Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд буцаалаа.
Энэ үеэр хуулийн төслийн талаар гишүүдийн асуусан асуултаас тус хуулийн төслийг анх өргөн мэдүүлж байсан Б.Бат-Эрдэнийн асуултыг хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ -Төрийн алба хаагчдын ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулахдаа биз анх хүний хөгжил талаас нь онцгойлон анхаарал тавьсан. Энэ чиглэлийнх нь хэр тусгагдсан бэ? Бид хэлэлцүүлэг хийгээд явахад улсын хэмжээнд 1200 орчим албан байгууллага ёс зүйн зөвлөл байгуулж, ёс зүйн ажлыг жигдрүүлж Сахилга, хариуцлагын байнгын хороо ажиллаж чадсан гэж дүгнэдэг. Төрийн албаны зөвлөлийн тайлан мэдээнд ч энэ талаар тодорхой дурдагдсан байгаа. Тэгтэл бусад байгууллагуудад яагаад ёс зүйн зөвлөл байгуулагдаж чадахгүй байна вэ гэхээр 25-аас дээш албан хаагчтай байгууллага гэдэг босго байсан. Үүнийг яаж авч үзэж байгаа вэ? Нөгөө талаар энэ хуульд Ёс зүйн хороо байгуулна. Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөл нэмэгдэл орон тоо, элдвийн төсөв шаардахгүйгээр байгуулъя. Ажиллах бололцоо, нөхцөлийг нь хангая. Үнэхээр шударга зарчаар ханддаг, ёс зүйн хороог байгуулж ажиллуулъя гэж байсан. Энэ зарчим хэвээрээ байна уу? Эсвэл дунд нь наац цааш болгосон асуудал байна уу. Үүнд тодорхой хариулт өгөөч ээ. Ер нь монголчууд 1992 онд Ардчилсан үндсэн хуулиа баталж, түүндээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ гэж тунхагласан. Гэтэл хүмүүнлэг талаасаа их алдагдсан. Боловсролын систем тэр чигээрээ хүмүүжил, хүний хөгжлийн асуудал, төлөвшилтэй холбоотой зүйлийг огт анхаарч үзэхгүйгээр үндсэндээ 30 жил явлаа. Энэ өнөөдрийн үр дагаврын суурь шалтгаан шүү. Тиймээс талын үер шиг нэлэнхийдээ ороод ирчихсэн үед бид бүх түвшинд ажиллах хэрэгтэй байна. Одоо анхдагч суурь хуулийг батална. Үүнтэй зэрэгцүүлээд хүмүүнлэг боловсролын санаачлан өргөн барьсан. Энэ хуульд онцгой анхаарах хэрэгтэй. Хүмүүнлэг боловсролын асуудлыг яам нь хариуцдаг гэдэг ч тунхаглалын шинж чанартай 30 жил явж ирсэн.
|
ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БАТТӨМӨР -Анх өргөн барьсан хуулийн төсөл дээр олон өөрчлөлтүүд орсон. Хөгжил гэдэг хүний хөгжил гэдэгтэй санал нэг байна. Хөгжил ярихаар хүний ёс суртахууны асуудал яригддаг. Сингапурын ерөнхийлөгч Ли Куан Ю бид Сингапурын эдийн засгийн асуудлыг шийдэж чадсан ч одоог хүртэл нэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа нь хүний ухамсар. Энэ нь Сингапурын хөгжилд саад болж байна гэж ярьсан. Тэгэхээр бид өнгөрсөн 30 жилийн хүний ёс суртахууны холбогдолтой асуудал дээр дорвитой эрх зүйн баримт бичиг гаргаагүй байдаг. Энэ хууль маань Төрийн албаны хууль, Авлигатай тэмцэх хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулиудтай уялдаад хэрэгжээд явах юм. Төрийн албан зөвлөл дээр хороог нь байгуулахаар зохицуулсан. Төрийн албаныхаа хуультай Ёс зүйн хууль маань нягт уялдаж явах ёстой. Төрийн албаны зөвлөлийн гишүүд маань ёс зүйн хорооны гишүүн байна. Ингэснээр ажлын уялдаа холбоо сайжирна. Хоёрдугаарт зардал хэмнэгдэнэ. Гуравдугаарт Төрийн албаны хуулийн хүрээнд хийдэг статистик мэдээлэл Ёс зүйн хуультай уялдаж гарна гэсэн утгаар хийсэн. АЖЛЫН ХЭСЭГ: 25-аас дээш ажилтантай байгууллагад 250 ёс зүйн зөвлөл буюу дэд хороо шинээр байгуулагдсан. Саяны яриад байгаа 25-аас доош албан хаагчтай төрийн байгууллагад хязгаарлалт байсан боловч мэргэжил сонирхол, байгууллагын онцлогтой хамаараад 567 байгууллага шинээр байгуулсан. Энэ харилцаа байгаа учраас Ёс зүй, сахилга хариуцлагын энэ хуулиар 4232 төрийн байгууллагад тухайлсан ёс зүйн дэд хороо ажиллах нь зүйтэй юм байна. Мэргэжил мэргэжлийн онцлогтой харилцааг зохицуулж байгаа учраас хөндлөнгөөс тухайн байдалтай тохирсон зүйлийг хөндлөнгийн хүмүүс шийдвэрлэх нь учир дутагдалтай байна. Т.Сувдмаа: Дэлхий нийтэд ёс суртахууны хүмүүжил төлөвшил бол гэр бүл, боловсрол, хамт олон, нийгмийн түвшинд явагдаж байгаа. Үндсэндээ хоёр хандалга байгаа. Нэг нь соён гэгээрүүлэх чиглэлийн үйл ажиллагаанууд байгаа. Энэ нь зөөлөн хандлага нь. Хатуу хандлага нь хяналт, шалгалтын арга хэмжээнүүд хоёр чиглэлээр явагдаж байгаа. Б.Бат-Эрдэнэ даргын хэлж байгаа нь 6.1.1 дээрх хүнлэг, энэрэнгүй байх гэдэг философийн гол зарчим байдаг. Энэ нь ёс суртахуунд тавигддаг гол зарчим. Ёс зүйн хорооноос эрхлэх асуудлын хүрээнд ёс суртахууныг сайжруулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээр хуулийн төслийн 9 дээр заасан. Хүмүүнлэг иргэний боловсрол олгох чиглэлээр нэлээд үйл ажиллагаа хийж байж, төрийн албан хаагчийг ч цаашид насан туршдаа мэргэжил боловсролоо дээшлүүлдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа. |
Сэтгэгдэл ( 0 )