Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” зүүн бүсийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.04.17) Хэнтий аймагт зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг энэ сарын 10-наас эхлэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат бэлчээр ашиглалтын талаарх хууль, эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал болон Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.
Бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд олон сөрөг асуудлыг бий болгож байгаа нь цаашид бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болсныг харуулж байна. Тиймээс бэлчээрийн асуудлыг цогцоор нь авч үзэж, технологийн дэвшил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэргийг төрийн бодлоготой уялдуулж, холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай. Манай улсад бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж харилцан адилгүй түвшинд доройтсон учраас Газрын тухай хуульд энэ талын зүйл заалтуудыг оруулах төслийг хэлэлцэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хэлсэн үгэндээ онцолсон юм.
Тэрбээр, “Бэлчээрийг сэлгэх, хамгаалах байдлаар сэргээх боломжтойг харуулсан судалгааны дүн бий. Бэлчээрийн даац 5-10 дахин буурч, хангайн бүсийн ургамлын тоо 2 дахин буурсан бөгөөд нийт бэлчээрийн 65 орчим хувь нь хүчтэй доройтсон. Сүүлийн 10 гаруй жилд 887 гол, 2096 булаг, шанд, 1166 нуур цөөрөм ширгэсэн байна. Хуулийн төсөлд бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулж, бэлчээрийг ангилж, дамжин өнгөрөх бэлчээр, отрын нөөц бүс нутаг, нийтээр ашиглах бэлчээр гэсэн ангилал бий болгох зохицуулалтыг тусгасан” гэв.
“Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцогчдод “Бэлчээрийн доройтол ба сэргэлт” сэдвээр Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Монгол Улс 150 га бэлчээрийн талбайтай байсан бол өнөөдөр 109 га болтлоо буурчээ. Хэрэв бэлчээр сэлгэлт хийж, өнжүүлж чадвал доройтсон бэлчээрийн 85 хувь эргэж сэргэх боломжтой гэж судлаачид үзсэн байна. Бэлчээр доройтсоноос үүдэн төв, говийн бүс нутгийн малын жин жилээс жилд буурч байгааг судлаач онцоллоо.
Хэлэлцүүлэг оролцогчдын асуулт, хариултаар үргэлжилсэн. Оролцогчид бэлчээр ашиглалтыг зохицуулсан хуулийн төслийг батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ отрын бүс нутгийг хамгаалах, тодорхой болгох, малын тоо толгойг багасгах, уул уурхай болон бусад зүйлсээс шалтгаалсан эмх цэгцгүй олон зам нь хөрсийг ихээр гэмтээдэг байдлыг арилгах зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Бэлчээрийг өвөлжөө,хаваржаагаар ангилаад хаших, хашсан бэлчээрийг услах, отроор тарга авахуулах үед суурин газар ойр байгаа бэлчээр амрах учиртай өвөл цас соруулж туйпуу болгодог тэр туйпуугаа өрж хана босгодог 70 см өндөртэй байхад хонинд нөмөр болно Хонь толгойноосоо даардаг,халууцдаг Ямааг үнднэс ухдаг гэхдээ идэх өвсгүй болсон тохиолдолд хонь ямаа хоёуулаа үндэс ухдаг юм Өвстэй үед ямаа өвсний толгой сорчилж иддэг Мал мэдэхгүй,ишиг,гөлөг хоёр ялгахгүй эрдэмтэд элдвийн хуурамч судлагаа хийж биднийг мунхруулаад байна.