Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг судалгаа харуулж байна. Томоохон далангуудын усны урсцыг зохицуулах нь олон улсад хурцадмал байдал хүртэл үүсгэх шалтгаан болоод байгаа билээ. Хэрэв улстөрчид эрдэмтдийн үгийг сонсвол мөргөлдөөнөөс зайлсхийх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Хүн төрөлхтний усны хэрэглээ өссөөр. Нэгт, манай гарагийн хүн ам өсөн нэмэгдэж байна. Хоёрт, амьдралын түвшин дээшлэхийн хэрээр хүмүүс хүнсний арви гамгүй хэрэглээний загварт шилжиж байна. Хөдөө аж ахуйн салбарт цэвэр усны 70 хувийг хэрэглэдэг. Цэвэр усны 20 хувийг хэрэглэдэг аж үйлдвэрлэл хөгжиж байна. Ахуйн хэрэглээнд цэвэр усны 12 хувийг ашигладаг хэдий ч бүрэн хүрэлцдэггүй. НҮБ-ын мэдээллээр, 2022 онд 2.2 тэрбум хүн цэвэр, аюулгүй ус хэрэглэх боломжгүй байжээ.

Саяхны судалгаанаас үзвэл, цэвэр усны эрэлттэй зэрэгцэн нийлүүлэлт багасаж байна. Манай гарагийн цэнгэг усны нөөц буурч байгаа аж.

Аяга дүүрэн биш

“Surveys in Geophysics” сэтгүүлд бичсэнээр, 2002-2023 оны хооронд гадаргын усны нөөцийн судалгааг хиймэл дагуулаас авсан мэдээллийн тусламжтай судалжээ. Судалгаанд нуур цөөрмийн ус, хөрсний ус, улирлын цас зэргийг багтаасан байна. Харин туйлын болон уулын мөсөн голуудыг оруулаагүй байна.

Хэмжилтээс үзвэл, 2014-2016 оны хооронд цэнгэг усны нөөц огцом багассан бол 2023 он гэхэд сэргээгдээгүй байжээ. Гадаргын усны нөөцийн дундаж хэмжээ 2002-2014 оны үзүүлэлттэй харьцуулахад 2015-2023 оны хооронд 1200 куб метрээр бага байсан байна. Эрдэмтдийн хийсэн судалгаа хиймэл дагуулуудаас авсан мэдээлэлтэй тохирчээ. Дэлхий даяар өрөмдсөн 170 мянган цооногт хэмжилт хийхэд хөрсний усны түвшин буурсан байна.

Гэсэн хэдий ч түгшүүрийн хэнгэрэг дэлдэх арай эрт аж. Дутагдаж буй 1200 куб метр ус гэдэг нь нуур цөөрмийн цэнгэг усны дөнгөж нэг хувьтай тэнцэнэ. Үүнд хөрсний усыг тооцоолоогүй. Дээрээс нь энэ нь өөрчлөгдөн буй уур амьсгалын тохиолдлын ааш маяг уу эсвэл ирээдүйн чиг хандлага уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Нил мөрнийг татах нь

Усны нөөцийг хуваарилах нь хялбар бус ажил гэдгийг Хойд Африк дахь нөхцөл байдал илхэн харуулж байна. Тус бүс нутгийн усны гол судас нь Нил мөрөн. 2011 онд Этиопын эрх баригчид тус мөрний хамгийн том цутгалан болох Хөх Нил дээр Этиопын их сэргэлтийн далангийн барилгын ажлыг эхлүүлсэн. Далангийн зориулалт нь усан цахилгаан станцын усан хангамжийг шийдэж, улмаар Этиопын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх явдал юм. 2020 онд усан санг дүүргэх ажил эхэлж, 2022 онд эхний генераторыг ашиглалтад оруулжээ. Эл мега төслийг хэрэгжүүлэх жинтэй шалтгаан байсан. Этиопын хүн амын дөнгөж 45 хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагджээ. Энэ нь Африкийн орнууд дундаа хамгийн доогуур үзүүлэлтүүдийн нэг юм.

Гэвч 74 тэрбум куб метр эзлэхүүн бүхий усан сангийн барилга Египет болон Суданы сэтгэлийг түгшээхгүй байхын асуудал байв. Урсгал дагуу байрладаг эдгээр орны хувьд Нил мөрөн бол цэнгэг усны гол эх үүсвэр. Ингэхдээ Египет улсад Африк тивдээ хамгийн томд тооцогддог 163 тэрбум куб метр багтаамжтай Асуаны усан цахилгаан станц ажилладаг. Эл хоёр аварга том усан сангийн ажиллагааны горим Нил мөрний усны урсцыг тодорхойлдог. Зөвхөн харилцан зохицуулалт хийснээр ухаалгаар ашиглах боломжтой.

Улмаар талууд их болон дунд хэмжээний хур тунадастай жилүүдэд усан санг хэрхэн удирдах талаар тохиролцоонд хүрч байжээ. Харин маргаан дэгдээсэн асуудал нь удаан үргэлжилсэн ган гачигтай жилүүдэд хэрхэх асуудал байв. Египет, Этиоп хоёр одоогоор урт хугацаанд үргэлжлэх ган гачиг гэдгийг хэрхэн тодорхойлох тал дээр ч тохиролцож чадаагүй л байна. 2020 онд АНУ болон Дэлхийн банкны зуучлалаар явуулсан хэлэлцээ юунд ч хүрээгүй.

Дэлхийн дулаарал түгшүүрийн бас нэг шалтаг болоод байна. Уур амьсгал судлаачид дэлхийн дулаарал манай гараг, тэр дундаа Хойд Африкийн хур тунадасны хэмжээнд хэрхэн нөлөөлөх тал дээр санал зөрөлдсөн хэвээр. Зарим судлаачид ган гачиг, үер зэрэг гамшигт үзэгдлүүд нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа.

Нил мөрнийг тойрсон ашиг сонирхлыг зөрчлийг шийдэх ухаалаг гарц бий гэж эрдэмтэд үзэж байна. “Communications Earth & Environment” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажилд АНУ, Египет, Бельгийн шинжээчид гидрологийн үүднээс асуудалд ханджээ. 1900-2002 оны хооронд авсан Нил мөрний урсцын талаарх мэдээлэл дээр үндэслэн эрдэмтэд янз бүрийн хэмжээний хур тунадастай үеийн нөхцөл байдал, тэр дундаа усан сангуудын ажиллагааны горимын загварчлалыг боловсруулан гаргасан байна. Үүний дүнд эрдэмтэд урт хугацааны ган гачгийг тодорхойлох шинэ хэмжүүрийг боловсруулжээ. Улмаар Асуаны усан сангийн усны хэмжээ 78 тэрбум куб метрээс доош орохыг урт хугацааны ган гачиг хэмээн үзэхээр тогтсон байна. ҮҮнтэй зэрэгцэн эрдэмтэд мөн гамшгийн үр дагаврыг бууруулах долоон аргыг боловсруулжээ. Эрдэмтдийн тооцоолсноор, цогц арга хэмжээ авснаар урт хугацааны ган гачгийн үед ч гэсэн Этиопын усан цахилгаан станцыг 87 хувийн ажиллагааг хангах боломжтой бөгөөд ингэхдээ Нил мөрний доод хэсэгт усны хомтсол үүсгэхээс зайлсхийх боломжтой гэнэ. Харин эдгээр улсын засгийн газар эрдэмтдийн үгийг сонсох эсэхийг цаг хугацаа харуулна.

Газрын давс

Хойд Африкийн орнууд Нилийн урсцын асуудлыг шийдэж байх хооронд эрдэмтэд бүх тив, гэхдээ эрэг орчмын бүс нутагт цэвэр усны хомстол үүсгэх асуудлыг гаргаж тавиад байна. Энэ нь тэнгисийн усны цөмрөлт аж.

Тэнгисийн ёроол газрын гадаргаас нэлээн доор байрладаг тул тэнгисийн болон хөрсний усны даралт өөр хоорондоо “тэмцэлд” ордог байна. Хэрэв тэнгисийн усны даралт их байвал тэнгисийн ус эргээс багагүй зайд хөрсөн дор тархдаг байна. Үүнийг цөмрөлт гэдэг.

Хөрсний ус ч давстай байх нь бий. Гэхдээ гол төлөв цэнгэг байдаг. Хөрсний усыг хэрэглээ, усжуулалт болон хөдөө аж ахуйн бусад хэрэгцээнд ашигладаг. Тиймээс тэнгисийн усны цөмрөлт нь эрэг орчмын бүс нутгийн оршин суугчдыг ундны усгүй болгох аюултай.

“Geophysical Research Letters” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажилд 2100 онд тэнгисийн усны цөмрөлт хаана болохыг таамагласан байна. Ингэхдээ судлаачид дэлхийн дулааралтай холбоотой хоёр хүчин зүйлийг авч үзжээ. Нэгдүгээрт, мөс хайлсны улмаас далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж буй. Хоёрдугаарт, хөрсний усыг тэжээдэг хур тунадасны хэмжээ өөрчлөгдөж байна. Чингэхдээ судлаачид өргөргийн 60-р параллелиас дооших буюу мөнхийн цэвдэг болон хөвөгч мөсгүй бүс нутгуудыг судалгаандаа хамруулжээ.

Далай, тэнгисийн усны түвшин дэлхий дахинд нэмэгдэж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Зөвхөн энэ хүчин зүйлийг авч үзвэл энэ зууны сүүл гэхэд эрэг орчмын бүс нутгуудын 82 хувь усны цөмрөлттэй нүүр тулна. Тэнгийн ус эргээс хэр гүн рүү түрж орох вэ? Эрдэмтэд дунджаар 64 м гэж үзэж байна.

Харин хур тунадасны хэмжээг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байдгаас гадна тухайн бүс нутгаас ихээхэн шалтгаалдаг байна. Эрдэмтдийн боловсруулсан загвараас үзвэл хур тунадасны хэмжээний өөрчлөлтийг харгалзан үзвэл эрэг орчмын бүс нутгуудын 77 хувь усны цөмрөлтөд өртөнө. Тэнгис хөрсний уснаас эргээс 210 метр газрыг булаан авна. Зүүн өмнөд Ази зэрэг нам дор байрладаг бүс нутгуудад үр дагавар нь мэдэгдэхүйц байна. Хүн ам суурьшсан тивүүдийн эргийн шугамын уртын тооцвол олон зуун мянган кв км газар нутгийг хөндөж байна. Үүний багагүй хэсэг ядуу болон хүн ам шигүү суурьшсан орнуудад ногдож байгаа тул асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байх болно.

Тэгвэл цэнгэг усны төлөө дайн дэгдэх үү? Үгүйсгэх аргагүй. Ялангуяа хуурай бүс нутгуудад. Гэхдээ ус нь дайн дэгдээх шалтгаан болсон газрын тос биш. Бохир усыг цэвэршүүлж болно. Давстай усыг мөн л цэвэршүүлж, цэнгэг ус гаргаж болно. Усны хэрэглээг илүү ухамсартай, хэмнэлттэй болгох олон арга бий. Шийдэл нь технологи, саруул ухаан, хүсэл зориг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top