Истанбулд болох газар хөдлөлт Мраморын тэнгисийн бүс нутгийг бүхэлд хамрах эрсдэлтэй тул нийт 25 сая гаруй хүн амтай хөрш зэргэлдээх 4-5 мужийн оршин суугчид бэлтгэлтэй байх ёстой гэж Истанбул хотын эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Халюк Эйидоган сэрэмжлүүлжээ.
Мраморын тэнгист голомтолсон газар хөдлөлт нь бүс нутгийн хэмжээний гамшиг байдаг. Зөвхөн Истанбул хот төдийгүй Бурса, Чанаккал, Текирдаг, Кожаэли, Ялова зэрэг мужийг хамрах аюултай. Туркийн онцгой байдлын албаны мэдээллээр, лхагва гарагт болсон 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш нийт 266 удаа газар чичирхийлжээ. Эдгээрээс долоо нь 4-5 магнитудын хүчтэй байв. Гамшгийн улмаас 236 хүн бэртэж гэмтсэн ба азаар хүний амь нас үрэгдээгүй байна. Афтершокууд хэдэн долоо хоног үргэлжилж болзошгүйг мэргэжилтнүүд мөн анхааруулжээ.
Мраморын тэнгис дэх Умард Анатолийн хагарлын нэг хэсэг Инстанбул хотын эрэг орчмоор дайран гардаг байна. Истанбул хот болон Мраморын тэнгисийн бүс нутагт долоон магнитудын хүчтэй газар хөдөлж болзошгүйг эрдэмтэд таамаглаж буйг Эйидоган анхааруулжээ. Тус хотын захиргааны тооцооллоор, 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 90 мянган барилга нурж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд 4.5 сая хүнд түр орогнох байр шаардагдана. Даатгалын компаниуд болзошгүй газар хөдлөлтийн хохирол 325 тэрбум ам.долларыг давна гэж тооцоолжээ.
Сэтгэгдэл ( 0 )