Дараагийн зуунд ч тайзнаас буухгүй “Шөнө дундын бүжиг”

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 02

Сорогдогийн Жаргалсайхан хэмээх жүжгийн зохиолч ид насандаа тэнгэрт суудлаа зассан ч өнөөдөр Монголын  театрын тайзыг эзэгнэсэн хэвээр байна. Монгол даяар, драмын театртай аймаг, хот бүгдэд очиж бүтээлээ туурвисан болохоор тэр үү. Эсвэл түүний жүжгүүд  монголчуудын сэтгэл зүрхийг бүрэн  эзэмдсэн учраас бүтээлийнх нь амь сүнс нь  тийн тархчихсан  юм уу. Ямартай ч их урлагт ирж буй үеийнхэн түүний бүтээлүүдийг шинээр тавьж, жүжгийн дүрүүдийг цаг үе болгон өөр өөрийнхөөрөө урлаж,  дахин амьдруулж байна.

Сорогдогийн Жаргалсайхан маш олон жүжгийн зохиол туурвисан. “Төрийн сүлд өршөө” таван ангит уран сайхны түүхэн кино, “Хубилай хааны зарлигаар”, “Чингис хаан, Үхэж үл болно” гэхчлэн дэлгэцийн бүтээлүүд ч бий. Тайзны бүтээлүүд нь “Би эр хүнд хайртай”, “Өрлөг жанжин миний бие батална”,”Мянга нэгэн шөнийн үлгэр”, Хаан түүх”, “Там”, Адам Ева”, “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг”, “Диваажинд хүрэх зам”, “Улаан дарвуулт хөлөг”,“Би эрчүүдийг хүснэ”, “Тэмүүжин”,“Жaмух”, “Жонон гуйлгачин хоёр”, “Нэг л уучилъя” гэхчлэн урт жагсаалт хөвөрнө.

Хэдий тийм ч өнөөдөр Монголд жүжгийн зохиолч алга уу, эсвэл жүжгийн зохиол төрөхгүй байна уу. Ирж буй шинэ үеийнхэн  атал яагаад хойшоо ухарч тэртээ 20, 30 жилийн өмнөх түүний бичсэн  жүжгийн зохиолуудыг тайзнаа тавиад байна вэ. Будаг нь ханхалсан шинэхэн найруулагч яагаад өөрөөс нь өчнөөн жилийн өмнө хийж бүтээгээд явж одсон Сорогдогийн Жаргалсайханы бүтээлийг сонгов. Энд нэг л нууцлаг, тайлагдашгүй, таашгүй зүйл оршин байх шиг, “гайхамшигтай” эсвэл “гайхалтай” гэж уулга алдмаар ч юм шиг.

Энэ бүхний хариу нь түүний бүтээл дөнгөж сая барьсан талх цаг үе бүхэнд, нийгэм хэчнээн солигдсон ч, хүмүүсийн оюун санаа  хэчнээн хувьсан өөрчлөгдсөн ч шинэ, сонирхолтой, өгөгдөлтэй байж чадаж байгаад оршин буй болов уу. Бас сонин давхцал ажиглагдана. Зөвхөн нэг бүтээл дээр жишээ авахад түүний “Шөнө дундын бүжиг” жүжгийн зохиол арван жилийн завсарлагатай гурав дахь удаагаа тоглогдох гэж байна. Энэ жүжгийг 2003 онд “Хувьсал” продакшн тайзнаа анх тавьж, Шубирагийн дүрд У.Уранчимэг тоглож байв.

Түүнээс 10 жилийн дараа буюу  2013 онд хоёр дахь удаагаа тавигдсан бол энэ зуны сэрүүн цэнхэр шөнүүдэд үзэгчдийг цэнгүүлэх хамгийн хүсэмжит үзвэрийн нэг байх бололтой. 10х10х10 буюу 2003, 2013, 2013 гээд тооны хувьд сонин өгөгдөл. Бас зохиолч энэ жүжгээ ердөө гуравхан өдөрт биччихсэн гэхээр гурвын тоонд энэ жүжгийн амь сүнс оршдог мэт. Ямартай ч шинэ үеийнхэн түүний бүтээлүүдийг тайзнаа тавьдаг, үзэгчдэд танигддаг, чадал чансаагаа сорьдог, ийм  бичигдээгүй хууль оршдог юм шиг. Гэхдээ энэ удаа “Шөнө дундын бүжиг”-ийг тайзнаа дэглэх найруулагч бол “Орфей” театрын найруулагч М.Батболд. Тус театрын анхны монгол бүтээлээр сонгогдсоноороо, дээр нь жүжгийн  продюсерээр Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү Билгүүн ажиллаж байгаагаараа онцлогтой. Залуу уран бүтээлчид “Зуны шөнийн театр” гэсэн өвөрмөц өгөгдөлд “Шөнө  дундын бүжиг” дэглэж үзүүлэх зорилготой. Маш бага талбайд зуны шөнө үзэгчдийг цуглуулж кабаре хэлбэрийг нь тод томруун гаргаж тавина гэхээр бас сонирхолтой. Тийм болохоор энэ сарын 2-ноос эхлээд 12-ныг дуустал үзэгчид “Зуны шөнийн театр”-т  “Шөнө дундын бүжиг”-тэй хамт байх боломжийг залуу уран бүтээлчдийн зүгээс үзэгчдэд олгож буй. 

Ер нь бол тус жүжгийн тавигдсан дараалал, он цагийн байдлыг үзвээс  заавал тэрийг тавь, найруул гэж хэн ч захиргаадаагүй, захиалаагүй атал Сорогдогийн Жаргалсайханы бүтээл дэх дүрүүд цагийг эзлэн амьдарч, нийгэм өөрчлөгдөж шинэчлэгдэхэд одоо яах бол гэсэн хүлээлт үүсгээд байна уу гэлтэй. Гэхдээ үүнийг театр судлаачид, мэргэжлийн хүмүүс л  дүгнэж хэлэх байх. Тэр олон зууны турш театрт ноёлж ирсэн К.Станиславскийн дэг сургууль гэгчээр бүтээлээ туурвисан уу, эсвэл эдүгээ үзэгчдийг ид соронздож байгаа Б.Брехтийн “Туульсын театр”-ын арга барилд таацуулан бичсэн үү. Ямар ч байсан л ямагт сонирхолтой, бусдыг татах увидастай, мөнх настай ийм л уран бүтээлч юм. Тийм болорхоор магад түүний бүтээлүүд дараагийн зуунд ч тайзнаас буухгүй биз.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top