"Үдийн хоол"-ны чанар хүртээмжийг сайруулах, хоол тэжээлийг боловсрол олгох замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх боломж, шийдлийг гаргах, оролцогч талуудын хамтын ажиллагаа, зорилгыг нэгтгэх зорилгоор ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ хамтран ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр өчигдөр /2023.06.06/ "ХҮҮХДИЙН ХООЛ" үндэсний чуулганыг зохион байгууллаа.
Судалгаагаар өсвөр үеийнхний 18.1% нь илүүдэл жин, таргалалттай, 34.6% нь өглөөний цайгаа хааяа уудаг, 3.9% нь уудаггүй, 41.8% нь хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, 63.9% нь чихрийг 7 хоногт нэгээс олон өдөр хэрэглэдэг байна.
Өсвөр үеийн дундах хийжүүлсэн, чихэртэй ундаа уудаг, чихэр, шоколад, чихэрлэг хүнсний тогтмол хэрэглээтэй байгаа нь илүүтэйгээр таргалалтад өртдөгийг судалгаагаар тогтоожээ.
Сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалж байгаа хямд үнэтэй, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр авч байна. Судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь тогтоогджээ.
Энэ талаар ЭМ-ийн дэд сайд С.Энхболд хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянахад чиглэсэн тусгайлсан бодлого, хөтөлбөр байхгүй учраас хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, аминдэм, эрдэс бодисоор бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгах, хүнсний хууль эрх зүйн хорооны стандартыг нутагшуулах, илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний зар сурталчилгааг хориглох, эрүүл, зөв хооллох дадлыг хүн ам, олон нийтэд төлөвшүүлэх болон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох салбарын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ooroo ch bas targalttai bna