Хиймэл оюун ухаан Украины талаар энхийн гэрээ боловсруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Германы “Berliner Zeitung” сонины захиалгаар “ChatGPT” чатбот Орос, Украины энхийн гэрээний төслийг боловсруулжээ.

“ChatGPT” чатботод Германы Канцлер Олаф Шольцын нэрийн өмнөөс ОХУ, Украины Ерөнхийлөгч В.Путин, В.Зеленский нарт энх тайванд уриалсан захидал бичих даалгавар өгчээ. Хиймэл оюун ухааны В.Путинд хандан зохиосон захидалд “Герман улс Оросын аюулгүй байдлын салбар дахь хууль ёсны ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч байна. Бүтээлч хамтын ажиллагаа, гал зогсоох, энхийн гэрээ хийх бэлэн байдал Орос, Европын хамтын ажиллагааг сайжруулах үүд хаалгыг нээнэ хэмээн үзэж байна. Энэ нь хоёр улсын эдийн засгийн төдийгүй улс төрийн харилцаанд хувь нэмэр оруулахаас гадна хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлын нийтлэг асуудлыг шийдэх боломж олгоно” гэж бичжээ.

Хиймэл оюун ухааны боловсруулсан энхийн гэрээний төсөлд даруй гал зогсоох, цэргээ татах, олон улсын энхийг сахиулах хүчний хяналт дор мөргөлдөөний шугам дагуу цэрэггүй бүс байгуулах, Донецк, Луганскт Украины бүрэлдэхүүнд өөртөө засах эрх олгох, энэ бүс нутгийн оросоор ярьдаг ард иргэдийг хамгаалах эрхийг хуулиар батжуулах зэрэг заалтыг тусгажээ. Үүний сацуу төсөлд мөргөлдөөнд оролцогч талуудын харилцааг хэвийн байдалд оруулах, бүс нутгийг сэргээн босгох хариуцлагыг хоёр талд үүрүүлэх, НҮБ, ЕХ болон ЕАБХАБ-д хандан гэрээний хэрэгжилтэд хяналт тавихыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top