/Л.Цэрэнжаргалын “Салхи дуудан жиргэлээ” номд/
Тэр маань хар жаахнаасаа л өөрийнхөөрөө жиргэж эхэлсэн л дээ. Эмээ дээрээ өссөн жаал тэр их хайранд нь эрх дураараа жиргэдэг байсан нь гарцаагүй. Харин сүүлд дээд сургуулийн оюутан болж орж ирээд ихээ том саглагар мөчиртэй, сүүдэрт нь санаа амар хэвтэж болохоор модны мөчир дамжин нисэн бууж жиргэдэг болсон юм. Тэр гээд байгаа маань амьдралын минь анд нөхөр, сэтгүүлч, яруу найрагч Лувсанцэрэнгийн Цэрэнжаргалыг хэлж буй хэрэг. Харин өнөөх саглагар том мод бол аугаа их Дарма Батбаяр багш л даа. Нэрт нийтлэлч Сүхбаатарын Батмөнх агсны үүсгэн байгуулсан Дорно дахины дээд сургууль буюу Их Монгол дээд сургуулийн оюутан болоход нь өвгөн багш Цээгий/Л.Цэрэнжаргал/-г анх тоож, БИШҮБИ дугуйлангийнхаа гишүүнээр авч. Тэгээд л нэг хэсэгтээ өөрийн дураар өвгөн багшийн мөчир, салаа бүрийг дамжин жиргэж явахдаа олон сайхан шүлэг бичсэн хэрэг. Бид оюутан байхдаа анд нөхдийнхөө ядаж нэг шүлгийг цээжээр бүрэн мэддэг, түүнийгээ нийтээрээ түрэн уншицгаадаг байлаа. Ямар сайндаа л ах нар биднийг сонсоод “Шүлгийг ингэж найрал дуучид шиг уншиж болдгийг та нараас л харлаа” хэмээн баярлаж, догдлон хэлж байх вэ дээ. Цээгий маань харин бусдын адил энэ тэндхийн яруу найргийн наадмуудыг хэсэж, үзэгчдийн өмнө тэр бүр шүлгээ дуудаж яваагүй. Өөрийгөө голдог, эсхүл яруу найраг тайзны урлаг биш гэдгийг хэзээнээс ойлгодог байсан эсэхийг нь өнөөдөр хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л тэр тэмдэглэлийнхээ дэвтэр шүлгээ өдийг хүртэл тасралтгүй бичиж, хааяа нэг хундага өргөн шинэ шүлгээ сонордуулсаар ирсэн. Мэдээж түүнийг ингэж тасралтгүй бичихэд нь асар ихээр нөлөөлж, урам сэтгэлийг нь бадрааж асан хүн бол Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг/Момо/ багш маань юм. Угаас Момо бол олон түмэнд хүртээлтэй, бүгдэд ижилхэн санаа тавьж чаддаг, хэдэн шавь нартаа амь шигээ хайртай тийм хүн байсан. Амь шигээ хайрлаж, амьдралд нь санаа тавьж ирсэн шавь нарынх нь түүчээнд Цээгий маань зайлшгүй нэрлэгдэх учиртай.
Энэ бүхнийг улиглан учирлаад суугаа нь анд нөхөр минь хориод жил хав дарсан шүлгүүдээ эмхэтгэн “Салхи дуудан жиргэлээ” хэмээх өвөрмөц содон нэртэй яруу найргийн номоо саяхан гаргаж, өнгөрсөн долоо хоногт ойр дотнынхноо цуглуулан хуудсыг нь дэлгэж, хуудуугүй үнэн сэтгэлийн үгээ бичин дурсгалаа.
Тэр хэзээд олон түмэнтэйгээ явж ирсэн нэгэн. Өнөөдөр түүнийг тойрон хүрээлэгч, хайртай хүмүүс нь мөн ч олон болсон байна. Өөртөө л бичээд хав дараад байсан шүлгүүдээ нэгтгээд ном гаръя гэсэн бол түүнд өчнөөн боломж байсан. Гэтэл өөрөөсөө илүүтэй бусдынхаа номыг ивээн тэтгэж хэвлүүлсээр байлаа. Баян таргандаа биш л дээ, угаас Цээгий бол сэтгэлийн хүн. Гэнэн цайлган хэрнээ хэлсэн үгэндээ эзэн болж харин ч нэг чадна. Тиймээс номыг нь хэвлүүлж өгнө гэж хэлсэн хүнийхээ номыг заавал гаргана. Өөрийн зургийн аппаратыг барьцаалан зээл авч байгаад ч хамаагүй хэвлүүлээд л өгнө. Тэглээ гээд түүнийгээ энэ тэнд яриад явахгүй. Ийм л нэгэн утга зохиолын төлөө үнэн сэтгэлээ зориулсан эрхэм чанарыг нь МЗЭ-ийн удирдлагууд олж харж, онцлон шагнасан нь “Утга зохиолын төлөө” шагнал. Их утга зохиолын сэтгэлээ сэтгэлээ дэвсэж, олон зүйл хийсэн эрхмүүд байгаа ч гэсэн түүний энгэрт л хамгийн гоё зохиж буй шагнал хэмээн боддог юм.
Салхи... Баруун хойноо тэнгэр бүрхэж, их устай борооны саарал үүл усаа дааж ядан тогтож ахуйд болжмор жиргээд л. Зөөлөн сэвшээ салхи сэвэлзэж, ээж түлээний модоо хучиж, аав хонио ойртуулахаар мордоод л. Салхи дотроо олон янз. Харин ийм нэгэн зуны зураглал дунд сэвэлзэж буй салхи их сайхан. Тийм л салхийг урин дуудаж, талын бор шувууд босон суун жиргэдэг ч бил үү. Бага байхдаа исгэрэхээр том хүмүүс “Битгий салхи дуудаад бай” гэдэг сэн. Тэгвэл үнэхээр шувуу, хүүхэд хоёр салхийг дуудаг өөрсдийн гэсэн хэлтэй бол яах вэ гэсэн бодол эл номыг уншаад төрсөн юм. Салхитай ойлголцож чаддаг хэлээ Л.Цэрэнжаргал маань л ганцаар хадгалан үлдээд түүнийгээ шүлэг болгон бусдад таниулахыг оролдож ч байгаа юм бил үү, хэн мэдлээ. Юм бүхэн болзолгүй шүү дээ. Салхины хэл мэддэг, түүнийг дуудаж чаддагаа нөхөр маань өөрөө ч мэдэхгүй байж болно. Харин тэр хэл нь гэргий Т.Мягмарсүрэндээ зориулсан
ЧИ БИДЭН ХОЁР
Гандсан тэрлэг шиг намраар
Ганцхан чамайгаа л хайрлана...
Өнжсөн хун шиг өвлөөр
Ганцхан чамайгаа л хайрлана
Амаржсан эх шиг хавраар
Ганцхан чамайгаа л хайрлана
Айраг найраг шиг зунаар
Ганцхан чамайгаа л хайрлана
Аяа... он жилүүд гэдэг чинь
Дөрвөн улирал шүү дээ
Аяа... одоо хийгээд ирээдүй гэдэг чинь
Чи бидэн хоёр шүү дээ /Салхи дуудан жиргэлээ 30-р тал/ гэх юм уу,
Цас орж гэнэ ээ
Манай нутагт
Ижий минь намаржаандаа байгаа юм сан.../Салхи дуудан жиргэлээ 44-р тал/, бүүр үгүй бол
Бүсгүйн уруул шиг нойтон цас
Бүхий л хорвоог үнгэн таалж байна
Улам зузаан орох нь дээ, энэ сайхан цас
Улан дороо яаж гишгэнэ дээ /46-р тал/,
Уулаараа цастай
Уйтгарт шаргал өдрүүдийг
Уруулаараа согтоох бүсгүй гэдэг НАМАР.../51-р тал/ гэх зэргээр илрэн гардаг байж болно.
Ямар ч гэсэн Л.Цэрэнжаргал бол энэ амьдралд өөрийн дурган жиргэж яваа. Багш хэмээх том модны мөчирт дуулан жиргэж явсан тэр өнөөдөр өөрөө ч бас бусдыг жиргүүлж явна. Салхи дуудан жиргэсэн шувуудын хэлийг буулгаж, шад бүрээр нь бидэнд ойлгуулах гэж оролдсон ийм нэгэн номыг та бүхэн ч гэсэн уншаад нэг үзээрэй. Жигүүрээ дэлгэн нисээд жиргэн дуулмаар санагдана гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 2 )
хүн ойлгохын аргагүй үг өгүүлбэрээр гоёоогоод бие нээ үгүй ээ мөн их магтах юм Сүүлийн дуучид үзэгчдээс алга гуйгаад зогсчихдог,яруу найрагчид нь яриад байгаа юмаа өөрөө ч ойлгоогүй хүмүүст уншиж өгөх гээд салахгүй иргэдийг залхааж байна даа Адарсүрэнг яадаг билээ алгаа ташсаар байгаад 18 дахиулчихаж чадаж байлаа шүүдээ.Чойном,Нямдорж,Цэдэндорж Ш.Цэндгомбо,Доржийн Гомбожав,Пунцагийн Бадарч Барнагийн Доржпалам нарыг шүлгийг нь нэхээд гараас нь хормойноос зүүгдээд салдаггүй уншигчидтай байсандаа.Одоо залхаад бушуухан холддог болсон байна шүүдээ
хүн ойлгохын аргагүй үг өгүүлбэрээр гоёоогоод бие нээ үгүй ээ мөн их магтах юм Сүүлийн дуучид үзэгчдээс алга гуйгаад зогсчихдог,яруу найрагчид нь яриад байгаа юмаа өөрөө ч ойлгоогүй хүмүүст уншиж өгөх гээд салахгүй иргэдийг залхааж байна даа Адарсүрэнг яадаг билээ алгаа ташсаар байгаад 18 дахиулчихаж чадаж байлаа шүүдээ.Чойном,Нямдорж,Цэдэндорж Ш.Цэндгомбо,Доржийн Гомбожав,Пунцагийн Бадарч Барнагийн Доржпалам нарыг шүлгийг нь нэхээд гараас нь хормойноос зүүгдээд салдаггүй уншигчидтай байсандаа.Одоо залхаад бушуухан холддог болсон байна шүүдээ