Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх ажлыг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Уг нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомт хариуцсан сайд Б.Тулгат нараас гадна УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал П.Ганхүү, тус компанийн Баруун босоо чиглэлийн төмөр замын төслийн менежер Т.Сайнжаргал нар оролцов.
Энэ үеэр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал П.Ганхүү "Төмөр замын бүтээн байгуулалтад төрийн өмчит “Монголын төмөр зам” компани 51 хувийн, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан ААН байгуулан оролцож, улмаар төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлэхийг тодотгосон юм. Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос” зэрэг 5 компани мөн хөрөнгө оруулалтад оролцож байна. Тэрбээр дээрх бүтээн байгуулалтыг төр- хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болсон шийдэл гэдгийг онцоллоо. Төмөр замыг тавихдаа нутгийн гүнээс барьж хилтэй холбох бус, энэ удаа хилийн холболтоо эхэлж бариад боомтоосоо дотоод руугаа тэлэн тавих онцлоготой бүтээн байгуулалт болохыг тодотгосон юм. БНХАУ-ын талаас манайхтай холбох төмөр замыг Сэхэ боомтын орчимд 2-3 км-ын зайд бариад буйг мэдээллээ. Манай улсын тал Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг өртөө, зөрлөгийн хамт 4 сарын дотор тавьж барьж байгуулах бол Хятадын тал нэг сарын хугацаанд наашлуулж тавиад холбохоо мэдэгджээ. Тиймээс хоёр улсын хилийн хоёр боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт манай улсын ажлаас голлон шалтгаална" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ!
Сэтгэгдэл ( 0 )