Олон монгол залуус цалин хангамж муутайгаас болж мэргэжлийн ажлаа орхиж, гадны орныг зорьдог. Харьд хүнд хүчир ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа дээшлүүлэхээр зүтгэдэг тэдний жишгийг дуурийн дуучид, мэргэжлийн хөгжимчид, сонгодог урлагийн салбарын мэргэжлийн уран бүтээлчид давтаж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцийн сэдэв болж байна.
Монголд мэргэжлээрээ олон жил ажилласан нэгэн хөгжимчний цахим хуудсандаа бичсэнээр, манай улсад 20 жил ажилласан хөгжимчний сарын цалин 850 мянган төгрөг ажээ.
Ийм байдал удаан үргэлжилсэн учраас мэргэжлийн урлагийн байгууллагууд цалингаа нэмүүлэхийн төлөө тэмцэж эхэлсэн байна.
Ойрхны жишээ татахад, БНХАУ, ОХУ-ын зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилтнуудын хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг. Өвөр Монголд гэхэд Монголоос уран бүтээлчдийг олноор урьж, сарын 2,5 - 6 сая төгрөгийн цалинтай удаан хугацаагаар ажиллуулах гэрээ санал болгосоор байгаа. Буриадад мөн адил. Мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллахад цалин нь 2.5 сая төгрөгөөс эхэлж, тухайн хүний ур чадвар, ажиллах хугацаа, ажилласан жилээс хамаараад нэмэгддэг.
Олон улсад уран бүтээлчдийн цалин дундажаар 7 сая төгрөгтэй тэнцэхүйц байхад Монголд урлагийнхны цалин ямар байгааг сонсоход итгэмээргүй.
Өвөр Монгол болон Буриад улс, цаашлаад ОХУ-ын томоохон театрууд Монголын уран бүтээлчдэд ажиллах санал тавьж, урьж аваачдаг. ОХУ-ын шилдэг театр болон Марийнский театрт л гэхэд Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар уригдан ажиллаж, сүүлийн жилүүдэд тус театрын нүүр царай болж яваа.
ОХУ-ын Буриад улсын Дуурь, балетын театрт ч бас Монголын дуучид, балетчид нэр хүндтэйгээр ажилладаг. Сонгодог урлагийн эх орон болсон Итали, Испани зэрэг улс болон Европын орнуудад мөн дуучид, хөгжимчдийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, дэлхийн хаанаас ч чадварлаг уран бүтээлчдийг татаж аваачиж чаддаг.
Монгол Улсын хоёр хөршид л гэхэд уран бүтээлчдийнх нь цалин манай улсынхаас хамаагүй өндөр байна. Өвөр Монголд дуучид, хөгжимчид, бүжиг дэглээчид, үндэсний хувцас урлаачид нь Монголын уран бүтээлчдээс 60-80 хувиар өндөр цалинтай.
Монголд уран бүтээлчид хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаагаас болж барилга дээр ажиллаж, БНСУ болон бусад орныг зорьж хөдөлмөр эрхэлж байгаад иргэд бухимдалтай хандаж буй.
Иргэд цахимд үзэл бодлоо илэрхийлэхдээ “Соёлын яам энэ асуудалд улам нухацтай анхаарахгүй бол Монголын соёл урлагийн салбарт ажиллах хүч амьдралын төлөө урагшаа цувах хандлагатай байна”, “Улс шиг улс байхын тулд ядаж мэргэжлийн урлагийн байгууллагууд эх орондоо хангалттай цалинтай, нүүр бардам ажиллаж амьдрах хэрэгтэй”, “Тайчигч бүжигчид сард 15 сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Зугаа цэнгээний урлагийг санхүүжүүлэгч нь мафи, хар тамхи, хууль бус орлого. Түүнийг мэргэжлийн урлагтай харьцуулшгүй” гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Г.Ариунбаатар, Э.Амартүвшин зэрэг дуурийн сор болсон дуучид гадны орны театрт ажиллаж, Монголын нэрийг дэлхийд гаргаж буй “Хү” хамтлаг гадны продюсеруудтай ажиллаж, хөрш орнуудад төдийгүй дэлхийн хаа сайгүй Монголын хамтлаг, уран бүтээлчид ажиллаж байна.
Үндэсний урлаг соёл, эх хэлээ хадгалж үлдэхийн тулд, эх орноо хайрлахын тулд бид соёл урлагийнхнаа гадагш алдах нь яагаад ч боломгүй зүйл. Өв соёлоо гадагш алдаж буйн жишээг бид Өвөр Монголын үндэсний урлаг, хувцас хэрэглэл хэрхэн хөгжиж байгаагаас тод харж болно. Монголоос бүжиг дэглээчид, хувцасны оёдолчид, хөгжимчид, дуучид зэрэг үндэсний урлагийнхныг өндөр цалин амлан ажиллуулж эхэлсэн ӨМӨЗО-ны үндэсний урлагийн хөгжил Монголыг хол давсан. Тэд монгол үндэсний урлаг, дээл хувцас, загварын чиг хандлагыг дэлхийд таниулж, бараг булаагаад авчихсанд монголчууд шүүмжлэлтэй ханддаг.
Буриад, Өвөр Монголоор явж байхад Монголын үндэсний урлагийг ямар өөриймсөг танилцуулж, хэрхэн сайхнаар харуулж чаддагийг бид бүгд мэднэ.
Монгол гэрийн сийлбэрчид, урлаачид мөн урд хөршид уригдан ажилладаг.
Иймээс иргэд цахимд соёл болон урлагийн аливаа төсөл хөтөлбөрийг дэмжсэн, санхүүжүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлтийн бодлогыг интервалчлаад хэрэгжүүлье гэх саналыг илэрхийлж буй. Шинэ сэргэлтийн бодлогод үүнийг оруулах хэрэгтэй бөгөөд урлаг соёлоо дэмжээд, дэмжсэн дүнгээсээ шалтгаалан тохирох хувиар татвараас нь чөлөөлөөд явчихвал энд тэнд татварын мөнгөө соёлын сэргэлт гэж үргүй зарцуулснаас үр дүнтэй аж.
Уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй байгаад бухимдсан иргэд урд, хойд хөрш монголчуудаар заалгаад урлаг соёлоо хөгжүүлж, дэлхийд таниулж буйд эмзэглэж байна.
Ямар ч мэргэжлийн, ямар ч хүн гадаадад гарч, хар бор хийгээд цагийн ажил хийх нь байж болох л зүйл ч монгол хүмүүс авьяасаараа, өв соёл тээж яваа хэдэн хөгжимчдөөрөө аяга угаалгахгүй гэсэн харамсал байна. Ингэж онцолж харамсахыг нь ойлгох өнцөг ч бас байж болох биз ээ.
Сэтгэгдэл ( 6 )
Юуун цалин нэмэх тухай яриад байна аа УИХ гишүүн болсон дээрээ амьдралаа бодож хэдэн төгрөг олж авахаа боддог юм байгаа биздээ. Хэн ч гэсэн боломжоо алдахгүй г хичээн шүүдээ.
Энэ олон дуучин, жүжигчин, хөгжимчний хэрэг юун, тэгээд ч эдний цалинг нэмэх тийм элбэг мөнгө нь байхгүй ш дээ, нийгэмд хэрэгтэй ажил хөдөлмөр хийцгээх хэрэгтэй ш дээ
Сод авьяасгүй бол тэгээд л өнгөрөө
haha
avyasaaraa amidradl yavj baigaa humuusiig bas yaah ge be zah aeeliin niigem shuu dee naad halamjiin sentgelgeegee hayzzchee
Соёлын яамны сайд гэж амьдрал мэдэхгүй баян айлын эрх охин цалин нэмүүлэх тухай саналын тухай ерөөсөө ярихгүй юмаа