МИАТ-ыг бойкотолсон Солонгосчуудад Монгол дахь компаниудыг нь хааж хариу барих юмуу?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

Байгалийн асар их баялгийнхаа үр шимийг хүртэхээс урьтаад гадаадынхны элдэв шахалт хавчлагад өртөж эхлэв бололтой, монголчууд маань. Хойноос Орос “ах” нар шатахуунаа хааж, урдаас Хятад андууд нүүрс, ноолуур хямд үнээр “цохиж” авна. Тэгж байтал Солонгосчууд агаарын замд тээг тавьж орхилоо. МИАТ-ын Улаанбаатар-Сөүл чиглэлийн зуны цагийн нэмэлт нислэгийг өнгөрөгч 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хаав. Уг нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монголын МИАТ, Солонгосын “Кореан Эйр” компаниуд эн тэнцүүхэн эрхтэйгээр иргэний агаарын тээврээ хийж ирсэн. Гэтэл Солонгосын талаас МИАТ-ын нэмэлт нислэг хийх зөвшөөрлийг өгсөнгүй. Ер нь урьд нь ч нэмэлт нислэгийг гуйлган байж өгдөг байжээ. Энэ удаа харин тэд арай өөр зорилготой байх шиг байна. “Асиана” гэдэг компанид манай энэ чиглэлийн нэмэлт нислэгийн хуваарийг гардуулахаар ярьж тохирсон гэнэ. Энэ нь Солонгосчуудад илүү унацтай бизнес юм болов уу даа. Гэхдээ Засгийн газар хоорондын гэрээг зөрчин Монголын агаарын тээврийн орон зайг эзэгнэх нь нэг л ойлгомжгүй явдал болж байна. Ухаандаа тэд өөр бусад сонирхолоо гүйцэлдүүлэхийн тулд иймэрхүү байдлаар шахалт үзүүлж байх шиг ээ.  Таван толгой болон манай стратегийн бусад ордыг эзэмшихэд Солонгосын тал оролцохыг туйлаас хүсч байгаа. Таван толгойд тэд саналаа өгч байсан. Харамсалтай нь компаниудын шалгаруулалтанд багтаж чадаагүй. Үүндээ хорсож буй хэрэг үү. Арай ч үгүй байлгүй дээ. Барилга, газар тариалангийн болон өөр их олон чиглэлээр Солонгосчууд Монголд орж ирээд баяжиж байна. Дорнодын талд тэд их хэмжээний газар түрээсээр ашиглах болсон. Улаанбаатарт ч зөндөө олон компаниуд нь үйл ажиллагаагаа явуулж байгаа юм биш үү. Ер нь аль алиныхаа эрх ашгийг хүндэтгэж, тэгш харилцдаг зарчмаасаа монголчууд лав ухраагүй. Таван толгойд Солонгосчууд орж ажиллаж чадаагүй ч гэсэн бусад уул уурхайн ордууд нээлттэй байгаа шүү дээ. Ном журмынхаа дагуу гэрээ, хөрөнгө оруулалт гэх мэт тоглолтын дүрмээ тохирч чадаад, технологийн дэвшлээр ажил, асуудлыг шийдэж л байвал болох нь тэр. Энэ бол зах зээлийн жам ёсны зүйл. Харин хэн хэндээ хуншгүй зан гаргавал хариуцлагаа хүлээх учиртай. Одоо тэгээд МИАТ-ын нэмэлт нислэгийг хаасных нь хариуд Солонгосоос Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нь бид бас хаагаад, дарамтлаад эхлэх үү. Арай дэндэх байх. Орос, Хятад хоёр мөнхийн хөрштэйгөө сайтаж, муутсаар ойлголцдог шигээ Солонгосчуудтай учраа олж л таарах байх. Гэвч хэзээ вэ гэдэг нь одоогоор бүрхэг хэвээрээ байна.     

Х.Тулга. Zindaa.mn

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top