“Хэлгүй” монгол

2023 оны 05 сарын 18

Монголын ирээдүй “хэлгүй” болжээ. Юун нэгдүгээр ангиас англи хэл заах манатай.

Эх монгол хэлээрээ уншиж, ярьж, бичиж чадахгүй шинэ үе айсуйг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас авсан монгол хэлний шалгалт харууллаа. Энэ бол жинхэнэ утгаараа Монголын эмгэнэл. Эмгэнэл гэх ч багадна. 2023 онд шалгалт өгөгсдөөс Улаанбаатараас 19, аймгуудаас 17 сурагч л 800 буюу бүрэн оноо авчээ. Бүхэл бүтэн улс даяараа 15807 сурагч шалгуулсан гэхэд ганц ангийн хэмжээний л хүүхэд монгол хэлний шалгалтаа бүрэн өгсөн гэсэн үг.

Аймгуудаас Хөвсгөлөөс дөрвөн сурагч бүрэн оноо авсан нь хамгийн дээд үзүүлэлт. Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Төв аймгаас тус бүр хоёр шалгуулагч 800 оноо авчээ. Цөөн аймгаас ганц ганц хүүхэд дээд оноо авсан бол Булган, Говь-Алтай, Говьсүмбэр гээд тэг заачихсан аймаг цөөнгүй. Хамгийн сул оролцсон нь Баян-Өлгий, үндэсний онцлог байсан гэж бодож болох ч тааруухан дүнтэй яваа Ховд, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Завхан, Дархан-Уул, Сэлэнгэ, Булганыг юу гэж цагаатгах вэ. Уг нь хөдөө орон нутагт эх хэл цэврээрээ бий гэж санаж байсан сан.

Монголын ирээдүй монгол хэлгүй болж буйд хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө монгол хэл, уран зохиолын сайн багш, агуулга сайтай сурах бичиг өдрийн од мэт болж. Бага ангийн сайн багшаар сурагчдыг 1-2 дугаар ангид нь монгол хэлээр тултал амлуулаад гуравдугаар ангиас англи хэл үзэхэд болохгүй зүйлгүй. Гэтэл арванхоёрдугаар анги төгсөж буй сурагчид монголоороо бичиж чадахгүй суугааг юугаар ч зөвтгөж болшгүй нь. Уран зохиолын хичээлийг ор нэр болгож, бүр үгүйсгэх болсон нь эх хэлээсээ салах бас нэг шалтгаан. Дэлхийн сонгодог зохиолуудыг төрөлх хэлээрээ уншуулж, монголоороо яруу тунгалаг найруулан бичсэн Д.Нацагдорж, Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Лодойдамба, Д.Намдаг тэргүүтэй сод зохиолчдын бүтээлтэй танилцуулж, уран зохиолын цагийг тавиухан олгодог бол ийм алдаанд хүрэхгүй байв.

“Муу дээр муухай, муухай дээр улцан нэмэр” гэгчээр сошиалын хэллэг гэгч залуусын хэлийг эвддэг нэг сүйтгэгч гарч ирсэн. Элдэв маяг үзүүлж эх хэлээ эвдэн бичдэг нь хэтийдээд түүндээ автаж, түүгээрээ бичдэг нэг үетэй болов. Төрийн байгууллагад шинээр орж ирээд “Би сошиалын бичгээр л бичдэг” гэх, англи галигаар латин цагаан толгойн үсгээр бичдэг залуу хүн таарч байлаа. Удалгүй монголоороо зөв сайхан бичиж сурсан л даа. Тэр залуу хүний буруу биш, гагцхүү мөнөөх хэт хэрэглээ болсон сошиал орчин нь түүнийг тийм болгосон байж.

Аав ээж гэлтгүй, өвөө эмээ ч сошиалд автаж, бяцхан хүүхдүүдээ гар утсаар саатуулахаас бус нэг сайхан үлгэр хууч яриад өгөхгүй болохоор хүүхдийн төрөлх хэлний мэдлэг яаж ч хөгжих билээ.

Монгол хэлний зөв бичих дүрмийг байнга сольдог бас нэг уршиг бий. Монгол хэлний их тайлбар тольтой болоод байтал заавал мөрдөх 700 үг гараад ирсэн. Удалгүй түүнийгээ болиод журамласан толь барих болов. Угтаа эрвээхэй гэж бичиж байснаа эрвээхий болохоороо монгол хэлэнд ямар дэвшил гарч, улсын хөгжилд хэр нэмэр ирэх нь таашгүй. Бүх хүний үзэж хардаг телевизийн залуу сэтгүүлчид “Ирдэг байгаа, явдаг байгаа”, “Хоёулангийн яриа эхэлж байна. Гурвуулангийн нэвтрүүлэг дууслаа” гэх мэтээр ярих болсон нь хүүхэд залуусын тархинд нэвчиж, ингэж ярьж хэлэх нь хэвшил болон тогтсон.

Залуу үе хэлгүй болсны бурууг кирилл бичиг рүү түлхэх нэг хэсэг бий. Гэтэл кирилл бичгээр яруу тансаг бичсэн, орчуулсан манай дээхнэ үеийнхний өчнөөн зохиол бүтээл байгааг уншиж үзэж байгаа хүн нэн цөөрчээ. Сайхан монгол хэлээрээ харилцан ярилцдаг хуучны кинонуудыг тоож үзэх хүнгүй болсон. Агуулга, үзэл санаа нь хоцрогдсон ч хэл яриа нь амьд, жүжиглэлт нь бодитой юм шүү дээ. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, монгол баян” гэж З.Дорж агсны хэлсэн үгээс хэл нь хасагдахын хаяанд ийнхүү нэгэнт буусан байна.

Нэн түрүүнд Засгийн газраас эхлээд холбогдох яам, газрууд, сургууль, багш нар сэхээ авч хөдлөхгүй бол жилээс жилд хэлгүйчүүдийн тоо өссөөр нэг л мэдэхэд аман дээрээ монголоор ярьж буй ч ачир дээрээ үг холбож үсэг хэлхэж чадахгүй бүхэл бүтэн үетэй болох вий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top