Г.Занданшатар: Улс төрийн намын хууль процессын тодорхой хууль болсон

2023 оны 04 сарын 27

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр (2023.04.26) боллоо. Хэлэлцүүлэгт оролцсон намуудын төлөөллийн байр суурийг тоймлон хүргэе.


УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хүйн холбоотой. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр яг л энэ асуудлыг иргэд тавьж, намуудын дотоод ардчиллыг бэхжүүлж, гишүүдийн оролцоотой шийдлийн нам байхыг ярьж байсан. Хамгийн гол нь намын санхүүжилт, нээлттэй хариуцлагатай байхыг шаардсан. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр маргаашаас нь сайхан болохгүй. Хууль ёс болж тогтоход ардчилал, төр хоёр хөгжинө гэж үздэг. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч намуудаас санал авсан. Сонгуулийн хууль олон түмний төлөөлөх чадварыг хангах ёстой. Нөгөө талаас геополитикийн нөхцөл байдлыг орхигдуулж болохгүй. Хүн амаа дагаж байвал Улаанбаатар улс болж хувирна. Тиймээс эдгээр зарчмыг бодолцож хийх ёстой гэж ард түмэн санаачилгуудыг гаргасан. Улс төрийн намын тухай хууль процессын тодорхой хууль болсон.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Бид намаа боддог бол Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжмээргүй байгаа. Хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоно, аль нэг хүйс нь 40-өөс доошгүй байна, санхүүжилт буурна гээд тоочвол МАН-д халгаатай заалт олон бий. Гэвч хөгжил дэвшил ярихгүй бултаад суух эрх байхгүй. Олон намын оролцоотой парламентын засаглалтай болох асуудлаа ярих ёстой. Ард иргэд төрийг өөрчлөх ёстой, хариуцлагатай болгох ёстой гэж шаардаж байхад жижиг эрх ашиг яриад сууж байх эрх бидэнд байгаа юм уу. Үүнийг улс төрийн намууд ойлгож асуудалд хандах ёстой.  Олон жил яригдаж судлагдсан ч өргөн баригдаагүй байсан хуулийг Ерөнхийлөгчөөс ойлголцол зөвшилцлийн үндсэн дээр өргөн барьсан гэж ойлгож байгаа.

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-ХҮН өнгөрсөн хугацаанд 1.2 сая хүнтэй уулзлаа. Дийлэнх нь тогтолцоогоо өөрчлөөд өгөөч ээ гэж байна. Энэ хүмүүс мэдээлэлгүй байна, мэдээлэл өгөхөөр ойлгож байна. 100 залуутай уулзахад “Яаж гадаад руу гарах вэ” гэж асуудаг. Зөвхөн өөрийн намд ашигтай байдлаар хуулийг шийдэж ирсний хар гайгаар Засгийн газрын зардал 55 дахин өссөн, өр 70 дахин өссөн. Засгийн газрын өр өнөөдөр 30 их наядад хүрсэн. Ийм хөгийн системтэй учраас хөгжил явахгүй байгаа. Нэгхэн жилийн төсвөө хоёр удаа тодотгодог. Ийм болохоор парламентад бодлого ярьдаг улстөрчид хэрэгтэй байгаа юм. Парламентад мэргэжилтнүүд нь орж ирдэг байх. Одоогийн тогтолцоогоор мөнгөтэй хүмүүс,  тэдний хүүхэд нэр дэвшээд орж ирдэг системтэй байгаа. Энэ хөгийн системийг өөрчлөх ёстой. Ингэж байж, парламентын засаглал том алхана.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал байна. Хосолсон тогтолцоог өргөн барьсан. О.Цогтгэрэл нарын гишүүд 48, 28 гэсэн төслийг өргөн барьсан. Н.Энхболд нарын гишүүд 38, 38 гэсэн төслийг өргөн барьсан. Хоёр төсөлд жагсаалт, тойрогт давхар нэр дэвшихгүй гэж тусгаж өгсөн. Тойргийн нийт мандатын 50 хувьд нь нэр дэвшүүлсэн байх ёстой. Улс төрийн намын босго гурван хувь. Өмнө нь таван хувь байсан. Эвслүүдийн хувьд босгыг нь өндөрсгөсөн. Хоёр нам нийлж эвсэл байгуулж сонгуульд орвол таван хувь, түүнээс дээш нам нийлсэн бол долоон хувийн босго тавьсан. Эмэгтэйчүүдийн төлөөлөл 30, 40 хувь болно. Жагсаалтад нэг нэгийн харьцаагаар бичигдэнэ гэдгийг хоёр хуульд тусгаж өгсөн. Тойрогт нэр дэвшиж байгаа тохиолдолд босго тавьсан байна билээ, О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн барьсан төсөл дээр. Харин Н.Энхболд нарын өргөн барьсан төсөлд босго байхгүй.

Уламжлалын нэгдсэн нам н.ӨНӨРБАЯР:

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдмээр байна. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хүрээнд 2016 оноос хойш намууд 10 гаруй удаа уулзаад бодлогын нам болъё гэсэн.  Гэтэл энэ хуулийн төсөлд хатуу гишүүнчлэлтэй хэвээр л байгаа. Харьяа байгууллага нь бүгд байгаа, юу нь өөрчлөгдөөд бодлогын нам болох гээд байгаа юм. Улс төрийн нам гишүүдээ ажилтай болгож чадаагүйдээ өнөөдөр асуудал нь байна. Яаж гишүүдээ ажилтай, орлоготой болгох вэ, сонгууль дээр яаж санал авах вэ гэдэг дээр ажилласан. Тийм ч учраас хуулийн төсөлд намын үүрүүдээ байлгах заалт буцаад ороод ирсэн.  Тэднээр хамаг булхайг хийлгэдэг. Улс төрийн намын тухай хуулийн 7.1.5-д аймаг, дүүрэг, нийслэлийн сонгуульд улс төрийн нам оролцоно гэж заасан байна. Том төслүүд дээрээ ажилла л даа. Худаг ухаж, ус гаргах юм л яриад байх юм.

Иргэдийн оролцооны нэг­дэл намын дарга Ц.ОЮУНГЭРЭЛ:

-Хуулийн төсөлтэй маш сайн танилцлаа. Ерөнхийдөө айлын гэрийн доторх тавилгыг гоё болгох тухай ярихаас өмнө гэр маань салхинд хийсчихгүй, бороонд норохгүй байх тухай ярих хэрэгтэй. Улс төрийн намын тухай хууль бол Монголын үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хамгаалах үүрэгтэй байдаг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд маш чухал 4.2 дахь заалт алга болсон байна.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.ТӨМӨРСҮХ:

-Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуулийг ерөнхийд нь харлаа. Энэ хоёр хуульд улс төрийн намууд гэхээс илүүтэй Монголын нийт иргэнд таалагдахгүй байх олон зүйл заалт байна. Олон намын төлөөллийг оруулъя гэж гоё сайхан ярьж буй боловч гүйцэтгэл дээрээ хэд хэдэн хоригийг хийж өгч байна. Улс төрийн намын дотоод хэрэгт хэт их хутгалдаж, зааж өгч байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд “та нар тийм хүнээ дэвшүүл тэгж байж та нар орно” буюу 50 хувийг нэр дэвшүүлж байж орох, орохгүйгээ шийднэ. О.Цогтгэрэлийн хуульд байна лээ. АН юу хийгээд байна вэ. Фашистууд юм уу юу юм. Жижиг намыг оруулахгүй гээд улаан цайм ярьж байна АН-ынхан.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top