Цагдаагийн алба хаагч иргэнийг зодож, гэмтээсэн хэргийг ПРОКУРОР ХЯНАЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 836 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 804 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Хилийн цэргийн ...-р ангийн эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж зөрчил гаргагчид давуу байдал бий болгосон гэх;
-Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “У” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эдийн засгийн давуу байдлыг бий болгосон гэх;
-Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгэмлэгт хохирол учруулсан гэх;
-Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд иргэн “Г” цагдаагийн алба хаагч нарт зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх;
-“Б” нь Архангай аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэх;
-Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчийн судлалын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Н” нь  хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
-Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтан “О” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд удаа дараа хахууль авсан гэх;
-“У” нь Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хууль бус давуу байдал бий болгосон гэх;
-Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “С”, “Г”, “Ф”, “Ж” нар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан тушаалтан “Б”, “С”, “Б”, “Т” нар нэр бүхий иргэдээс хясан боогдуулах замаар хахууль авсан гэх;
-“М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ­ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт хянуулахаар хүргүүлжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top