ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр салхин цэцэг өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2023.03.07) дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "ХӨСҮТ-өөс халдварт өвчний хам шинжүүд дээр байнгын тандалтыг хийж байдаг. Энэ тандалтыг авч үзэхэд амьсгалын замын халдварын тандалтыг цочмог халууралт, тууралтад хам шинж, цочмог халууралт цэврүүт тууралтад хам шинж гэсэн 2 хам шинжээр тандалт хийдэг. Эдгээр тандалтаас авч үзэхэд аль аль нь өмнөх таван жилийн дундаж босго үзүүлэлтээс даваагүй. Гэсэн хэдий ч харьцангуй өнгөрсөн 2 онтой ижил түвшинд байна.
Салхин цэцэг өвчний хувьд 2019-2021 онтой харьцуулахад 2022, 2023 онд өвчлөл нь харьцангуй нэмэгдэж байгаа. Гэвч энэ нь цар тахлаас өмнөх үеийн өвчлөлийн дундаж босго үзүүлэлтийн түвшинд байна.
2022 онд ХӨСҮТ-ийн хувьд “салхин цэцэг” гэдэг оношоор 675 хүн хэвтэн эмчлэгдсэн. Харин он гараад эхний гурван сарын байдлаар 300 хүн “салхин цэцэг” оноштой хэвтэж эмчлэгдсэн байна.
Амьсгалын замын халдварт өвчин гэж ярьж байгаа энэ өвчлөлтүүдийн голлох шалтгаан бол одоогийн байдлаар нэгдүгээрт томуу, томуу төст өвчин, хоёрдугаарт салхин цэцэг өвчин явж байна.
Салхин цэцэг өвчний хувьд хэдийгээр босго үзүүлэлт даваагүй ч өмнөх онтой харьцуулахад өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа учраас ард иргэд халдвар хамгааллын тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.
Нэгэнт хүүхэд тань халуурч байгаа, ямар нэг хэмжээгээр тууралт гарч байгаа бол үүнийг халдварт өвчин байх боломжтой гэдэг үүднээс сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх, яаралтай бол эмчид үзүүлж яг энэ өвчний шалтгааныг тогтоолгох, хэрвээ магадгүй салхин цэцэг юм уу тууралтад халдварт өвчтэй байвал тухайн өвчний халдвар хугацааны туршид хүүхдээ олон нийтийн газар явуулахгүй, гэртээ тусгаарлах, мөн бусад хүүхдээ салхин цэцэгтэй хүүхэдтэй хамт байсан гэсэн өгүүлэмжийг эрүүл мэндийн байгууллага, сургууль цэцэрлэгтээ мэдэгдэж байх нь чухал.
Ингэснээр бид салхин цэцэг болоод амьсгалын замын бусад халдварыг нэмж тархаахгүй, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )