Цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг 23.8 хувиар өссөн байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Намсрайжав

 

Нийгмийн хөгжлийг даган иргэдийн цахим хэрэглээ эрс нэмэгдэж, төлбөр тооцооны систем хялбар болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн данс, мөнгө хөрөнгийг удирдах боломжтой болсон. Энэ нь дэвшил боловч, нөгөө талаар цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгч нарт боломж олгож, гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж байна.

Цагдаагийн байгууллагад 2022 онд цахим орчинд залилах гэмт хэрэг 9066 бүртгэгдсэн бол зөвхөн энэ оны эхний 3 сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг 3641 бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 23.8 хувиар буюу 593 хэргээс өссөн үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүү, цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн, итгэмтгий байдлаас болж, гэмт этгээдэд мөнгө шилжүүлж, хохирсон байх бөгөөд ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байна.

Гэмт этгээдүүд ихэвчлэн нийгэм, цаг үеийн шинжтэй үйлдлийн аргыг ихээр ашиглаж байна. Тухайлбал Намар хичээл эхэлж, орон нутгийн оюутан, сурагч нар Улаанбаатар хотод ирэх үед байр түрээслэх зар, Шинэ жил, баяр, наадмын үеэр хямд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх. Мөн иргэдийн анхаарал, сонирхлыг татах бага хүүтэй зээл олгох, бараа үйлчилгээ худалдан борлуулах, виз гарган өгөх, өндөр ашигтай бизнест жуулчлах, гадаад улсын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгт хамруулж, суралцуулах, хөрөнгө оруулалт хийлгэх тухай хуурамч зар, мэдээллээр залилж байна.

Дараагийн гол үйлдлийн арга бол хохирогчийн гар утасны дугаарт фейсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлтийг илгээн хуурч мэхлэн аваад түүний өмнөөс фейсбүүкийн найз, танил хүмүүст мөнгө гуйх, зээлэх зурвасуудыг илгээж, мөнгө шилжүүлэн авч залилах тохиолдол их байна. Иргэн таны утсанд ирсэн мессеж, таны гарын түлхүүртэй ажил нууц, хэн ч дамжуулан өгч болохгүй зүйл юм. Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих болон найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирч хууран мэхэлдэг. Гэмт этгээдүүд дараагийн бай бол олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын дүр эсгэх, тэдгээрийн нэр, зураг логог ашиглах.

Мөн орон нутгийн иргэдийг хуурч мэхлэх үйлдлүүд гарч болзошгүй байна. Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам бол бусдад мөнгө шилжүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, мөнгө, хөрөнгө, хувийн мэдээлэл, данс, картыг бусдад шилжүүлэхгүй байх бөгөөд иргэн та өөрийн хувийн мэдээллийг хамгаалах, бусадтай хуваалцахгүй байх, цахим орчинд худалдаа үйлчилгээ эрхлэх, санхүүгийн харилцаанд орохдоо үнэн бодитой байдлыг нягталж байх явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top