Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В, ТОГТВОРТОЙ” хэвээр үлдээлээ

2023 оны 05 сарын 17

“Фитч”/Fitch Ratings/ агентлаг монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээхээ энэ сарын 15-нд мэдэгдлээ.

Тус агентлаг дараах үндэслэлээр Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна.

Тухайлбал В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна. Гэхдээ санхүүгийн эх үүсвэр гаднаас хамааралтай, ялангуяа түүхий эдийн экспорт БНХАУ-аас шууд хамааралтай байгааг мэдээлэлдээ дурджээ.

“Фитч” агентлаг Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5%-тай байна гэж тооцоолсон байна. Уул уурхайн салбар сэргэсэн, нүүрсний экспорт тогтворжсон, төмөр замын тээвэрлэлт ойрын жилүүдэд жигдэрч экспорт 2 дахин өснө, “Оюу Толгой” төслийн далд уурхайн олборлолт эхэлсэн зэргийг үндэслэж, эдийн засгийн өсөлтийн тооцоог гаргажээ. Харин манай улсын гадаад валютын нөөц бусад В зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад сул хэвээр байна.

Хэдийгээр Засгийн газраас гадаад өрийн зохицуулалтыг сайн хийж байгаа ч 10 сард төлөх ёстой Хөгжлийн банкнаас гаргасан “Евро” бондыг төлөхөд Засгийн газар өрийн баталгаа гаргаж болзошгүй байгааг анхааруулжээ.

Мөн “Фитч” агентлаг манай улсын төсвийн алдагдлыг 2023-2024 онд 1%-иас бага байхаар төсөөлж байна. Гэсэн ч уул уурхайн салбар төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа учраас гадаад орчны эмзэг байдлыг улам нэмэгдүүлж болзошгүй байна.

Цаашид Засгийн газрын өр үргэлжлэн буурах төлөвтэй байгаа ба 2024 онд ДНБ-ны 55 хувьд хүрч буурахаар байна. Инфляц 2023 онд 12%-тай, 2024 онд 9 орчим хувь болж буурах гэж “Фитч” агентлаг дүгнэсэн байна.


Та бүхэн дэлгэрэнгүй хэвлэлийн мэдээг доорх линкээр орж үзнэ үү.

https://www.fitchratings.com/research/sovereigns/fitch-affirms-mongolia-at-b-outlook-stable-15-05-2023

Эх сурвалж: Сангийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top