Ц.Сандаг-Очир VS Х.Болорчулуун | Төрөөс олгох урамшууллаас НДШ, ЭМДШ суутгах уу?

2023 оны 04 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.14/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулж, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн, хуулийн төслийг эцэслэн баталж өгөхийг хүссэн.

Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй хоёр саналыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхийн дэмжсэнээр дээрх хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.


ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН


-ХАА-н үйлдвэр эрхлэгч нар үр тариа, ноос сүүний урамшуулал гэх мэтийн урамшууллаас нь нийгмийн даатгалын шимтгэл авч болно, үгүй ч байж болно гэсэн хууль гарч байна.

Аливаа хууль тодорхой байх ёстой. Гэтэл ийм бөөрөнхий байдлаар хууль орж ирж байгаа нь бүрхэг байна.

Хоёрдугаарт хууль дээр малчид,  тариаланчид тэр болгон бэлэн мөнгөгүй байдаг. Урамшууллаас нийгмийн даатгал төлөх нь нийгмийн даатгал тасрахгүй байх шалтгаан болно гэж байна. Ер нь 1960 оноос хойш төрсөн хүмүүс бүгдэд сан бүрдэж байгаа шүү дээ. Тасрах, тасрахгүй асуудал огт хамаагүй.

Тэгэхээр ийм бөөрөнхий үзэл бодолтой хуулийг оруулах нь учир дутагдалтай гэж үзэж байна.

АЖЛЫН ХЭСЭГ Ц.САНДАГ-ОЧИР


- ХАА-н салбарыг хариуцдаг сайд, Засгийн газрын гишүүн энэ хуулийг үгүйсгэж байгаад харамсаж байна.

305 мянган малчид, малчид маань ДНБ-ний 10 орчим хувийг үйлдвэрлэж байгаа. Нийт ажиллах хүчний 30 орчим хувийг бүрдүүлж байгаа. Эдгээр малчид маань өнөөдөр ЭМДШ, НДШ төлөхгүйгээс болоод сөрөг үзэгдлүүд асар их гарч байгаа. Энэ нь эргээд малчид, газар тариалан нийгмийн даатгалын үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах бололцоог өөрсдөд нь олгож байгаа юм.

Хэдийгээр даатгалын шимтгэл төлөх нь сайн дурын боловч хүчээр шууд авч болохгүй байгаа юм. Иргэнд сонголтыг нь үлдээж байгаа юм. Өөрсдийнх нь тушаасан сүүний хэмжээ, арьс ширнийх нь тооноос хамаараад янз бүр байгаа. Тийм учраас өнөөдөр бодит байдал дээр ийм үзэгдэл байгаа учраас, нөгөө талаас нийгмийн даатгалын сангийн орлого, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж энэ хуулийн хүрээнд үүснэ.

Тэтгэвэрт гарлаа гэхэд малчин хүн НДШ-ээ төлж чадаагүйгээс болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй асуудал үүсэж байна. ЭМДШ-ийг цаг хугацаандаа төлөөгүйгээс болоод эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаандаа авч чадахгүй байдал үүсэж байна.

Тиймээс эдийн засгийн дарамтаас болоод олон жил төлөөгүй хуримтлагдсанаас болж үйлчилгээгээ авч чадахгүй байгаа учраас хавар, намартаа орлого олдог үед нь өөрсдийнх нь сонголтоор төрөөс олгож байгаа урамшууллаас нь суутгаад авдаг байя гэдэг хуулийн үзэл баримтлал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top