Гэм хийгээгүй байж өөрөө огцордог Япон сайд, Гэмтэн мөртлөө намынхаа өмгөөлөлд үлддэг Монгол сайдын ялгаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

Японд өнгөрөгч 3 дугаар сард газар хөдлөлт, далайн шуургын улмаас олон мянган хүн амь үрэгдэж, орох оронгүй болсон билээ. Энэ үеэр мөн “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад гэмтэл гарч, цацрагийн аюул нүүрлэх болсон юм. Одоогийн байдлаар тус станцын ойролцоо амьдарч байсан хүүхдүүдийн 45 хувийнх нь бамбай булчирхай цацраг идэвхт бодист хордсон нь тогтоогдоод байна. Гэвч Японы цөмийн аюулгүй байдлын комисс “Цацраг идэвхжилтийн хэмжээ хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц түвшинд хүрээгүй” хэмээн мэдэгдсээр байгаа юм. Фүкүшима орчимд цацраг идэвхжилтийн хамгийн өндөр түвшин нь цагт 0,1 микрозиверид хүрээд байгаа ажээ. Ойрын үед япончууд цөмийн 54 реактортаа шалгалт хийх юм байна. Энэхүү гамшгийн дараахан Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт хийж Сэргээн босголтын сайд хэмээх албан тушаалыг шинээр бий болгосон. Уг албан тушаалд томилогдоод ес хонож байсан Риү Мацомото “Би Ерөнхий сайд Наото Канд огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн” гэлээ.  Японы Тохокү бүсэд болсон гамшгийн хор уршгийг бүрэн арилгаж чадаагүйн улмаас Засгийн газар, ялангуяа Сэргээн босголтын сайд нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм. Сайд Риү Мацомото огцрох тухайгаа мэдэгдсэний дараа “Би цунами болон газар хөдлөлтийн хохирлыг арилгах ажилд үргэлжлүүлэн оролцох болно. Ажлаа орхиж байгаа явдал маань гамшгийн дараах сэргээн босголтын ажлаас холдож, хөндийрч байгаа хэрэг биш” гэжээ. Тэрээр улс орныхоо төлөө өөрийн гэсэн бодолтой, заавал сайдын суудалд шигдээд байхыг хүсээгүй нэгэн бололтой. Тэгвэл манай эрхмүүд ямархуу царайтай байгаа билээ дээ. Сайдын суудлаа л алдвал эрэг дээр хаягдсан загас шиг амь тавьчих шахуу юм болж байна. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг хоёр ч удаа огцруулах гэж хэсэг гишүүд УИХ-д санал оруулаад бүтээгүй. Д.Зоригтыг буруутгах арав гаруй үндэслэл байсан гэж шүүмжлэгчид нь одоо ч итгэлтэй хэлж байна. Оюу толгойн гэрээг ашиггүйгээр хийсэн, ингэснийхээ төлөө канадчуудаас нэлээд хэмжээний авлига авсан байх магадлалтай гэдэг. Оросуудаас авах нефтийн бүтээгдэхүүн, шатахуун, дизель түлшийг урьдчилан тооцоолж зохих хэмжээнд нөөцлөөгүй, нөөцлөх нь бүү хэл нөөцийн сав, агуулахынхаа асуудлыг шийдэж чадаагүй байсан болон шатахуун импортлогч дотоодын компаниудынхаа эрхшээлд автаж, үнийн зохиомол хөөрөгдлийг бий болгосон гэх зэргээр яриад байвал зөндөө их но-той юм бий. Харамсалтай нь МАН-ынхан УИХ-д олонхи тул Д.Зоригтыг хамгаалсаар авч үлдсэн. Жирийн иргэд маань харин бүтэлгүй сайдын тарыг таньчихсан болохоор МАН руу нулимж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцлага тооцвол зохих хүнтэйгээ асуудлыг шударгаар ярьж шийдэж чадаагүйнх нь төлөө МАН-д муу дүн тавьж эхэлсэн нь бодит үнэн.  Нөгөөтэйгүүр эртний самуурайн ёс жудгаар хүмүүжсэн Японы сайд хариуцлагаа ухамсарлаад өөрийн санаачлагаар албан тушаалаа өгсөн ч гамшгийг арилгахад биечлэн оролцоно гэж байна. Энэ бол жирийн нэг эх оронч иргэний гаргах л ёстой идэвхи чармайлт шүү дээ. Харин Монгол сайд маань мод, чулуун хөшөө шиг дүнхийсээр суудалдаа үлдэж байна. Үүнийг Япон, Монгол хоёр улсын иргэншлийн ялгаа, мөн хариуцлагаа ухамсарлах оюуны буюу билгийн чадамжийн ялгаа гэж хэлж болох юмуу даа, хөөрхий.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр. Zindaa.mn

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top