Тариаланчдад 982 тэрбум төгрөгийг 5-6 хувийн хүүтэйгээр олгоно

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

-2023 оныг "Тариалангийн сэргэлтийн жил" болгон зарлалаа-


"Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулган даваа гарагт /2023/ Төрийн ордонд боллоо. Чуулганд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцож, 800 гаруй зочид төлөөлөгчдөд газар тариалангийн салбарын бодлого, зорилтыг танилцуулсан юм.

Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч энэ жилийг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон албан ёсоор зарлав. Ингэхдээ Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлтийн хүрээнд Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Тариалангийн даатгалын тухай, Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж. Эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмжээн үзэж байгаа юм байна.

Харин Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлтийн хүрээнд нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг байгуулжээ.

Мөн Хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлтийн хүрээнд салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах, Элсэлтийн ерөнхий шалгалтын 650-с дээш оноо авсан элсэгчид сургалтын эхний жилд тэтгэлэг олгох, сургалтын дараагийн жилүүдэд оюутны сурлагын голч дүнгээс хамааран тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлгийг салбарын тэргүүлэх чиглэлээр элсэгч, суралцагчид тусгайлан олгох (хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад нийт квотын 50 хүртэлх хувийг олгох), Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах (үйлдвэрлэлд нэвтрэх ноу-хауг авчирна)-аар төлөвлөжээ.

Мөн Салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн тогтмолжуулан зохион байгуулах, Хөдөө аж ахуйн салбарт залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах (инкубац буюу бойжуулалт хийхэд ЖДҮ болон бусад зээлд хамруулах), Залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдан суралцангаа ажиллах сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх (хөтөлбөрийн төгсгөлд өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх шалгалт зохион байгуулж залууст зохих гэрчилгээ, үнэмлэхийг олгох, төгсөгч цаашид бие даан аж ахуй эрхлэх), Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулга нэмэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны ургацаас Хөдөө, аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн 193.6 мянган тонн хүнсний улаанбуудай, 32 мянган тонн 10 нэр төрлийн хүнсний ногоонд холбогдох журмын дагуу нийтдээ 18.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна. Мөн УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2023 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан хэрэгцээт улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орноо 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах “Хүнсний хувьсгал”-ыг санаачлан хэрэгжүүлж буй. Тэгвэл үүний хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн 50 хувийг ногоочдод буцаан олгоход зориулан дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар болжээ.

Энэ удаагийн “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулганаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал бол Усалгаатай газар тариаланг 2030 онд 100.0 мянга га-д хүргэх зорилт тавьсан явдал байв. Ингэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт зургаан мянган га талбайд услалтын систем байгуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top