Эрүүл мэндийн яам хүн амын дунд зонхилон тохиолдох сэргийлэх, эрүүл, идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аюулгүй ажлын байр орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2023 оны туршид зургаан чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү үйл ажиллагааны эхний арга хэмжээ болох эрүүл зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар илүүдэл жин, таргалалтыг бууруулах “Энэ жилдээ эрүүл жиндээ” арга хэмжээг үндэсний хэмжээнд өнөөдөр /2023.03.02/-өөс эхлүүллээ.
Аяныг нээж хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын бичиг баримт, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийг арга хэмжээг 2022 оны тавдугаар сараас эхлүүлэн өнөөдрийн байдлаар 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 мянга гаруй хүнийг хамруулаад байна. Эрт илрүүлэгт хамрагдсан эдгээр хүн дээр судалгааны баг гарч, эхний дата судалгаанууд хийгдэж, урьдчилсан үр дүнгүүд гарсан.
Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтэн, амьсгал, зүрх судас, шээс бэлгийн тогтолцоо, дотоод шүүрлийн шүүрлийн тэжээлийн болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байна.
0-17 насны хүүхдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчлөл илэрсэн. Энэ нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж, хоёрт хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд зонхилж байна.
Манай Улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдварт бус өвчнүүд, түүн дотроо зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлж байгаа нь хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж, эдгээр өвчнөөр нас барсан хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Халдварт бус өвчнийг үүсгэх хүчин зүйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг болж байна. Эдгээр нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тосны хэвийн бус агууламж, цусан дахь сахарын хэмжээ ихсэх зэрэг завсрын хүчин зүйлийн байдлаар илэрч, улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байна.
Халдварт бус өвчний тархалтын дөрөвдүгээр судалгаагаар 15-69 насны нийт хүн амын 5 хүн тутмын нэг нь халдварт бус өвчний гурав ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь нь дөнгөж 3.9 хувь байна.” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Утаа униар, тоос шороо, өмхий самхай, ядуурал, өлсгөлөн хамаагүй юу ? Эргүү данхар толгойтой..