“Монголын төмөр зам” ТӨХК “Эерэг харилцаа, зөв хандлага” сарын аяныг өрнүүлж байна

2023 оны 11 сарын 05

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2023 оныг бүтээмжийг нэмэгдүүлж  хариуцлага үр дүнг тооцох жил болгох уриан дор газар нэгжүүдийн санаачилгаар сар бүр зорилтот аяныг өрнүүлэн ажиллаж байна. Тус компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын санаачилгаар “Эерэг харилцаа, зөв хандлага” сарын аяныг эхлүүлж “Хамт олны харилцаа, хувь хүний манлайлал” сэдэвт лекцээр үйл ажиллагааг эхлүүллээ. 
Үйл ажиллагаанд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаа нар хүрэлцэн ирж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олонд хандан үг хэлж, санал солилцлоо.

Энэ үеэр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ: “ ...  “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулах онцгой үүрэг чиглэлтэйгээр ажиллаж  байгаа.

ТӨБЗГ-аас “Бид Ёс зүйг эрхэмлэсэн, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяныг эхлүүлж байгууллагуудад хандсан нөлөөллийн ажлыг төрийн өмчит компаниудын албан хаагчдын оролцуулан өргөн хүрээнд амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс үүнтэй уялдсан арга хэмжээг төлөвлөж, аяныг эхлүүлж буйд баяртай байна. Төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулан зорилтдоо хүрэхэд ажилтан бүрийн хариуцлага, үүрэг оролцоо, хандлага туйлын чухал. “Эерэг харилцаа, зөв хандлага” сэдэвт аяныг өрнүүлж буй та бүхэнд амжилт хүсье!... “ хэмээн онцлов.

“Эерэг харилцаа, зөв хандлага” сарын аяны хүрээнд “Байгууллагын соёл”, “Сүлжээний орчинд аюулгүй ажиллах”, “Төлөвлөлт ба амжилт”, “Сошиал платформыг албан хэрэгцээнд ашиглах”, “Цахим засаглал, шилжилт, хуваагдал” сэдэвт сургалтууд болон олон нийтийн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top