Авлигын төлөөсийг ҮҮРЭХГҮЙ, ТӨЛӨХГҮЙН ТУЛД...

2023 оны 04 сарын 05

Авлига ардчилалд итгэх итгэлийг бууруулж, эдийн засгийн нөөцийг багасгаж буй тул авлигын эсрэг зогсох хэрэгтэйг олон улсын судалгааны дүнгүүд өнгөрсөн жилүүдэд нотолсон. Ерөнхийдөө улс орнуудын хувьд авлигаас үүдэн учирсан хохирлын хэмжээг нарийн тооцож гаргах, цаашлаад зохист арга хэмжээнүүдийг авах хандлага давамгайлж байна. Жишээ татахад, Европын холбооны түвшин дэх авлигын цар хүрээ байнга нэмэгдэж, жилд хамгийн багадаа 120  тэрбум евротой тэнцэх хэмжээний хохирол учирдаг нь тогтоогдсон учраас холбооны улс орнууд авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлэх болсон.

Манай Монгол Улс ч цаашид хөгжиж, дэвшье гэвэл дэлхий нийтийн энэхүү трендтэй хөл нийлүүлж, хэдэн арваны туршид бугшсан авлигын тороо тасдахаас өөр гарцгүй. 

Үнэндээ бол авлигатай тэмцэнэ гэх ойлголтыг нийгэм утопи маягаар хүлээж авдаг хандлага хэвээрээ л байгаа. Арга ч үгүй л дээ, авлига нийгмийн эд эс бүхэнд нэвчсэн гэдгийг хаа хаанаа бүгдээрээ мэдэхийн дээдээр мэдэж, мэдэрдэг учраас бодит үр дүнд хүрнэ гэхээр хол санагддаг хандлага илүүтэй давамгайлж өнөөдрийг хүрсэн.

Ямартаа л манай топ эдийн засагчдын нэг Д.Лхагвасүрэн хэдэн жилийн өмнө хэлэхдээ “Монгол төрийн авлигыг одоогийн түвшнээс нь багасгана гэдэг нь зүүд мэт. Олон хүмүүс хавь орчноосоо үүнийг мэдэрнэ. Найз нөхөд, танил тал, хамаатан садан, сонгууль, дарга, төсвийн мөнгө, тендер, шинэ ажил, цэцэрлэг, сургууль гээд... Харин, манай авлига нь экспортынxoo орлогоос удаан өсөөсэй гэж дотроо би залбирна. Ялангуяа, Хятадын эдийн засгийн асуудал урт хугацаандаа эгзэгтэй болж байгаа энэ мөчид манай авлига өнгөрсөн 15 жилийнхээ эрчээр өсвөл яана даа, бид! Манай авлига нь уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтийн өсөлтөөс илүү хурдан ӨСВӨЛ бид дундаж орлогын XABX-нд биш, харин бүр бага орлогын TAM руу унана”  хэмээж байлаа. Цаашид бид авлигатай тэмцэхгүй л бол эдийн засагчийн зүгээс анхааруулж хэлсэн энэ эрсдэл, аюул бидэнд тулгамдсан хэвээрээ л байна гэсэн үг.

Авлигатай тэмцэнэ гэдэг хэдхэн хүн хоорондын асуудал биш, бүхэл бүтэн системтэй тэмцэж буй явдал учраас үнэндээ амаргүй. Улс орны хөгжлийг,  иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бүхий л боломжуудыг шат шатанд нь хумьсан авлигын гинжийг таслах Засгийн газрын зорилт хөрсөн дээр буухад  хэн бүхнээс хандлагын оролцоо шаардана.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны хуралдаанаараа Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах шинэ  Ажлын хэсэг байгуулсан. Түүнчлэн    Авлигатай тэмцэх  Таван "Ш"  ажиллагааг танилцуулснаас хойш, зарим ажиллагаанууд урагшлах төлөвтэй байна.

Шүүр ажиллагааны хүрээнд, Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;   Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх; Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах; Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хийх гэж буйгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. ХЗДХ-ийн сайдын хариуцаж буй Шувуу ажиллагааны хүрээнд МАНАН-гийн авторуудын нэг гэх тодотголтой Т.Бадамжунайг Филиппин улсаас авчрах асуудал яригдаж байна гэхчлэн улс төрийн түвшинд ямар ч байсан шинэ мэдээллүүд хөвөрч байна.

Авлига нэмэгдэхийн хэрээр улс орны хэмжээнд буруу шийдвэрүүд олноор гарч, шийдлээ олох асуудлууд хүлээлгийн өрөөнд удаан хугацаанд түгжигдэж, нийгэмд тооцож баршгүй их хохирол учирдаг нь нэгэнтээ тодорхой болсон учраас хэн хүнгүй л авлигаас ангид байхыг эрмэлзэх нь том өөрчлөлт авчрах биз ээ.

Төгсгөлд нь,  АТГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байсан Б.Дангаасүрэн агсны хэлж байсан үгээс эшлэхэд,   “Авлигаас жирийн ард иргэд нэлэнхүйдээ хохирч үлддэг. “Хэн гуай албан тушаалаа ашиглан авлига авч сайхан амьдарч болоод байхад би яахаараа болдоггүй юм” гэсэн эзэн биегүй атаа жөтөө газар авч, энэ нь эргээд нийгмийн шударга ёсыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг бий болгоно. Ингээд л нийгмийг хамарсан ажилгүйдэл, архидалт, хууль бус наймаа, танил талын сүлжээ, эдийн засгийн луйвар... тэсч тэвчихийн аргагүй муу муухайн үүд хаалга өөрөө аяндаа нээгдэнэ. Бизнесмэнүүд авлигад зарцуулсан мөнгөө бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд шингээн алдагдлаа нөхөх гэж эрмэлзэх нь эцсийн дүндээ хэрэглэгч буюу иргэн Танд, надад, бидэнд үүрүүлсэн авлигын төлөөс болно. Гэхдээ авлигыг давагдашгүй хүч гэж бүү төсөөл. Харин ч сул дорой нэгэн юм шүү. Та бидний хууль журмаа хүндэтгэн сахихгүй, үл тоомсорлодог, шударга бус зарчимч биш зан үйл түүнийг амилуулж байдаг юм” гэсэн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top