Аль хар бага наснаас эчнээ танил болсон Арлын Япон хэмээх орныг зорин нисэв ээ. Аялал жуулчлал гэдэг холыг ойртуулж, хотлыг уулзуулдаг сонин сайхан үйл ажиллагааны буянаар, ба үр хүүхдийнхээ хайр халамж, ачлал буянаар гуравдугаар сарын 20-доор алс дорно зүг тийш зорчин яваа минь энэ болой. Буянт-Ухаагийн буудлаас хөөрөөд хоёр цаг гаруй яваад харахнаа тэртээ доор нэг л их цэлийсэн ус! Нөгөөх алдартай Япон тэнгис нь тэр ажээ. Бойнг хөлөг гэгч бодлоос ч хурдан бололтой. Арван нэгэн мянган метрийн өндрөөс битүү цагаан үүл, манан завсраар нь бөөн бөөн үүл, тэрнээс чанагш уул ус... гээд харахлаар газар дэлхий минь даан чиг уудам баян, энэхүү орчлон аугаа дэлгэр ажгуу.
Их тэнгис дундуур аварга цагаан загас шиг усан онгоц цагаан зураа татуулан хурдлах авай. Дээр бол үүлгүй хөх тэнгэр хязгаар алдран мэлтийнэ. Үүлэн зайгаар тэртээ доор асар том орон хот харагдах төдий. Хэчнээн ч уул ус, хэчнээн ч орон хот өнгөрч байгааг яахан тоолж бархав. Юм үзээгүй ядруухан жуулчны ухаан бодолд багтамгүй нь гайхам. Дөрвөн цаг нисээд л Токио хотод газарддаг юм байна. Аялалын хөтөлбөр гар дээр, зуучлагч орчуулагч хажууд, алийг нь ярьж барах билээ. Энэ зуунд хөгжлийн түвшнээрээ цойлж яваа их Наран улсад үзэж харснаа хураангуйлан өгүүлсүгэй. Явсан газрынхаа сониныг дуулгадаг монгол заншил байдаг даа. Юм үзэж, нүд тайлсан хүнд бол нэг их сонин байхгүй биз. Гэвч олонх уншигчдадаа явсан газрынхаа талаар цөөн үгийг хүргэмээр санагдаад ийнхүү бичиглэж сууна аа би.
ТЭНГЭРИЙН МОД
Токио хотын зурагтын цамхгийг “Тэнгэрийн мод” хэмээн нэрлэдэг ажгуу. Үнэхээр ч тэнгэр мөрлөж боссон асар өндөр болоод хүрлэг цамхаг байна. Дэлхийд тэргүүн байранд ордог өндөртэй энэхүү цамхаг 634 метр өндөр, 2012 онд нээгджээ. Хоёр жилийн турш баригдсан түүхтэй гэнэ. Цахилгаан шатаар нэг удаагийн ээлжинд 20 гаруй хүн хэдхэн секундын дотор шуугиулаад л дээшээ сүнхийчих нь сонин. Дотор эвгүйрэв, толгой эргэв гэх хүн огт гарсангүй. Нэг их сүрдээд ч байх юм алга.
Цамхгаас Токио хотыг бүтэн харж болж байна. Мөн ч том нүсэр бөгөөд гоёмсог хот юм аа. Дөрвөн зүг, найман зовхис нь ив илхэн, тов тодхон харагдах аж. Гуч, дөчин давхар барилгууд өрсөлдөх мэт тэнгэрт цоройн сүндэрлээд, түмэн машин тэрэг, буман хүн сүлжилдээд, чухам л “өнгө, гэрлийн хувилгаан” гэгч энэ болой. Аргагүй л том хот юм аа. Токио нь 13 дүүрэгтэй, 10 гаруй сая хүнтэй аж. “Тэнгэрийн мод”-оор дээш, доош аялж байхуйд тэртээ доор хоёр том гол харагдах юмаа. Аракава, Сүмида гэдэг нэртэй аж. Энэ өргөн голоор усан онгоц, дарвуулт завь хойш урагш сүлжилдэнэ.
ДЕЛЬФИНИЙ ТОГЛОЛТ
Далайн гахай буюу дельфин гэгч нь хөгжилтэй агаад ухаалаг, бас хөөрхөн золиг байна шүү. 20 гаруй метр голчтой дугуй усан сан дотор элдэв янзын үзүүлбэр тоглолт үзүүлж байна. Баримжаалахад мянга орчим үзэгч сонирхов.
Таван дельфин тоглож байнаа. Уснаас дээш хоёр, гурван метрт үсрэн гарч ирээд агаарт эргэлдэх юм. Дээрээс унжсан гоёмсог бөмбөлгийг хошуугаараа цохиж байна. Тэр бүү хэл нуруун дээрээ хүн суулгаад хурдалж байснаа гэнэт “бухан булгиж” байгаа мэт нөгөө хүнээ тэртээ дээш нь шидчих юм. Сэлүүрээрээ ус цацан хавийн (хамгийн урд гурван эгнээний) хүмүүсийг усаар шүршчих юм. Далайн давстай гашуун ус ч амтагдаж байлаа. Дельфинүүд хөөрхөн юмаа, хүмүүс алга ташин хашхиралдах бүр улам ч хурдлан сэлж, дээш цоройн гарч ирэх юм. Бүжиглэж, ёсолж, янз бүрээр эргэлдэн цовхрох юм. Тоглуулагч эзнээсээ хишиг хүртэх юм. Лавтайяа 4-5 метр үсэрч эргэлдэж байна. Нүд аних аргагүй гоё үзмэр юмаа.
КАМАКУРА БУРХАН
Камакура хотод очиж энэ нэртэй асар том бурханд мөргөцгөөв. Орчлонд ийм аугаа бөгөөд гоёмсог сүрлэг бурхан байдгийг би л лав үзсэнгүй. 1252 онд бүтээгдсэн, 13 метр илүү энэ том бурхан, 121 тонн жинтэй гэнэ.
Урагш харан завилсан эл бурханд түм буман мөргөж, хүний урсгал тасардаггүй бололтой. Элдэв хадаг яндар, идээ будаа огт алга, ихэмсэг тайван дүрээр амгалан төвшин заларчээ. Эргэн тойронд нь гайхамшиг сакура мод цэцэглэжээ. Зураг авсан хүмүүс, Хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн түмэн хэлийн хүмүүс зогсоо зайгүй мэхийж, мөргөж залбирч байх юм. Он тооллыг нь бодвоос энэ аугаа сүрлэг бурхан японы гол шүтээн бөгөөд Будда нэрээрээ Дорно зүгийн хүний сэтгэл зүрхэнд аргагүй л дотно санагдахаас яахав. Токиогоос гадна Ёкосука, Камакура хот, Яманаша муж, Ошина Хоккой цогцолбор газар /энд гүзээлзгэнэ, виног үнэгүй амжуулдаг газар/ Асакусо эртний сүм Күшүю арал зэргийг үзүүлдэг юм байна.
ФУЖИ УУЛЫН БЭЛД
Олноо алдартай, орой нь цас мөсөн хучлагтай Фужи хайрханд бараалхав. Далайн түвшнээс дээш 3700 гаруй метрт орших энэ уул нь японы билгэ тэмдэг ажээ.
Заримдаа үүл манан дунд үл үзэгдэх Фужи уулын хормойд амралтын газар байна. Аялагчид энд рашаан, сүүнд орох юм. Дэлхийд алдартай энэ газар нь түмэн хүний очдог онгон дагшин нутаг юм байна. Энд ч тэр, ер нь японы хаа ч тэр хог новш олж харсангүй. Тамхи татаж байгаа хүн ганц ч үзэгдсэнгүй. Цэвэр цэмцгэр, өнгө үзэмжээрээ онцгой орон юмсанж. Ёкосука хотод АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр том бааз байх юм. Хүчирхэг томоороо хосгүй энэ баазууд нь Номхон далайн бүс нутагт АНУ-ын батлан хамгаалах аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй ажээ. Япон дахь АНУ-ын цэргийн хүчний төв байр нь энэ юм. Энд усан онгоцонд сууж, АНУ-ын цэргийн усан онгоцнууд, японы өөрийгөө хамгаалах хүчний онгоцнуудыг харж, аугаа их далайгаар цаг шахам аяллаа.
ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ НОХОЙ ХАЧИКО
Дэлхий даянаар бараг мэдэх болсон кино ч бий, хачико нэрт нохойн баримал хамгийн олон үзэгчтэй хөшөө гэдэг нь маш тодорхой байлаа. Хүний хөл тасрахгүй, бүгд л нохойтой хамт зургаа татуулж байв.
Галт тэрэгний буудал дээр өдөр бүр эзнээ тосон хүлээдэг тэр нохой үнэхээр хайрламаар, өрөвдмөөр сайхан амьтан байжээ. Нохойн эзэн Шибусаво гэгч нь японы гол их сургуулиудыг байгуулсан, бас банк байгуулсан эрдэм ухаан төгс, алдартай хүн байжээ. Тэрээр нохойгоо Америкаас авчирсан бөгөөд гэртээ тэжээдэг байжээ. Эзнээ өглөө бүр ажил дээр нь хүргэдэг, орой бүр тосон авч, олон жил хамт амьдарсан хоёр хэдий ч эзэн нь талийгаач болж, түүнээс хойш эзнээ хүлээсээр бараг 10 жил галт тэрэгний буудал дээр ирсээр байсан гэдэг. Ийм л нэгэн эзэндээ үнэнч нохойн хөшөөнд 10 зүгийн түмэн хүмүүс ихэд бишрэл хүндэтгэлтэйгээр очдог болой. За ингээд энэхүү тэмдэглэлээ өндөрлөе. Бичээд үл барагдмой.
ЖИЧ: Төгсгөлд нь энэхүү аялал жуулчлалын компанийн зуучлагч, зохион байгуулагч, орчуулагч хоёр охины тухай товч дурдсугай. Бидэнд Эрдэнэгэрэлийн Энхбаяр, Хүрэлбаатарын Уранбилэг хэмээх хоёр Монгол охин хөтөч болж, үйлчилсэн. Тэд Орхон их сургууль төгссөн, япон, англи хэлтэй. Монгол, японы хоёр компанийн гэрээтэй, өндөр боловсролтой, сайхан охид байх юм. Япон орныг ч сайн мэдэх, тэндэхийн зан заншил ёс усыг сайтар судалсан нь бүх зүйлээс илэрхий байв. Аялагчид тэр хоёрт гүн талархалтай хандаж байсныг онцлон хэлье.
Уншигч та хэрвээ японд аялъя гэвэл Улаанбаатар дахь аялал жуулчлалын газартай яриад л болох нь тэр. Бүр амарчилъя гэвэл дээр өгүүлсэн Э.Энхбаяртай 7210-7105 утсаар холбогдоход болох юм.
Э.ХАРХҮҮ /Соёлын гавьяат зүтгэлтэн/
Сэтгэгдэл ( 0 )