Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мягмар гаригт /2023.02.28/ мэдээлэл хийлээ. Түүнийг “Өглөөний зочин”-оор урьж, ярилцлаа.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх таван багц хуулийг оны өмнөхөн баталсан. Тус нэмэгдэл нь ямар ялгавартай олгогдож байна вэ?
-МҮЭ-ийн холбооноос Сар шинийн баярын өмнө Ерөнхий зөвлөлийн IV хурлаар улс орон, нийгэм, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн өмнө тулгамдаж байгаа тодорхой асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн. Энэхүү хурлаас гарсан санал санаачилга, шаардлагуудыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Бид оны өмнө нийгмийн баялгийг шударгаар хуваарилах, Монголд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж маш бага байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд сарын дундаж цалин 450 орчим доллар дээр эргэлдэж байгаа юм. Энэ нь Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг хангаж чадахгүй байна. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгад оролцсон нийт хүний 80 гаруй хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Иймд УИХ, Засгийн газар цалин, хөлсний асуудалд хайнга хандаж болохгүй. ҮСХ-оос монголчуудын дундаж цалинг нэг сая 590 мянган төгрөг гэж зарлаж байгаа боловч бодит дундаж цалин нэг сая 190 мянган төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, дийлэнх масс нь нэг сая 190 мянган төгрөг авч байна гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуравдугаар сарын 30-ны дотор дахин шинэчлэх шаардлагатай. Тиймээс өнөөдөр МҮЭХ шаардлагаа хүргүүлж байна.
Оны өмнөх цалингийн өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болохоор ялгавартай нэмэгдэл болсон. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Гэхдээ дийлэнх массын цалин маш ялгавартайгаар нэмэгдсэн байна. Тухайлбал, ТЗ-15-аар цалинждаг төрийн өндөр албан тушаалтнуудын цалин 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байхад цэцэрлэг, сургуулийн тогооч, үйлчлэгч, жижүүрийн цалин 40 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. 4-5 дахин ялгаатай цалин нэмэгдэнэ гэдэг бол ялгаварлан гадуурхалт гарцаагүй мөн. Уг нь бол МҮЭХ-оос төрийн байгууллагын бүх ажилчдын цалинг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд 266 тэрбум төгрөг хүрэх юм байна гэсэн тооцоо, судалгаа хийж өгсөн. Боловсрол, соёл урлаг, МСҮТ, шинжлэх ухааны гэх мэт зарим салбарын суурь цалин нэмэгдээгүй. Эдгээр салбаруудын цалинг зайлшгүй нэмэх шаардлага үүсээд буй. Монголчуудын дундаж цалин 2014-2023 он хүртэлх есөн жилийн хугацаанд ердөө 40 доллароор нэмэгдсэн байна. Эх орондоо амьдрах боломжгүй болтол нь хөдөлмөрийн мөлжлөг хийж байна шүү дээ. Шууд хэлье. ЖДҮ үйлдвэрийг хөгжүүлэх сан Хөгжлийн банкнаас авдаг зээлийнхээ 10 хувийг авдаг гэх бичигдээгүй хууль байдаг.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэх шаардлагатай гэж үзэж байна уу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дорвитой нэмэх цаг болсон. Цагийн хөлс нэг ам.доллар байна. Үүнийг жил бүр нэмж 1.5 ам.доллар гэх мэтээр өсгөх саналыг бид тавьж байсан. БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7.7 ам.доллар байдаг. Энэхүү цалин хөлсний үнэлэмжийг дагаад монголоос гадаад руу урсах урсгал нэмэгдэж, Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдахад хүрээд байна. Ажил хийх хүн олдохгүй байгаагаа халамж хавтгайрсантай холбож болохгүй. Үнэндээ тийм их халамж аваад байгаа зүйл байхгүй. Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж болохгүй. Хүүхдийн мөнгөтэй холбоотой санал, гомдлууд ч нэлээдгүй ирсэн. Анх олгож байсан хүүхдийн 100 мянган төгрөг инфляцад идэгдээд одоо 70 мянган төгрөг болсон гэсэн үг. Таван ам бүлтэй айлын нэг хүн ажил хийж, хамгийн багадаа 1.6 сая төгрөгийн цалин авснаар ядуурлын шугамд өрх гэрээ тэжээнэ. Өөрөөр хэлбэл, өрхийн нэг гишүүний орлого 313 мянган төгрөгөөс доош орсон тохиолдолд ХАОАТ аваад хэрэггүй юм. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь өөрөөсөө гадна үр хүүхдээ ч тэжээх боломжгүй мөнгөн дүн. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л өөрийн хэрэглээг арай ядан хангана.
-Одоогийн авч буй цалингаараа байртай болох нь бүү хэл, байрны урьдчилгаа ч бүрдүүлэх боломжгүй байна?
-Бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдаж авна гэдэг нь мөрөөдөл болж байна. Орон сууцны үнэ метр квадрат бүрдээ нэг сая төгрөгөөр нэмэгдсэн. Нэг өрөө байранд орохоор 10 гаруй жил 50 сая төгрөг хураасан залуу өнөөдөр байрандаа орох гэтэл дахиад 50 сая төгрөгөөр нэмэгдчихсэн байна гэж ярьж байна. Хотын төвийн байрууд метр квадрат нь 5-6 сая, хотоос зайдуу нь 2.8-3 сая төгрөг байна. Иймд Засгийн газар хэрэгжүүлж байгаа бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангана гэсэн бодлогынхоо асуудалд анхаарал хандуулаач ээ гэдгийг хэлээд байгаа юм.
-Эдгээр цалингийн нэмэгдлийн эх үүсвэрийг хаанаас олох вэ?
-Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулан хууль бусаар захиран зарцуулсан зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх замаар хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн, Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийж иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах юм. Хулгай, луйвартай холбоотой хэрэгт хууль, хяналтын байгууллагууд удаан ажиллаж байна. Замхруулаад л өнгөрөөх гэсэн зорилготой байна. Энэ асуудлыг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй. Хулгай хийсэн хүмүүс бие биедээ барьцаалагдаад хэдхэн хүнийг ил болгож хөнгөн өнгөрөөж болзошгүй. Хэрвээ авлига, хээл хахуультай холбоотой асуудалд холбоотой хүмүүст хариуцлага тооцохгүй бол МҮЭ-ийн холбооноос тэмцлийн арга хэмжээг өрнүүлэхэд бэлэн.
-Цалин нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өснө гэж иргэд эмээдэг?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд инфляц 30 хувь өсчхөөд байна. Инфляц цалингийн араас хөөж байх ёстой байтал эсрэгээрээ болсон. Хэрвээ инфляц нэг хувьтай байхад цалин нэмэгдүүлбэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Бид УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагадаа “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдлийг хязгаарлах зорилгоор “Үнэ тарифын зөвлөл”-ийг нийгмийн түншлэгч талуудын оролцоотойгоор байгуулж, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үндэсний хэмжээнд боловсруулан хэрэгжүүлэх” гэж оруулсан. Зах зээлийн зарчмаараа үнэ чөлөөтэй байх ёстой. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нийтийн эрх ашгийн төлөө үнэ тариф, эдийн засгийг төр зохицуулна гэж заасан байдаг. Манай улс олигополь зах зээлтэй. Тийм ч учраас хоорондоо хуйвалдаж үнээ тогтоох боломжтой байна. ШӨХТГ ажилладаг ч “шүдгүй арслан” мэт болчхоод байна. Татвар төлөгчдийн мөнгийг Тариалан эрхлэгчдийн сангаар дамжуулан тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл, тусламж олгосон ч үр дүнд нь гурилын үнэ хоёр дахин өслөө. Зах зээлийн зарчмаар явна гэхээр ард түмэн л халааснаасаа төлсөөр байна. Хавар гэхэд бид хэдэн төгрөгийн мах, талх, гурил идэх вэ.
-Тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэйгүй ижилхэн 65 нас болгоно гэж яригдаж байна шүү дээ?
-65 нас гэдэг асуудал дээр бодох зүйл их байна. Япон, АНУ, Скандинавын орнууд 65 насанд тэтгэвэрт гардаг. Гэтэл тухайн улсуудын дундаж наслалт 85-аас дээш. Харин манай улсын хувьд эрчүүд нь 66, эмэгтэйчүүд нь 76. Дунджаар 72. Дээрх улс орнуудаас 10-12 жилээр даруй бага насалж байгаа тохиолдолд тэтгэврийн насыг 65 болгоно гэдэг боломжгүй. Мөн тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгон бууруулах асуудалд МҮЭХ бас эсрэг байр суурьтай байгаа. Сар болгон шударгаар НДШ-ээ төлж байгаа хүмүүс тэтгэврээ маш багаар тогтоолгож хохирох эрсдэлтэй. Харин сайн дураар төлж, сүүлийн таван жил нөхөн төлөх нэрийдлээр өндөр төлсөн хүмүүс өндөр тогтоолгох боломжтой. Тэтгэврийн нас нь дөхөхөөр жил болгон 3000 хүн хамгийн ихээр НДШ-ээ төлж байна. Маш багыг төлөөд маш том шанагаар хутгаж авч буй тогтолцоо, хуулийн цоорхойг засах хэрэгтэй. Жишээлбэл, 2012 онд 16 мянган хүн тэтгэврээ хуурамчаар тогтоолгож авсан. Шударгаар сар бүр цалингаасаа НДШ төлөөд амьдарч байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг бодмоор байна. Мөн тэтгэврийг өвлүүлэх тогтолцоог бий болгож, 70 хувиас доошгүй хэсгийг өв залгамжлагчид өвлүүлэхээр тусгах ёстой. Үүнээс гадна хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөлийн талаарх одоогийн хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалахгүй бол бид бүхэн орон даяар тэмцлийн арга хэмжээ рүү шилжих болно.
-Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцааг ард иргэддээ олгох шаардлага хүргүүлж байгаа юм байна. Энэ талаар яривал?
-Эрдэнэс Таван толгой ХК-ийн 1072 хувьцааны 2021, 2022 оны ногдол ашгийг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор нөхөж олгох хэрэгтэй. Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцааг ард иргэддээ олгох шаардлага маш их ирж байгаа ба МҮЭХ ч үүнийг дэмжиж байна. Бид нар зөвхөн цалингаас цалингийн хооронд амьдрахаас гадна хувьцааныхаа ногдол ашгийг авдаг болсноор төрийн өмчийн ордуудын үйл ажиллагаа, төрийн томилгооны асуудалд ард түмнээрээ хяналт тавьдаг болно. Хувьцааны ногдол ашгаас тогтмол хүртэж, ард түмэн ч хяналт тавьдаг тогтолцоо руу шилжмээр байна. 2024 он хүртэл төмөр зам барихад зарцуулсан, өр зээлтэй гэдэг шалтгаан хэлж хувьцааны ашиг өгөхгүй байна. Бид өрийн дарамтын хэмжээгээр Шри Ланка улсын дараа орж байна. Маш их зээл аваад ирээдүйд сонгуулийн дараа төлнө гэдэг байдлаар хойш тавьсаар цалин хөлс, нийгмийн хамгаалал нь буурч байна.
-Засгийн газар сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу таны бодлоор?
-Энэ удаагийн Засгийн газар авлига, хээл хахуулийг халж, нээлттэй байдлыг бий болгох гэдэг тал дээр улс төрийн эр зориг гаргаж байна гэж харж байна. Харамсалтай нь 30 жил бугшсан асуудлаас гарахад нэлээдгүй хүндрэл, бэрхшээл байгаа юм. Парламентад ард түмний төлөөллөөс байх хэрэгтэй байна. Хууль хяналтын байгууллага хараат бус болох мөн авлигатай тэмцэхэд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Засгийн газрыг супер сайн ажиллаж чадаж байна гэж хэлэхгүй. Гэхдээ олон нийтийг сонсож байгаа байдал, авлигатай зоригтой тэмцэж байгаа байдлыг үнэлнэ. Одоо л авлигатай тэмцэхгүй бол энэ авлига Монгол Улсыг залгина.
-УИХ, Засгийн газарт хүргүүлж буй шаардлагуудаа тодорхой дурдана уу?
-Нэгдүгээрт, Нийгэм, эдийн засаг, цалин хөлсний асуудлаар найман шаардлага хүргүүлж байна. Үүнд,
1. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулан хууль бусаар захиран зарцуулсан зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх замаар хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн, Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийж иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
2. Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын гэрээ байгуулан, ажилтныхаа цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй зээл, тусламж, татварын хөнгөлөлт, төрийн худалдан авалтад давуу эрхтэйгээр оролцох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх.
3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан шинэчлэн тогтоох.
4. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдлийг хязгаарлах зорилгоор “Үнэ тарифын зөвлөл”-ийг нийгмийн түншлэгч талуудын оролцоотойгоор байгуулж, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үндэсний хэмжээнд боловсруулан хэрэгжүүлэх.
5. Хамтын гэрээ, хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бүх түвшинд ҮЭ-үүд санаачилга гарган шинэ нийгмийн гэрээ хэлэлцээрийг байгуулж, эрх зүйн чадамжийг сайжруулах.
6. Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулан, аж ахуйн нэгж байгууллагуудын түвшинд хэрэгжүүлэх.
7. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц нөхцөл байдлыг бүрдүүлж буй гадаад өрийн асуудалд олон улсын хөндлөнгийн шинжээчдээр дүн шинжилгээ хийлгэж, гаргасан дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн шуурхай арга хэмжээ авч ажиллах.
8. Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 хувьцааны 2021, 2022 оны ногдол ашгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөж олгох.
Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын их хуралд өргөн барьж, нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж буйтай холбогдсон асуудал. Үүнд,
-Нийгмийн даатгалын сангийн бие даасан хараат бус тогтвортой байдлыг бэхжүүлж, нийгмийн 3 талт түншлэлд суурилсан засаглалыг эрх тэгш ил тод нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх,
-Ажилтны нэрийн дансны чөлөөт үлдэгдлийг мөнгөжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Байгалийн баялагийн сангаас бүрдүүлэх,
-Олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох, суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлэх,
-Тэтгэврийг өвлүүлэх тогтолцоог бий болгож, 70 хувиас доошгүй хэсгийг өв залгамжлагчид өвлүүлэхээр тусгах,
-Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 60 хувиар бодож тогтоож, үйлчлэх хугацааг хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас эхлэн тооцохоор тусгах,
-Тэтгэврийн насыг одоогийн байгаа түвшинд хэвээр хадгалах, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгох,
-Тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг дараалсан 5 жилийн дунджаар тооцон бодох, зохицуулалт хийх,
-Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр индексжүүлэн нэмэгдүүлэх,
-Хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөлийн талаарх одоогийн хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалах.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n
Энэ хүн хэрэгтэй дэмжмээр зүйл ихийг ярьдагч төр засаг нь огт тоодоггүй