Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтыг оролцогчид өндрөөр үнэлж байна

2023 оны 05 сарын 25

Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт хоёр дахь өдрөө (2023.05.25) үргэлжиллээ.

Сургалтаар хууль, хууль зүйн техник, төсөл боловсруулагч гэж хэн байх зэрэг суурь ойлголтоос эхлээд хуульд тавигдах агуулгын болон техникийн шаардлагууд, төсөл боловсруулах арга ажиллагаа, эрх зүйн рецепци, хууль тогтоомжийн системчлэл зэрэг нарийвчилсан асуудлыг онолын ба практикийн үүднээс задлан үзэж байна.

Энэхүү магадлан итгэмжлэгдсэн сургалтын анхны ээлжинд Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төсөл боловсруулагч, хуульч нар болон төрийн захиргааны төв байгууллагуудын Хууль, эрх зүйн газар, хэлтсийн ажилтнууд зэрэг 50 хүн хамрагдаж байгаа бөгөөд тэдэнд 3.0 кредит олгож, батламж гардуулах юм. Ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын жишгийн дагуу зохион байгуулж буй тус сургалтын талаар багш, оролцогчид өндрөөр үнэлж байна.

 

Суралцагч Б.Мөнхбат

/БХЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/

-Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа хууль боловсруулагчдыг бэлтгэх сургалтын ач холбогдол нь бол хууль санаачлах эрх бүхий субъектүүдээс санаачлан гарч байгаа тэдгээр одоо хуулийн төслүүдийг хэрхэн Монгол Улсын одоо хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, энэ процессыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Учир нь юу вэ гэхээр одоо төрийн захиргааны төв байгууллагуудын хуулийн төсөл боловсруулах нэгжүүд болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох эрх бүхий албан тушаалтнууд хуулийн төслийг одоо боловсруулахад хэрхэн харилцан хамтарч ажиллах, ямар уялдаа холбоотой ажиллах, цаашид юун дээр илүү анхаарах ёстой талаар онолын мэдлэгээ бататгаад, практик дээр буюу бодит байдал дээр хуулийн төслийг боловсруулах дадлага чадвараа дээшлүүлж байгаагаараа энэ сургалт рнцлог болж байна. Мөн цаашдаа тулгамдаж байгаа асуудлуудын талаар нэгдмэл ойлголттой болох, юун дээр анхаарах вэ зэрэг олон асуудлаар бидэнд хариулт өгч байгаад энэ сургалтын гол ач холбогдол оршиж байна гэж үзэж байна. Сургалтаар урьд өмнө бидэнд эргэлзээтэй, төөрөгдөлтэй байсан, ойлгомжгүй байсан, тодорхойгүй байсан асуудлуудыг нэлээн ойлгомжтой болгож, мөн шинэ мэдээ, мэдээллийг авч байна. Энэ сургалтыг цаашид тогтмол зохион байгуулна гэж байна. Энэ удаагийн сургалт анхных нь болж байна. Дараа нь ахисан шатын сургалт зохион байгуулагдах учраас түүнд өнөөдрийн анхан шатынхаа сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнээрээ хамрагдвал илүү их мэдлэг, ур чадвар олж авна байх гэж бодож байна. Дараагийн ахисан шатны сургалтыг нийтийг хамарсан биш тодорхой салбарын эрх зүйд ч юм уу, эсвэл тухайлсан аль нэг хууль тогтоомж дээр онцгойлон яаж ажиллах вэ гэдэг талаас нь онол, дадлага хослуулсан байдлаар явуулбал зүгээр болов уу.

 

Модератор Н.Лувсанжав

/Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх/

-Хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, тэдэнд мэдлэг олгох анхны сургалт явагдаж байна. Улсын Их Хурлын Тамгын газар, Хуульчдын холбоо хамтраад энэ арга хэмжээг Швейцарын хөгжлийн агентлагийн төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа. Хууль боловсруулна гэдэг амар ажил биш. Энэ бол маш сайн үндэслэлтэй, шинжлэх ухааны судалгаа, тооцоотойгоор хийдэгэ ажил. Үүнийг бас тэр болгон хүн бүр хийхэд хэцүү. Яагаад гэвэл хуулийн техник гэж нэг ойлголт байна. Хууль зүйн техникийн асуудал бол өөрөө биеэ даасан шинжлэх ухаан юм. Үүний гол суурийг мэддэг хүмүүс хуулийн төсөл боловсруулах дээр ажиллахаас өөр арга байхгүй. Яамд, агентлагуудад энэ чиглэлээр ажиллаж байгаа хуульчид бий. Тэгэхээр тэднийг оролцуулж хуулийн техник, хууль боловсруулах арга зүй, зарчим, хууль боловсруулахтай холбоотой үйл явцын талаар маш тодорхой, гүнзгийрүүлсэн мэргэжлийн мэдлэг өгөх зорилготойгоор энэ сургалтыг хийж байгаа юм. Өнөөдөр гол гол хуулиуд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн баригдаж байгаа. Мэдээж, бас Улсын Их Хурлын гишүүд, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Тэдний хууль боловсруулах ажлын чанарт энэ сургалт чухал ач холбогдолтой. Хуулийн төсөл боловсруулах ажлыг хийдэг тэр мэргэжлийн хүмүүс маань хэр зэрэг мэргэшсэн байхаас тухайн хуулийн төслийн чанар шалтгаалдаг. Тийм учраас хуульчид маань хууль тогтоогч, санаачлагчдын санаа бодол, бодлогыг хуулийн төсөлд шингээж боловсруулна гэдэг нэлээн чимхлүүр бөгөөд хариуцлагатай ажил. Тэгэхээр энэ ажлын чанар сургалтын үр дүнд сайжирна. Чанартай боловсруулсан хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн баригдвал асуудлыг хэлэлцэхэд улам цэгцтэй, ойлгомжтой, тодорхой, бас богино хугацаанд хэлэлцүүлгүүд явагдах боломжийг нээж өгнө. Тийм учраас хуулийн төслийн чанарыг сайжруулахад энэ сургалт чухал үр дүнгээ өгнө гэж бодож байна. Анхны сургалт учраас, мэдээж хэрэг, цаашаа боловсронгуй болгох, чанаржуулах асуудал гарна. Цаашид тогтвортой, тогтмол явагддаг сургалт болбол үр өгөөж нь маш их байх юм гэдгийг би онцлон хэлмээр байна.

 

Суралцагч Ц.Норовдондог

/Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга/

-Энэ сургалтын онцлог бол, нэгдүгээрт, анх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ маш чухал. Сургалтын хөтөлбөрийг хууль бүтээх үйл ажиллагааны асуудлыг, процессыг хуулийн төсөл боловсруулахтай холбоотой арга зүйн бөгөөд онол, практикийн талаас маш их системтэй, цэгцтэй, иж бүрэн ойлголт өгөхүйц хэмжээнд боловсруулсан байна гэж би харж байна. Хууль бүтээх үйл ажиллагаа бол зөвхөн хуульчдын асуудал биш. Энэ үйл ажиллагаанд судлаач, шинжээчид, хуульчид, мөн хууль тогтоох байгууллагын бүтцэд ажиллаж байгаа төрийн байгууллага буюу тамгын газрын зөвлөхүүд, судалгаа шинжилгээний чиг үүрэгтэй ажилтнууд оролцож ажилладаг. Хуулийн төсөл боловсруулах цикл дунд хууль тогтоомжийн хэрэгжилтээс үүсэн гарч болзошгүй үр дагаврыг судлах, энэ хууль үнэхээр хэрэгтэй юү, үгүй юү гэдэг тэр эрэлт хэрэгцээг судлах шаардлагатай болдог. Энэ бол тухайн хуулийн үзэл баримтлал, төслийг боловсруулах хамгийн суурь ажиллагаа байдаг. Тийм учраас энэ сургалтад манай Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн судлаачид оролцож байгаа нь маш чухал. Хууль тогтоогчийн гаргаж байгаа санаа, судлаачдын дэвшүүлж байгаа энэ хуульчлах шаардлагатай асуудал мөн байна гэсэн дүгнэлт дээр тулгуурлаад энэ хуулиар ямар асуудлыг яаж зохицуулах вэ, ямар үр дагавар гарах вэ, энэ хууль хэрэгжих боломжтой юу, үгүй юү гэдгийг хууль зүйн болоод шинжлэх ухааны үндэслэлтэй практик үндэслэлтэй судалгаагаар гаргаж ирдэг. Үүний дараа мэдээж, хуулийн төсөл боловсрогдоно. Энэ сургалтын эхний өдөр буюу өчигдөр Монгол Улсын хууль зүйн салбар дотроо тэргүүлэх одоо байр суурьтай багш нар, тухайлбал, профессор Н.Лүндэндорж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан зэрэг багш нар хичээл орсон. Үнэхээр сонирхолтой байсан. Яагаад гэхээр, хууль боловсруулна, нийтээр дагаж мөрдөх, эрх зүйн хэм хэмжээг тогтооно гэдэг бол тодорхой зарчим, эрх зүйд захирагддаг, хуулийн төсөл боловсруулагчид тавигддаг шаардлага, зарчмын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онолын болон практик аргад суурилсан үнэхээр чухал ойлголт юм байна. Энэ талаар системтэй, иж бүрэн мэдлэг, мэдээлэл олж авлаа. Хоёрдугаарт, хуулийн төсөл боловсруулагч гэж хэн бэ, тэдэнд ямар шаардлага тавигддаг вэ, яаж ажиллах ёстой вэ гэдгийг маш сайн тайлбарлаж өглөө. Хуулийн төсөл боловсруулагч бол хууль тогтоох эрх мэдэгдэлтэй субъект биш. Хууль тогтоогч бүрэн эрхийнхээ хүрээнд би энэ асуудлыг хуульчилмаар байна гэдэг санаа гаргадаг. Тэр хүний одоо толгойд байгаа санааг хуулийн төсөл боловсруулах зарчимд нийцүүлж боловсруулахын тулд яаж мэдлэгтэй, мэргэшсэн байдлаар, бүх талуудын эрх тэгш байдлыг хангаж ажиллах вэ гэдэг дээр хуулийн төсөл боловсруулж байгаа баг, төрийн албан хаагчаас мэдлэг, ур чадварын зэрэгцээ маш нарийн ухаан шаарддаг байна. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд нийтийн эрх ашгийн үүднээс, мэргэжлийн байдлаар энэ торгон ухааныг гаргаж хууль тогтоогчтой харьцах шаардлагыг бий болгодог юм байна. Хуулийн төсөл боловсруулагч бол “Сэтгэл хөдлөлтэй хясаа” гэж АНУ-ын нэрт хуульч Р.Дикерсон хэлсэн байгаа юм. Хясаа шиг нуугдмал мөртлөө түүнээс ялгаатай нь бид хүн учраас сэтгэл хөдлөлтэй. Тэгэхээр тэр тэнцвэрийг хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдахгүйгээр, мэргэжлийнхээ давуу байдлыг илэрхий гаргахгүйгээр тухайн хийж байгаа ажил, боловсруулж байгаа хуулийн төсөлдөө мэдлэг, чадвар, хүсэл зориг, хуульчийн зарчмуудаа шингээж боловсруулна гэсэн санаа юм. Энэ зарчмыг сургалтаар сайтар ойлгож авсан. Цаашдаа үргэлжлэх зайлшгүй шаардлагатай сургалт байна гэж хэлмээр байна. Учир нь манай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажилтнуудад цааш цаашдаа системтэй мэдлэг олгох, ур чадвар, арга зүй олгоход зайлшгүй хэрэгтэй сургалт байна. Одоогийн байдлаар хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд ийм цэгцтэй мэдлэг, мэдээлэл олгож байгаа өөр сургалт Монгол Улсад байхгүй байна. Тийм учраас эрэлт хэрэгцээ үнэхээр их байна. Сургалтад хуульчид, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөхүүдээс гадна судлаачид заавал оролцох ёстой юм байна. Яагаад гэхээр, сүүлийн үед хууль тогтоомжийн хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагаврыг судлах, үнэлэх асуудал маш чухлаар тавигдаж байна. Судалгаагүйгээр хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Олон нийтээр хэлэлцүүлээгүй, мэргэжлийн судлаачид үндэслэлтэйгээр гаргаж ирээгүй байхад хуулиар оролдож болохгүй. Иймд судлаачид энэ сургалтад заавал оролцох ёстой юм байна. Хууль тогтоох, хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаа бол багийн ажил. Зөвхөн хуульчдын ажил, асуудал биш, үүнд олон талын мэргэжлийн, салбарын хүмүүс, судлаачид, хуульчдын оролцоо хэрэгтэй. Хуулийн бичвэрт тавигддаг техникийн шаардлага, зарчим байгаа. Үүнийг хангаж ажиллах ёстой гэдэг дээр бид бас дасгал ажиллаж байна. Тэгэхээр энэ онолтой, практиктай, агуулгын хувьд энэ сургалтын хөтөлбөр маш сайн болсон байна гэдгийг дахин хэлье.

 

Багш Б.Амарсанаа

/МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор/

-Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт бол үнэхээр чухал. Манай улс эх газрын эрх зүйн бүлд хамаардаг. Өөрөөр хэлбэл, хууль суурьтай арга хэрэгслээр нийгмийнхээ харилцааг зохицуулдаг. Иймд хуулийн төслүүд алдаа мадаггүй, хамрах хүрээгээ зөв тодорхойлсон, субъектээ зөв оноосон байхгүй бол нийгэмд маш их хүндрэл авчрах үр дагавартай. Тэгэхлээр хуулийн төслийг бичиж байгаа, хуулийн төсөл боловсруулах эх баригч нар маань сайн ажиллахгүй бол нийгэмд маш том асуудал үүсгэнэ гэсэн үг. Энэ сургалтыг явуулснаар Монголын эрх зүйн тогтолцоо, цаашлаад нийгэмд ихээхэн ач холбогдолтой, эерэг сайн үр дүн авчирна. Хууль нарийвчилсан буюу нэг бүрчилсэн шинжтэй үр дагаврыг дагуулдаг учраас хууль боловсруулах түвшинд зарим алдаа мадаг гардаг. Үг, үсгийн алдаа байхгүй боловч үзэл баримтлалын, боловсруулалтын түвшинд алдаа гарах, мөн хуулийн тодорхой арга хэрэгслүүд дээрээ буруу сонголт хийх гэх мэт тохиолдлуудыг нэрлэж болно. Энэ сургалт эдгээр асуудалд нэлээн төвлөрч, хууль санаачлагчдын өмнөөс төслийг боловсруулж бичих ажлыг хариуцдаг эх баригч нарыг нэгдмэл, зөв ойлголттой болгох, асуудлыг цэгцлэх ач холбогдолтой болж байна.

 

Суралцагч Д.Ёндонжамц

/ХЭҮК-ийн Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга/

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа энэ хуулийн төсөл боловсруулах арга зүйн сургалт бол цаг үеэ, олсон үр дүнтэй сургалт болж байна. Би Хүний эрхийн Үндэсний комиссоос оролцож байна. Сургалтад оролцож байгаа бусад хүмүүс маань төрийн байгууллагуудын хууль, эрх зүйн асуудал хариуцсан болон судалгаа, дүн шинжилгээ хариуцсан нэгжийн албан хаагчид байна. Ялангуяа залуу судлаач, хуульч нар ихээр оролцож байна. Тэгэхээр энэ сургалт урьд өмнө нь хийгдэж байгаагүй, анх удаа ийм төрийн байгууллагуудын төлөөллийг хамруулж, агуулгын хувьд маш өргөн хүрээтэй, нарийн зохион байгуулалттай арга хэмжээ болж байгаад талархаж байна. Сургалтаар бид хуулийн төслийг хэрхэн боловсруулах, үүнд яаж санал дүгнэлтээ өгөх, хэрхэн оролцох зэрэг чухал асуудлуудаар илүү нарийвчилсан онолын болон практик мэдлэгийг бататган авч байна. Энэ бол залуу судлаач, хуульчид бидэнд маш их үр дүнтэй, цаашдаа хуулийн чанарт ихээхэн ач холбогдолтой ажил болж байна гэж үзэж байна.

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top