Дэлхийн хүн амын 25 гаруй хувь цэвэр ундны ус хэрэглэх боломжгүй байна гэж НҮБ мэдээлжээ. Түүнчлэн, манай гарагийн нийт хүн амын 47 хувь эрүүл ахуйн үйлчилгээ хүртэх боломжгүй байна. Сүүлийн 40 жилд дэлхий дахинд усны хэрэглээ жилд нэг хувиар нэмэгдэж байсан ба цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.
Дэлхийн хэмжээнд цэвэр ундны ус, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг хангах нь 2015 онд НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг. Улс төрийн хүсэл зориг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлаас үзвэл энэхүү зорилтод 2030 он гэхэд хүрч чадахгүйг НҮБ-ын тайланд анхааруулжээ. Энэ байдал үргэлжилсээр байвал Сахарын өмнөд Африкийн хүн амын 37 хувь л 2030 он гэхэд аюулгүй ундны усны хүртээмжтэй болно. Цэвэр усны хүртээмж баян орнуудад мөн тэгш бус байна.
Олон улсын “WaterAid” байгууллагаас явуулсан судалгаанаас үзвэл, 2030 он гэхэд дэлхийн бүх хүн цэвэр ус, эрүүл ахуйн үйлчилгээг хүртэх боломжтой болгохын тулд жилд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 200 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )