Энэ жил дэлхийн хүн амын тоо 7 тэрбумаас давах бол 2023 он гэхэд 8 тэрбумд хүрч магадгүй байна. Ийм таамгийг НҮБ-ын шинжээчид долдугаар сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн Дэлхийн хүн амын өдөрт зориулан бэлтгэсэн илтгэлдээ дэвшүүлжээ.
1987 онд Дэлхийн хүн ам 5 тэрбумд хүрсэн бөгөөд үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар Дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэх болсон байна. Энэ өдрийг тэмдэглэх гол зорилго нь хүн амын асуудлууд болон хөгжлийн хөтөлбөр, түүнчлэн бүх хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдэх гарц хайхад улс түмний анхаарлыг хандуулахад чиглэсэн юм.
1960-1999 оны хугацаанд манай гарагийн хүн амын тоо хоёр дахин өсч,1999 оны аравдугаар сард 6 тэрбумд хүрчээ. Гэхдээ энэ хугацаанд хүн амын өсөлтийн хурдац хоёр хувиас 1.3 хувь хүртэл буурч байв. Харин одоогийн байдлаар Дэлхийн хүн ам жилд 77 саяар өсч байгаа ажээ. Өсөлтийн 95 хувь нь хөгжиж буй болон ядуу орнуудад ногдож байна. Өнөөдөр дэлхий дээр 67 сая хүүхэд боловсрол эзэмших боломжгүй байгаа бол манай гарагийн 925 сая хүн байнгын өлөн зэлмүүн байдалтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байна.
НҮБ-ын илтгэлд тэмдэглэснээр 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрэх бол энэ зууны сүүлч гэхэд 10.1 тэрбум болох ажээ. Ингэхдээ ихэвчлэн ядуу орнуудын хүн ам өсөх хандлагатай байгаа нь дэлхий даяар ядуурлын түвшинг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэн дэлхийд тэргүүлэх бол харин Европын орнуудын хувьд хүн амын тоо нь буурах хандлагатай байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )