Монголчууд цөмийн хаягдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх шинэ төсөлд оролцохоор боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 15

Монголд цөмийн хаягдал булшлах тухай яриа тасрахгүй бололтой. Саяхан цөмийн энергийн Европын комиссоос нэгэн шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь Төв Азийн орнуудад ашигласан ураны орд газруудыг нөхөн сэргээхэд чиглэсэн хяналт, эрх зүйн орчныг бүрдүүлэх төсөл юм байна. Тус бүс нутагт 72 сарын турш үргэлжлэх уг төслийг нийт 2,5 сая еврогоор санхүүжүүлэх ажээ. Үүнд Монгол улс ч хамрагдах юм. Бүсийн хэмжээнд цөмийн аюулгүй байдлыг хангах, ашигласан ураны орд газрыг нөхөн сэргээхтэй холбоотой хууль эрх зүйн шинэ орчин бүрдэх бөгөөд үүнд Монголын тал ураны үйлдвэрлэлийг цаашид эрхлэх хэтийн төлөвтэй тул ийнхүү төсөлд оролцож буй аж. Цацрагийн болон радоны хэмжээг тодорхойлох техникийн боломжийг бүрдүүлэх нь монголчуудын хувьд чухал асуудал болоод байгаа юм. Монголоо төлөөлж манай Цөмийн энергийн газар энэхүү төсөлд оролцохдоо санхүүгийн ямар нэг ачаа үүрэхгүй онцлогтой гэнэ. Цацрагийн хамгаалалт, нөхөн сэргээлт, хяналтын техник тоног төхөөрөмжийг ашиглах түвшинд боловсорсон хүн хэрэгтэй болж байна. Гэхдээ иймэрхүү төслүүдээр дамжуулан дараа нь Монголд цөмийн хаягдал булшлах гайтай шахаа гадаадын улс орнуудаас байнга ирээд байх вий гэсэн болгоомжлол хаа сайгүй байсаар байгаа юм. Францчууд цөмийн хаягдал булшлахдаа сайтар мэргэжсэн улс. Азийн орнуудаас бас Япончууд муугүй суралцсан, туршлагтай. Харамсалтай нь Азийн нэлээд хэдэн газарт далайн эрэг хавилдуу цөмийн хаягдал булсан нь төдийлөн найдвартай бус гэсэн судалгаа бий. Ер нь өнөөдөр дэлхийн олон оронд цөмийн хаягдлаа яах вэ гэсэн асуудал төрийн тэргүүн нарынх нь толгойн өвчин болоод байгаа юм. Гэвч Монголчууд ураны хаягдлаас үүсэх аюулыг сөрж зогсох, техник технологийн чадамжтай болох нь юу юунаас илүү чухал биз ээ.

О.Баяр. Zindaa.mn
Үндэсний чөлөөт мэдээллийн портал     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top