Эрдоганы эрин үе: Туркийн зуунд хөтлөх зөв алхмууд

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулж, гурав дахь удаагаа тус улсын төрийн тэргүүнээр сонгогдов.

Туркийн Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, Эрдоган 52.14 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Кемаль Кылычдароглу 47.86 хувийн санал авчээ.

Анатолиа агентлагийн мэдээлснээр, 400 мянга орчим саналын хуудсыг тоолох үлдээд байгаа ч сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй аж. Ерөнхийлөгчийн болон энэ сарын 14-нд болсон парламентын сонгуулийн дүнг албан ёсоор ирэх сарын 1-нд зарлах юм.

Режеп Тайип Эрдоган 2014 оны анх Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2018 он болон 2023 онд дахин сонгогдов. Түүнээс өмнө Туркийн анхны гурван ерөнхийлөгч гурав болон түүнээс дээш удаа дараалан сонгогдож байжээ. Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Мустафа Кемаль Ататюрк 1923-1938 оны хооронд, Исмет Инёню 1938-1950 оны хооронд тус бүр дөрвөн удаа сонгогдож байсан бол Махмуд Желял Баяр 1950-1960 оны хооронд Туркийн удирдаж байв.

Режеп Тайип Эрдоган сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа “Туркт болсон сонгуульд ардчилал яллаа. Өнөөдөр ялагдагчид гэж байхгүй. Турк улс, Туркийн 85 сая иргэн яллаа” хэмээжээ.

Турк ирэх таван жилд

Эрдоган “Туркийн зуунд хөтлөх зөв алхмууд” уриатай сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг бэхжүүлнэ гэж амласан. Эрдоган Туркийн ард түмний хүсэл зоригийг тусгасан, шашин шүтлэг, хэл, арьсны өнгө, соёлоос үл хамааран бүх иргэдийн эрх ашгийг хамгаалсан шинэ Үндсэн хууль батлах тухай бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байна.

Тэрбээр мөн 50 мянга гаруй хүний амийг авч одсон хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлтийн үр дагаврыг ойрын хугацаанд арилгах амлалт өгсөн. Мөрийн хөтөлбөрт тусгасанчлан, байгалийн гамшигт нэрвэгдсэн мужуудад 650 мянган орон сууц барихаар заасан ба 319 мянгыг нь энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүний сацуу Эрдоган бүх хотын байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийг амлажээ.

Туркийн Ерөнхийлөгч эдийн засгийн асуудалд ихээхэн ач холбогдол өгч байна. Тэрбээр 2022 онд 64 хувийг давж байсан инфляцын түвшинг хэд дахин бууруулах, ард иргэдийн амьдралын түвшинг нэмэгдүүлэх, цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх амлалт өгчээ. 2028 он гэхэд эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 5.5 хувьд барих, ДНБ-ийг 1.5 их наяд ам.долларт хүргэхээр зорьж байна. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 16 мянган ам.долларт хүргэж, ажилгүйдлийн түвшинг долоон хувь болгон бууруулж, 5-6 сая ажлын байр шинээр бий болгоно. Туркийн эрх баригчид эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшинг 35 хувьд хүргэж, тэдэнд уян хатан цагийн хуваариар ажиллах, сургалтын хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжоор хангах зорилт тавиад байна.

Түүнчлэн, Туркийн экспортын хэмжээг 2028 он гэхэд 400 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байна. Эрдоганы мөрийн хөтөлбөрт мөн гаднын жуулчдыг тоог 90 саяд хүргэх, аялал жуулчлалын салбарын орлогыг 100 тэрбум ам.доллар болгон, нэмэгдүүлэх зорилтыг тусгажээ.

Эрдоганы мөрийн хөтөлбөрт туссан бас нэг гол зорилт бол эрчим хүчний эх үүсвэрийн импортоос хараат байдлыг 71 хувиас 56 хувь болгон бууруулах амлалт. Энэ хүрээнд Турк улс шинэ атомын цахилгаан станцуудыг барих, дотоодын байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх замаар энэхүү зорилтод хүрэхээр төлөвлөжээ.

Дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 онд зарласан “Истанбул” сувгийн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр зорьж байна. Тус суваг Мармара тэнгисийг Хар далайтай холбох ба улмаар Босфорын хоолойн ижил үүрэг гүйцэтгэх юм. Эрдоган мөн Анкара, Истанбул хотуудыг холбосон өндөр хурдны төмөр замын шугам байгуулах төсөл хэрэгжүүлэх амлалт өгсөн. Галт тэрэгний хурд 400 км/ц байх аж.

Үүний сацуу Режеп Тайип Эрдоган гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хэд хэдэн нийгмийн чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр хөтөлбөр нь өрхийн орлогын нэмэгдүүлэх, залуучуудын ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Залуу гэр бүлийг дэмжих үүднээс залуу хосуудад 150 мянган лира буюу өнөөгийн ханшаар 7460 ам.долларын хэмжээтэй, 48 саяын хугацаатай хүүгүй зээл олгохоор амласан.

Боловсролын салбарын хувьд Эрдоган Туркийг их дээд сургуулиудад нь суралцахад хамгийн таатай дэлхийн таван орнуудын нэг болгох зорилт тавьж, гаднын оюутнуудын тоог 260 мянгаас нэг саяд хүргэхээр төлөвлөжээ. Мөн Туркийн дор хаяж 10 их дээд сургуулийг олон улсын рейтингээр 500 шилдэг их дээд сургуулиудын жагсаалтад оруулах томоохон зорилт тавьжээ.

Гадаад бодлогын хүрээнд Режеп Тайип Эрдоган өрнөдийн орнуудтай ч тэр, Оростой ч тэр харилцаагаа хөгжүүлэх зорилт тавьсан. Орос, Украины мөргөлдөөнд төвийг сахисан байр суурийг үргэлжлүүлэн баримтална. Түүнчлэн, Турк улс Сирийн мөргөлдөөнд оролцогч бүхий л талтай харилцаагаа идэвхжүүлэх замаар тус улсын хямралыг шийдвэрлэхийг эрмэлзэнэ хэмээн Эрдоганы мөрийн хөтөлбөрт заажээ. Хөрш зэргэлдээх орнуудтай харилцах харилцаагаа үндэсний эрх ашгийг харилцан хүндэтгэсэн зарчим, хамтын ажиллагаа, тогтвортой байдал, энх тайван дээр суурилан хөгжүүлнэ хэмээжээ. Ингэхдээ Турк улс улсын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризмтой тэмцэх, тусгаар эрхийг хамгаалахад чиглэсэн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлнэ хэмээн Эрдоган амлаж байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top