С.Ганбаатар VS Г.Занданшатар | Боловсролын хуулиа яаралтай хэлэлцээч ээ!

2023 оны 04 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд Боловсролын багц хуулийн яаралтай оруулж ирэх санал гаргалаа.

Саналтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийлээ.


УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР


-Бид өөрсдөдөө хамаатай хуульд их анхаардаг болжээ. Бид дахин яаж сонгогдох вэ гэж Сонгуулийн хууль дээр цагаа их зарцуулдаг болж.

Бид хойч үеийнхэндээ тавих анхаарлаа сулруулмааргүй байна. Боловсролын тухай хууль 2021 оны 11 дүгээр сард, гурван жилийн өмнө орж ирсэн байна. Тэр үед нэгдүгээр ангид орж байсан хүүхэд одоо гуравдугаар анги болсон. Боловсролын тухай асуудал дээр бид үнэхээр хойрго хандаж байна. Боловсролын багц хуулийг яагаад ингэж гацаагаад, хэлэлцэх асуудалд оруулж ирэхгүй байгаа юм бэ. 21 аймаг, 9 дүүргээр энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулсан.

Засгийн газраас Боловсролын багц хуулийг өргөн бариад, ингэж удаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна. УИХ-аар үүнийг хэлэлцүүлэхээс эмээж байна гэж санаа зовж байна.

Боловсролын тухай хуульд миний дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа олон зүйл байгаа. Үүнийг яаралтай Их хурлаар оруулж, хэлэлцүүлэх санал гаргаж байна.

Хүүхэд бүрд амьдралын гараагаа ижил тэгш эхлүүлэх алтан боломжийг өгөх нь УИХ-ын гишүүдийн амин үүрэг. Монгол шиг эрүүл мэнд, боловсролын салбараа ашгийн хэрэгсэл болгоод тавьчихсан орон байхгүй.

Боловсрол, эрүүл мэндийн салбар үндсэндээ боловсон хүчнээ алдаад дуусаж байна. Ийм гунигтай байдлыг бид мэдэхгүй юм шиг, зөвхөн сонгуулийн хуулиа хэлэлцээд байна гэдэг харамсалтай байна.

УИХ-ын хэлэлцэх асуудалд Боловсролын тухай багц хуулийг яаралтай оруулж ирээч ээ гэдэг саналыг гаргаж байгааг гишүүд дэмжинэ гэдэгт итгэж байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР


-Боловсролын хууль дээр ажлын хэсэг ажиллах шаардлага бий болсон. Анхны хэлэлцүүлгээр Хүмүүнлэгийн боловсролын хуулийг салгасныг ажлын хэсгийн гишүүд эсэргүүцээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж, Хүмүүнлэгийн боловсролын тухай хуулийн ажлын хэсгийг шинээр байгуулж ажиллахаар болсон.

Хоёрдугаарт Боловсролын тухай хуульд Боловсролын сайд, Боловсролын яам хоёрын чиг үүргийг салгаад, Боловсролын сайдын эрхийг 26 эрх, үүргээр нэмэгдүүлсэн мөртлөө яам нь эзэнгүй, боловсролын агентлагийг шинээр байгуулж байгаа, данхайсан бүтэцтэй гэх мэт олон шүүмжлэл боловсролын салбар, иргэний нийгмийн байгууллагуудаас ирсэн.

Бас нэгэн зөрчилтэй байгаа асуудал нь ашгийн төлөө ч байж болно, ашгийн бус ч байж болно. Компани ч байж болно, төрийн бус байгууллага ч байж болно гээд хоёр өнцөгтэй зүйл нь хуулийн зөрчилтэй байдлыг бий болгоно гэж УИХ-ын тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргасан. Тиймээс ажлын хэсгүүд дээр орж саналуудаа хэлж, ярилцаарай.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 2023 оны 04 сарын 15

Хэлцээч биш хэлэлцээч

0  |  0
Зочин (202.126.90.148) 2023 оны 04 сарын 14

Энэ хуулийг оруулахдаа олон талаас нь нягталж эрдэмтэдийн санал нийгэмийн боловсролын байгуулагын санал ерөнхий боловсролын сургуулийн санал гэх мэт олон байгууллагаас санал авч оруулах хэрэгтэй сайдийн дэмжиж байгаа удахгүй оруулах биз

0  |  0
Энэ(122.201.24.72) 2023 оны 04 сарын 14

Энэ хуулийг хэдэн жил ярих гэсэн юмбэ нэг зам тавихдаа 10 жил ярьдаг шиг л юм болж бноо

1  |  0
багш(103.242.47.142) 2023 оны 04 сарын 14

Тусгай агентлаг шинээр байгуулж буй үндэсээрээ буруу Мөн орон нутгийн төсөвт байсан сургууль цэцэрэлгийн төсвийн зарцуулах эрхийг яамдад өгсөн шинэ зүйл биш харин ард түмэнд чирэгдэл учруулсан үйл ажиллагаа болсон Бас л эрх мэдлийг гартаа авах гэсэн Энх -Амгалан сайдын цаад санаа

0  |  0
Top