа хилийн шалган нэвтрүүлэх цэгийн өмнө зогсох ёстой. Туркийн өмнөд хэсэгт хүнд техникээр “зэвсэглэсэн” олон мянган аврагч, эмч, тусгайлан сургасан ноход амьд үлдэгсдийг хайсаар. Харин Сирийн сөрөг хүчний хяналтад буй баруун хойд хэсэгт энэ бүхэн үгүй. Квентин Антакья хотод дөрөв хоног ажилласны дараа Сирийн хилээр оржээ. Антакьяд амьд үлдэгсдийг аврах, нурангийг цэвэрлэх ажиллагаа асар их дуу, чимээтэй өрнөнө. Шөнөжин түргэн тусламжийн машины дохиог хангинаж, хоногийн 24 цаг газар ухагч машинуудын моторын дуу түчигнэнэ. Харин Сирийн Идлиб мужийн Бсаниа хотын чидуун жимсний төгөл дунд анир чимээгүй байдал ноёрхоно.

Хил орчмын энэ бүс дэх байшингууд саяхан баригджээ. Харин одоо зуу гаруй барилга, байшин овоолсон хог, талаар бужигнах цагаан тос болон хувирчээ. Цагаан өнгийн балгас дундуур явахад саяхныг хүртэл хана байсан хэлтэрхий нүдэнд өртөнө.
 


Ханын цаана ягаан плита бүхий угаалгын өрөө харагдана. Газар хөдлөлт Абу Алагийн гэрийг газрын хөрснөөс арчиж, түүний хоёр хүүхдийнх нь амийг авч оджээ. “Унтлагын өрөө тэнд байсан. Энэ бол миний гэр” хэмээн Абу Ала сурвалжлагчид ярина. “Энд би эхнэр, охины хамтаар унтаж байсан. Түнийг Вала гэдэг байсан. 15 настай. Тэр тагттай ойрхон унтаж байсан. Би охиныхоо цогцсыг олж, оршуулсан” хэмээв. Тэр эхнэртэйгээ амьд үлджээ. Түнэр харанхуйд газар хөдлөлтөд чичирхийлэх дов дээр чидуун жимсний модноос зууран, амьд үлджээ.

Сирийн сөрөг хүчний хяналтын бүсийн “Цагаан дуулга” иргэний хамгааллын хүчин лоом, жоотуугаар нуранги цэвэрлэж, чадах бүхнээ хийсэн. Эдгээр аврагчид Их Британийн Засгийн газраас санхүүжилт авдаг ч орчин үеийн техник, тоног төхөөрөмж үгүй. Абу Ала 13 настай хүүгээ хэрхэн хайсан тухай өгүүлэхдээ тэсэлгүй нулимс унагаав. “Газар хөдлөлт болсны дараах өдрийн үдэш хүртэл ухсаар л байсан. Бурхан энэ хүмүүст хүч хайрлаг. Тэд миний хүүгийн цогцсыг гаргаж авахын тулд тамыг туулсан” хэмээн хоолой зангируулан ярина. Абу Ала хүүгээ эгчийнх нь дэргэд оршуулжээ. Бсаниад тэдэнд их зүйл байсангүй. Гэхдээ орон гэр нь байв. Газар хөдлөлт болохоос өмнө энэ газарт нэг жижигхэн суурин Туркийн хил рүү харсан тагт бүхий орон сууцны барилгуудтай зэрэгцэж байв.
 


Харин одоо түүнд юу ч үлдсэнгүй. “Майхан ч үгүй, тусламж ч үгүй. Юу ч үгүй. Бидэнд бурхны өршөөлөөс өөр юу ч байхгүй. Ямар ч тусламж одоог хүртэл аваагүй” хэмээв.

Сурвалжлагчийг буцахад майхан бий эсэхийг тэр лавлажээ. Гэвч Квентинд өгөх зүйл байсангүй.

Квентин “Цагаан дуулгатнууд”-тай уулзахдаа нэг ч атугай амьд үлдсэн хүн аварна гэж найдсан ч хэт оройтсон байлаа. Аврагч Исмаил аль-Абдуллаа тусламж хүлээн, тэвчээрээ баржээ. Дэлхий дахин Сирийн ард түмнийг үл ойшоохоос тэр залхжээ. Түүний хэлснээр, олон улсын хамтын нийгэмлэгийн гар цусанд хутгалдсан. “Бид 120 цагийн дараа эрлээ зогсоосон. Хүмүүсээ аврахын тулд чадлаараа зүтгэсэн ч хүчин мөхсөдсөн. Биднийг хэн ч сонсоогүй” хэмээв. Түүний ярьснаар, газар хөдлөлт болсон даруйд тэд шуурхай хөдлөхийг уриалж, тусламж гуйсан. Хэн ч хариу өгөөгүй. “Бид та нартай хамт” л гэж хэлсэн. Харин бидэнд тоног төхөөрөмж яаралтай хэрэгтэй байна гэж дахин дахин гуйсан. Хэн ч хариу өгөөгүй” гэж аврагч өгүүлнэ.

Испанийн хэдэн эмчээс өөр Сирийн энэ хэсэгт олон улсын тусламжийн нэг ч баг ирсэнгүй. Туркийн хамгаалалт дор буй энэ жижигхэн хэсэг Башар Асадын дэглэмийг эсэргүүцсээр хэвээр. Энэ хэсгийг өмнө нь “Аль Каида” бүлэглэлтэй холбоотой байсан исламын “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэл хянадаг. Хожим нь тус бүлэглэл “Аль Каида”-тай холбоогоо тасалсан ч ихэнх улсын засгийн газар тус бүлэглэлтэй харьцдаггүй.

Сирид ажиллах хугацаанд ВВС агентлагийн сурвалжилгын багийг зэвсэглэсэн хүмүүс дагалджээ. Нутгийн иргэдтэй ярилцахад тэд холхон зогсож, тэднийг ажиглаж байв.
 


Иргэний дайны 10 жилд Сири улс бүрэн мухардалд оржээ. Энэ бүс нутагт амьдардаг 1.7 сая хүн Асадын дэглэмийг эсэргүүцсээр байгаа. Тэдний ихэнх нь түр хуаран болон саяхан барьсан орон сууцанд амьдардаг. Зарим нь нэг бус удаа нүүхэд хүрсэн. Тиймээс тэдний амьдрал газар хөдлөхөөс ч өмнө маш хүн байжээ. Сирийн энэ хэсэгт хүрэх олон улсын тусламж өчүүхэн. Ихэнх хохирогчдыг Сири, Америкийн эрүүл мэндийн нийгэмлэгийн “Баб аль-Хава” эмнэлэгт хүргэжээ. Мэс засалч Фарук аль-Омарын ярьснаар, гамшиг болсны дараа эмнэлэгт 350 хүн авчирчээ. Гэтэл эмнэлэг ганцхан рентген аппараттай. Олон улсын тусламжийн талаар түүнээс асуухад толгой сэгсэрч, инээнэ. “Бид энэ талаар ярихаа больсон. Бид маш олон удаа тусламж хүссэн ч гайхамшиг болоогүй. Энгийн үед ч хүн хүч дутагдалтай байдаг. Газар хөдлөлтийн дараа ямар байгааг нь төсөөлөөд үз” гэж мэс засалч ярив.

Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн ард түмнийг “үнсэнд хаясан шалз” шиг нэг бус удаа орхиж байсан. Сурвалжлагчийн уулзсан хүмүүс тэднийг үл ойшоодогт дасжээ. Гэсэн ч тэд тусламж ирээгүйд, ирэхгүйд хилэгнэнэ. “НҮБ 14-хөн тэрэг тусламж үзүүлсэн гэхэд итгэмээргүй. Бид юу ч аваагүй. Хүмүүс гудамжинд гарсан” хэмээн оршин суугчид ярина.

Сирид тусламж ирэх мэдээ дуулдах болсон. Гэхдээ бага хэмжээнийх. Хэтэрхий бага, бас хэтэрхий оройтож ирнэ.

Харима хотод олон улсын аврагчид ирээгүй. Нурангийг орон нутгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд өөрсдөө цэвэрлэнэ. Нэг эрэгтэй хоёр хүүгийн хамт автомашины домкратын тусламжтай хүнд хэлтэрхийнүүдийг өргөхийг хичээнэ. Тэд дэлгэсэн хөнжил дээр малын тэжээл овоолно. Сирид хүний амь бусдын адил үнэ цэнтэй ч алдахад амархан.

Үдэш болоход Квентин Туркийн зүг хөдлөв. Хил давангуут түргэн тусламжийн машин, барилгын техникийн түгжрэлд орж, дотоодын болон олон улсын тусламжийн урсгалд төөрнө. Сурвалжлагчийн утсанд Туркийн аврагч 132 цагийн дараа амьд эмэгтэйг аварсан гэх мэдээлэл ирнэ. Харин ард хоцорсон Сирид харанхуй болоход чимээ аниргүй.
 

Туркт аврагчид өдөр, шөнөгүй ажиллана

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.169.121.140) 2023 оны 02 сарын 21

Оросыг дагавал ийм л болно

0  |  0
zochin(185.183.146.12) 2023 оны 02 сарын 15

bbc uneniig helne gej bhgui . oros ,hyatad , india , saudia arab l hamgiin turuund ochsondog . usa , eu bol hudla shuu tiim l ih tuslaya ntr geh geed bgaa bol sanctionoo liftchih 2 nuurtei lalruud..

0  |  0
Зочин(203.221.115.107) 2023 оны 02 сарын 15

Оросыг дагж гүйсэн Сири туслах чорон байхгүй нөгөө Орос нь ч туслахгүй шалзанд хаялаа.

1  |  1
Уншигч(192.82.91.222) 2023 оны 02 сарын 15

Нэг хүн засгийн эрхэнд удах нь ийм л муу үр дагавартай гэдгийн хамгийн муу жишээнүүдийн нэг юм, Башар ассад нь юу бодож сэтгэж байдаг юм бүү мэд ард түмэнтэйгээ тэрсэлдээд хоорондоо байлдаад 2 талд нь дэлхий дахин хуваагдаад л, эцсийн дүндээ Сиричүүд л хохирч үлдэнэ, яг үнэндээ Сиричүүдийн өөрсдийнх нь сонголт, ямар ард түмэн байна тийм л засаглал тогтдог гэдэг нь дэлхийн түүхээс нотлогдож байна, Үүнд оросууд, Путлёр ч бас хамаатай, насаараа ерөнхийлөгч хийлээ, эцсийн дүндээ гитлерийн залгамжлагч л боллоо, улсаараа хоригт орлоо, иргэд нь сэхээтнүүд нь дүрвэлээ, эрчүүд нь үхсээр л бна.

1  |  1
Ринчинболд(124.158.64.50) 2023 оны 02 сарын 15

америкийн үгэнд орж башар асидыг эсэргүүцэх ямар хэрэгтэй юм одоо хохь нь гэж байнашдээ. эртний соёлтой сири улс гэж жигтэйхэн сайхан хот тосгонтой орон байсан. ардчилал нэвтрүүлээд юу болов. өчнөөн хүн үхэж үрэгдэж байдаг америкийн ”ардчилал” вьетнам,ливия,иемени ирак,югослав,кения,нигерия-д цус нулмис үхэл авчирсан элбэгдорж монголд америкийн ардчиллыг чирч ирээд юу г бидэнд идүүлэв ардчилал гэж хуцагчдыг бүгдийг нь буудах л үлдлээ

1  |  2
zochin(64.119.17.125) 2023 оны 02 сарын 15

Сирийн дотоодын салан тусгаарлагчдын зөрчилдөөнөөс болоод олон улсын тусламж очих боломжгүй байгаа, учир нь туслахаар очсон хүмүүсийн аюулгүй байдал баталгаагүй гэсэн

0  |  0
Зочин(66.181.161.247) 2023 оны 02 сарын 14

Харин ийм учраас л Сирид ямаа ч болтугай өгье гэж уриалаад байгаа юм шүү дээ.

0  |  0
Алтан (45.117.35.14) 2023 оны 02 сарын 15

Олныг дагахгүй бол хэн ч үл тооно.

1  |  0
Italiano(192.82.77.110) 2023 оны 02 сарын 14

fk turkey

0  |  0
Орос нь хүртэл (192.82.70.101) 2023 оны 02 сарын 15

Барууныханаас ч илүүгээр хяналтаа тогтоох гэж байдгаараа оролдоод байсан Орос нь хүртэл Сирид биш Туркд 300 аврагч, 20 эмчээ илгээж шогтоод наасан..

1  |  2
zochin(202.179.25.248) 2023 оны 02 сарын 14

muuhai umaa,yalgavarlaad

0  |  0
Top