Монгол Улс, Бүгд найрамдах Чех улсын хооронд байгуулагдсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж байна.
Хоёр улсад харилцан ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо.
Одоогийн байдлаар Чехэд 12 мянга гаруй монгол иргэн аж төрж байна.
ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрт хоёр тал 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурсан юм.
Даатгуулагч Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож байж аль нэг талын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох бол энэ асуудлыг хариуцсан хоёр улсын байгууллагад өргөдөл гарган хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжтой. Хэрвээ даатгуулагч Монгол Улсад тэтгэвэр тогтоолгох бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, Бүгд Найрамдах Чех Улсад тэтгэвэр тогтоолгох бол Бүгд Найрамдах Чех Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.
Жишээ нь: Монгол Улсын Иргэн “Д” Монгол Улсын нийгмийн даатгалд 14 жил шимтгэл төлсөн, Бүгд Найрамдах Чех Улсад 21 жил ажиллаж, амьдрахдаа Бүгд Найрамдах Чех Улсын тэтгэврийн даатгалд мөн хамрагдсан гэж үзье.
Хэлэлцээр хэрэгжээгүй цаг үед: Иргэн “Д” нь Монгол Улсын хуулийн дагуу 60 буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ч, өндөр насны тэтгэвэр авахад шимтгэл төлсөн байвал зохих хугацааны доод хязгаар 20 жилийг хангаагүй учир 14 жилдээ ногдох бүрэн бус хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Хэрэв “Д”-ийн Монгол Улсад шимтгэл төлсөн хугацаа 10 жилээс доош байвал нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр: Иргэн “Д” нь Бүгд Найрамдах Чех Улс болон Монгол Улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн нийт 35 болгон тооцуулж, хоёр орноос тэтгэвэр тогтоолгон авах эрх үүснэ.
1. Иргэн “Д” нь тэтгэврийн нас болон шимтгэл төлсөн хугацааны аль алины хувьд Монгол Улсын хуульд заасан шаардлагыг хангаж буй учир өргөдлөө гаргаж Монгол Улсад өндөр насны тэтгэврээ эхлээд тогтоолгоно. Монгол улсын Нийгмийн даатгалын байгууллага “Д”-ийн 35 жил шимтгэл төлсөн хугацаанд авах тэтгэврийг Монгол Улсад авч байсан цалин хөлснөөс ньбодож, түүнээсээ 14 жилд ногдох хэсгийг монголын тэтгэврийн даатгалын сангаас сар бүр олгоно.
2. Бүгд Найрамдах Чех Улсын хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нас эмэгтэй 57 нас, эрэгтэй 60 нас, шимтгэл төлбөл зохих хугацааны доод хязгаар 2010 он хүртэл тэтгэвэр тогтоолгосон иргэдийн ажилласан хугацаа 25 жил байсан бол одоо 35 жил ажиллаж байж тэтгэвэр тогтоох учир “Д” нь насны хувьд тус улсын хуулийн шаардлагыг хангаж байна. Иймээс иргэн “Д” нь Бүгд Найрамдах Чех Улсын талд өргөдөл гаргаснаар Чех улсын талаас 35 жил шимтгэл төлсөн хугацаанд авах тэтгэврийг тус улсад авч байсан цалин хөлснөөс нь бодож, түүнээсээ тус улсад шимтгэл төлсөн 21 жилд ногдох тэтгэврийг Чех Улсын тэтгэврийн сангаас “Д”-д сар бүр шилжүүлэн олгоно.
Дараах төрлийн тэтгэврийг Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
Монгол Улсын тухайд:
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийн;
- Тэтгэврийн даатгалын сан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэврийн;
Бүгд Найрамдах Чех Улсын тухайд:
- Тэтгэврийн даатгалаас олгох тэтгэврийн;
- Нийгмийн даатгалын шимтгэл болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой төрийн бодлого, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийн тухай.
Сэтгэгдэл ( 4 )
Chehid zaaval 21jilajilsan baih iostoi uym uu.
Mongoldoo 20 jil ajilsan hynn .Chehid 15 jil ajilsan bol boloh uu.
Ehleed Mongoldoo ajilsan jilee togtoolgood.Ernu bol niit ajilsan jil 35 boloh iostoi uym uu.
Ehleed Mongoldoo ajilsan jilee togtoolgood.Ernu bol niit ajilsan jil 35 boloh iostoi uym uu.