Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн мастер, нэрт зохиолч, сэтгүүлч асан Загдын Түмэнжаргалын 70 насны ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, хүү Т.Дүүрэнгийнх нь эмхэтгэсэн “ТҮМЭЭ АХ МИНЬ” дурсамжийн номын нээлт 2023 оны тавдугаар сарын 31-нд болсон юм.
Энэ үеэр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун “З.Түмэнжаргалын уянгын дууны үнэт зүйл /зарим дууны жишээн дээр/”, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Батжаргал “Хүүхдийн дууны яруу найргийн туурвил зүйд хийсэн ажиглалт”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “З.Түмэнжаргалын дууны яруу найраг дуу бүтээхүйд нөлөөлсөн нь”, Д.Нацагдоржийн шагналт зохиолч О.Сундуй “Зохиолч З.Түмэнжаргалын орчин үеийн үлгэрийн зохиомжийн онцлог”, судлаач П.Яндий “Түмэнжаргалын уран бүтээлийн судлал шүүмжийн асуудалд”, судлаач Б.Надмид “Загдын Түмэнжаргал бол нэрт сурган хүмүүжүүлэгч мөн” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний найз нөхөд, зохиолч, яруу найрагч, судлаачид ““Загдын Түмэнжаргал Монголын утга зохиолын нэг том давлагаа” болохыг нэгэн дуугаар хэлж байлаа.
Д.ГАЛБААТАР: ЗАГДЫН ТҮМЭНЖАРГАЛ МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛЫН НЭГЭН ТОМ ДАВЛАГАА
/Монгол Улсын гавьяат багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор/
-Дууны шүлгийн мастер, нэрт зохиолч, сэтгүүлч Загдын Түмэнжаргал агсан таны ойрын анд байсан гэдэг. Та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхэлсэн бэ?
-Бид их сургуулийн нэг үеийн бүтээгдэхүүн. МУИС-ийн хэл уран зохиолын факультетийн утга зохиолын танхим, түүний ойр орчмоор үерхэж нөхөрлөж явсан. Сургуулиа төгссөний дараа ч бас ойр байж, гадаад дотоодод хамт явж байсан анд минь юм. Загдын Түмэнжаргал МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч байсан. Энэ албыг манай тэнхимийн эрхлэгч С.Дулам багшаас хүлээж авч байлаа. Дараа нь МЗЭ-д ажилласан. Их нөхөрсөг, түргэн шийдвэр гаргадаг,шударга. Би Түмээгээс гурван ангийн доор боловч насаар ойролцоо.
Гэхдээ дээд, доод ангид сурч байсан учраас бид “Түмээ ах аа” гэж дуудна.Загдын Түмэнжаргал Монголын орчин үеийн уран зохиол, түүний доторх хүүхдийн уран зохиолын том мастер. Ер нь Д.Нацагдоржоос хойш хүүхдийн зохиолын салбарт хэдийгээр олон төлөөлөгч төрсөн боловч, МУИС-аас Монголын их утга зохиолд орсон уран бүтээлчийн нэг бол яах аргагүй Загдын Түмэнжаргал. Намайг энэ сургуульд ирэхэд Түмээ төгссөн юм. Тэр үед манай сургуулийн Утга зохиолын нэгдэл их нэр хүндтэй, залуучуудын уран бүтээлийн өсөлтөд их нөлөөлдөг орон зай байсан. Түмээ маань зөөлөн зантай, биднээс насаар ахимаг болохоор ахархах дуртай залуу байлаа. Хожим бид ОХУ-д нэг хэсэг хамт амьдарсан. Би Горькийн сургуульд, Түмээ маань хөдөө аж ахуй, барилгын чиглэлийн сургуульд сургагч багшаар очсон юм. Москвад очихоороо манайд байна. Би ийшээ, тийшээ тэнэмээр болбол тэднийд очно, “Заавал ир” гэж зарлиг буулгадаг сан. Бид их сургуулийн нэг үе, дээр нь гадагшаа эрдэм ном сурах гэж явсан зам мөр бидний хооронд сайхан нөхөрлөлийг бий болгосон.
-Нэг нь яруу найрагч, нөгөө нь утга зохиол судлаач, шүүмжлэгч болсон нь ч бас заяа төөрөг байх. Та Түмээ ахын уран бүтээлийг судлаачийн өнцгөөс хэрхэн дүгнэдэг вэ?
-Түмээ маань яруу найрагч хүн. Олон сайхан бүтээлийг Монголын хүүхдийн уран зохиолд үлдээсэн. Түүгээрээ Монголын хүүхдийн уран зохиолын хөгжлийн дунд үед гарч ирсэн нэг том давлагаа юм. Тэр давалгаан дотроос олонх нь шүлэг найраг тэрлэдэг байсан тийм цаг үед бид 1980-аад онд, Түмээ маань 1976 онд сургууль төгсч, хоёр жил хамт байлаа. Түмээ ШУА-д ажиллаж, МУИС-д багшилж, төрийн сонин, хэвлэл, мэдээллийн байгууллагуудад зүтгэ¬сэн жирийн уран бүтээлч.Түүний зохиолууд дотор “Шинэ танил”, “Үүрийн тэнгэр”, “Голын жараахай”, “Бид”, “18 нас”, “Нисдэг алим”, “Сонирхолтой математик”, “Цэцэрлэг¬ийн сурах бичиг”,“Унших бичиг-1”, уянгын яруу найргийн салбарт “Ус мөрөн олон чиг” гэж одоо хүртэл дуулагдаж буй алдартай дууны үгийг бичсэн.
Мөн “99 дуу” шүлэг, өгүүллэг, туужийн зохиогч. Тэр дотроо сургуулийн бага насны хүүхдүүдэд аян дан таарсан, сэтгэл санааг нь хөгжөөн баясгасан олон сайхан бүтээл үлдээсэн.“Сурагч нас минь баяртай” гэж шилжилтийн насны үеийн оюутан болсныхоо баяр хөөрийг илэрхийлсэн, “Могжоохон даагатай Жогжоохон хүү” бага насны хүүхдүүдэд уншихад их хялбар, ритм сайтай, тэгсэн хэрнээ уянгын гэхээс илүү танин мэдэхүйн бүтээлүүдийг туурвисан. Одоо хүүхдүүдийн амтархан уншдаг, ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгүүдэд зохиол бүтээл нь байнга ордог. Мөн их сургуулийн оюутан, магистрант, докторонтурт сурч буй залуу хойч үеийнхэн З.Түмэнжаргалын бүтээлийг судалгаандаа их оруулдаг
-Уран бүтээл нь яагаад хүмүүсийн сэтгэлд хоногшиж, урт удаан насалдаг юм бол?
-Хүүхдийн зан суртахуун, өсч бойжсон орчин ахуй, цаашлаад тэдний нас,сэтгэхүйн өвөрмөц онцлогт тохирсон, томчууд бидний мартсан зүйлүүдийг тэр сургууль, соёлын газарт үздэг гэдэг утгаар ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл, түүний хүүхдэд зориулсан зохиолууд нь ур чадварын их дээд жишигт хүрсэн учраас З.Түмэнжаргал үе үеийн хүүхдийн зохиолчдын хүрсэн тэр жишиг, шатыг цааш нь ахиулсан том төлөөлөгч гэж болно.
Ялангуяа түүний шүлэг, зохиол танин мэдэхүйн чиг хандлагатай, дүрийн урлал, хүүхдийн сэтгэлзүйг сургалтын чиг хандлагатай, ертөнцийг танин мэдэхэд нь зориулагдсан олон талтай байдаг. Энэ нь түүний бүтээлийн гол онцлог, үнэ цэнэ нь ч үүнд оршдог.Бага насны хүүхдүүд, дөнгөж ертөнцийг таньж, амьдралтай танилцаж буй багачуулд яруу найргийн хэлээр мэдлэг олоход шинэчлэл хийсэн уран бүтээлч гэж би боддог. “Голын жараахай”, “Цэцэрлэгийн хүүхдийн сурах бичиг”, “Унших бичиг-1”, уянгын яруу найргийн “Ус мөрөн олон чиг”, “99 дуу” зэрэг шүлэг, үлгэр, өгүүллэг, тууж бичлэг 20 гаруй ном хэвлүүлсэн Монголын орчин үеийн уран зохиолын хүүхдийн уран зохиолын салбарын тэргүүлэх төлөөлөгч. Одоо харжээ байхад Монголын уран зохиолын хүүхдийн уран зохиолын салбарын бүтэн нэг үе З.Түмэнжаргалын бүтээлүүдээс илүү гарсан шинэчлэл гарсангүй. МУИС-ийн хичээлийн II болон IV давхарт ном үзэж, нөхөрлөж, бас хэрэг төвөг ч тарьж явсан нөхдийн маань нэг дээ. 1980-аад оны эхээр сургуулиа төгсөөд Түмээ маань БСШУЯ, Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг хариуцлагатай алба хашиж байлаа.
-Шүлгүүд нь яагаад бүгд шахам дуу болчихдог юм бэ. Энд бас л онцлог байгаа даа?
-Хэдийгээр хүүхдийн зохиолч гэж яриад байгаа боловч “Очоод золгоно доо”, “Сурагч нас минь баяртай”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Бөөн баяр”, “Үүр шөнийн оддоос асуугаарай” зэрэг олон дууны шүлэг туурвисан шүү. Энэ дуунууд нь одоо ч дуулагддаг, тэр дууны шүлгийн том мастер. Ялангуяа хөгжмийн зохиолч нартай маш сайн ойлголцож чаддаг, тиймээс ч дуунууд нь олны дунд дэлгэрч, хүүхэд бүхэн дуулж өсч, одоо ч аялаад явж байна.
Т.ГАЛСАН: “АРВАЙХЭЭР” НАЙРАГЛАЛЫГ МААНЬ БАГАДАА СОНСООД УЙЛДАГ БАЙСАН ХҮҮХЭД ЮМ БИЛЭЭ
/Төрийн шагналт, Ардын уран зохиолч/
-Загдын Түмэнжаргал агсан таны дотны шавь байснаараа бахархдаг байсан гэдэг?
-Түмэнжаргал намайг одооных шиг алд шар хадагны үнэтэй биш алгахан самбайны ч үнэтэй биш хүн байх үед яруу найрагч гэж таниад ирсэн юм. “Арвайхээр” найраглалыг маань багадаа сонсоод уйлдаг байсан хүүхэд юм билээ. Би хүүгээ нэгдүгээр сургуульд аваачиж тушаалаа.
Манайх Барилгачдын долоод учраас тэр сургуульд хүүг минь авах ёсгүй. Захирал нь гавьяат багш Гомбосүрэн, хичээлийн эрхлэгч нь гавьяат багш Цэрэнннадмид байсан. “Ардын хүүхэд энэ сургуульд сурч болох уу” гэж асуусан учраас тэд манж үгэнд биш, цочоотой үгэнд юм бодсон нь тодорхой. Хүүгийн ангийн багш гээд Багшийн сургууль төгсөөд ирсэн бор банди байдаг юм байна. Тэр нь Загдын Түмэнжаргал. Хажуухан талын өрөөнд төгөлдөр хуур дуугараад л, тэгсэн тэр нь хөгжмийн билэг танхай зохиолч, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Шарав байлаа. Шарав бас манай нутгийн Гончигсумлаа гуайн гарын шавь. Хоёулаа Баянхонгорын хүний гарын шавь нар болдог нь их сонин ерөөл. Ч.Лодойдамба гуайн баян Итгэлтийн угаадсыг нь долоож байснаа урдаас нь хуцдаг нохой болсон Галсангийн дүрээр Галсан гэдэг нэр хүмүүсийн сэтгэлд таагүй буудаг байж. Үзэл суртлынхан болохоор Галсан гэхээр нэрийг нь соль гэнэ. Ямар сайндаа аугаа их Дашдооровын зохиол “Эх бүрдийн домог” киноны том хамартай өвгөний нэрийг Галсан гээд болохгүй болохоор Сангал гэж тонгоргож нэрлэсэн байгаа юм шүү дээ.
Нийгэм нэг өвчин тусахаараа ч мөн инээдтэй байдгийн жишээ юм даа. Тийм үед хоёр үгнийхээ нэгэнд “Миний Галсан багш” гэж хэлдэг нэг үл бүтэх нөхөр гарч ирсэн нь Түмэнжаргал байгаа юм. Зүгээр нэг сохор сүсгийн юм уу, их алдартан багшийн шавь болох гэсэн хэнээрхэл биш байжээ. Хичээл тараад хүүг маань хөтлөөд манайд очин, Найгалын гарын хоол идэн, шүлэг урлах эрдмийг надаар заалгадаг тийм хүүхэд байсан. Эхний шүлэг нь сайн байсан гэж би худлаа ярихгүй. Анхны бэрхшээлийг даван туулахад нь шилбүүр барьж байгаад хурга шиг шавхуурдан тэр хүүхдийг элдэнгэшүүлж байсан юм бол уу даа. Ер нь тэгж зовоосон хүүхэд надад өөр байхгүй.“Аав маань Угтаалцайдамын бор өвгөн юм. Амьдралд намайг хөтөлсөн эцэг минь та юм даа” гэж сүүлд хэлж байсан. Яагаад гэвэл хань бүлтэй болох, байр олж өгөх, сууцны мөнгөө төлөх гээд тэр бүгдэд нь тусалдаг байсан болохоор тэр биз ээ.
С.ОЮУН: ДУУНЫ НЭРТ МАСТЕР ГЭДЭГ ҮНЭЛГЭЭГ ХЭДИЙН ХҮРТСЭН НАЙРАГЧ БАЙЛАА
/Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч/
-З.Түмэнжаргал агсны дууны уран бүтээлийн үнэт зүйл нь юу юм бол?
-З.Түмэнжаргал бол дууны нэрт мастер гэдэг үнэлгээг хэдийн хүртсэн найрагч байлаа. Тэрээр өөрийн яруу найргийн ном бүхэндээ дууны бүлэг заавал оруулсан байхаас гадна “Тэгүүтэн 99 дуу”, дууны түүвэр, “Ус мөрөн олон чиг” гэх дуугаараа нэрлэсэн ном гаргаж байсан нь дууны яруу найрагтаа ихээхэн ач холбогдол өгч байсны илрэл юм. “Тэргүүтэн 99 дуу” дууны түүвэр нь гэхэд “Рок, попын танхим” бүлэгт 39 дуутай, “Их танхим” бүлэгт 300 дуутай, “Хүүхдийн танхим” бүлэгт 18 дуутай “Хүлээх танхим” бүлэгт 14, нийт 101 дууны шүлэгтэй. “Гэрэл гэгээний хүлэг морин” /2007 он/ хэмээх багцалж ботилсон номынхоо 204-361-р хуудсыг дууны яруу найрагт зориулсан байв.
Соёл судлалын хүрээнд түүний дууны яруу найргийг судлахад дуу бүтсэн түүхүүд ихээхэн сонирхол татна. Тухайлбал,“Цахилж яваа гөрөөс” киноны дууны түүх, дууг дуулсан хүмүүсийн түүх, тодруулбал хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал эхнэр А.Долгороор тухайн дууг дуулуулахаар захиалж, а, о, у гэсэн эгшгүүдийг ихээхэн оруулж өгөхийг хүссэн байдаг. “Цэцгэн зүйрлэл” дуу бол З.Түмэнжаргалын нэрийн хуудас болсон дуу төдийгүй анхны гэргийдээ зориулсан бүтээл юм. Хайрын дуу, хайртай хүнээ цэцэгтэй зүйрлэсэн дуу тухайн үед байгаагүй учир хэллэг, бичлэг нь цоо шинэд тооцогдож байсан.”Ус мөрөн олон чиг” дуугаа Сэлэнгийн тухай дууны уралдаанд зориулж, түүнд түрүүлсэн байдаг. “Монголын тал нутаг” дууны шүлэг дэх “Дүүжүү” гэх үг толь бичигт байхгүй. Гэтэл тэр үгийг дууны яруу найрагт шинээр оруулж ирсэн. Дууны үг гэдэг дууны үнэт зүйл юм. Нөгөө талаас, дууны хэлж буй утга санаа нь мөн үнэт зүйл юм. Эх орон, хайр гэсэн утга санааг шүингээсэн нь ч бас үнэт зүйлд орно. Энэ гурван үнэт зүйл З.Түмэнжаргалын бүтээлд байгааг судалгаандаа нотлохыг оролдлоо.
Д.БАТЖАРГАЛ: ХҮҮХДИЙН ДУУНЫ ЯРУУ НАЙРАГТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН ХҮН
/Д.Нацагдоржийн шагналт зохиолч/
-Та судалгаандаа юуг гол болгож авч үзэв?
-З.Түмэнжаргал бол хүүхдийн дууны яруу найрагт шинэ өнгө аяс авчирч, өөрчлөлт хийсэн хүн. Элбэрэлт эх орон, ачит нам засаг, аав ээж, багш нараа магтан дуулдаг байсан хүүхдийн дууг хөгжөөнт өнгө аяс, хөдөлгөөн нэмнэл, хүүхдийн сэтгэл рүү дөхүүлсэн хүний нэг бол яах аргагүй мөн.
Түүний үгийг нь зохиосон дуунууд хүүхдийн сэтгэлийг гижигдэн баясгаж, хөгжүлэн цэнгүүлж, хөөр баяраар хөдөлгөн хөвсөлзүүлдэг учиртай билээ” гээд түүнийгээ хэдэн зүйлээр нотлохыг оролдсон юм. Хүүхдийн дууны яруу найргийн туурвил зүйг судалбал сэдэв, нас сэтгэхүйн онцлог, хэл найруулга, хөгжөөнт чанар, үзэл санаа, хэмнэл, хөгжим анхаарал татна. Дүр дүрслэл, хэл найруулгаас гадна хүүхдийн уран зохиолд сэдэв их чухал. Хүүхдийн уран зохиолд сэдвээс гадна бичиж болдоггүй зүйл гэж бий. Тиймээс сэдвийг сонгож авахын зэрэгцээ түүнийгээ хүүхдийн сэтгэхүйд ойртуулна гэдэг чухал. Сэдвийн тухайд дэлхийн чиг хандлага хүүхдийн уран зохиолд хүмүүжүүлэх үүрэгтэй гэж үздэг. Мөр бадаг бүрдээ ийм үгтэй гэж хэлсэн нь ч бий. Дорнынхон хүүхдийн уран зохиол хүүхдийн сэтгэхүйг нээж, тэлж, ертөнцийг үзэх үзлийг өөрчилж байх ёстой гэж үздэг. З.Түмэнжаргалын бүтээлүүдийг авч үзэхэд энэ хоёр шугамын дундуур маягтай. Сурган хүмүүжүүлэх аргаа цаанаа нууж хүүхдийн сэтгэхүйд түүнийг хөнгөхөн суулгасан маягтай. Энэ их чухал. Хүүхдийн зохиолчид цаашид ч энэ чиг шугамыг барьж уран бүтээл хиймээр санагдана.
Б.НАДМИД: ТЭР ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧЭЭС ГАДНА НЭРТ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАЙВ
-Сурган хүмүүжүүлэгч байсан тухайд юуг нь онцлон дурдах вэ?
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргал бол Монголын оюун сэтгэхүйд том байр эзэлсэн зохиолч, сэтгүүлчээс гадна багш, сурган хүмүүжүүлэгч байсан. Тэрээр 1953 онд 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлын хоёр дахь хүү болон төрсөн, 1971 онд Улаанбаатар хотод багшийн сургууль, 1980 онд МУИС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг төгссөн гэдэг. 1970-аад оноос уран бүтээл сонирхон туурвиж эхэлсэн байдаг. Түүний бүтээлүүд олон тооны дуу шүлэг, хүүхдийн зохиол, найраглал, туужаас бүрддэг. Бүтээлүүд нь амьдралын баяр баясгалан, ухаарал, эгээрэл авчирч түүгээрээ дамжуулан багачуул хүүхдүүдэд сурган хүмүүжүүлэх боловсролыг олгож байснаараа гайхалтай.
Улсын тэргүүний 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд бага ангийн багш, Сэлэнгэ аймгийн тусгай сургалттай ТМС-ийн захирал, Франц улсын Дорно дахины их сургуульд багш, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гээд төр, нийгэм, соёл боловсролын салбарт ажиллаж байсан юм. Түүний зохиол бүтээлүүд нь одоо ч хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх, хүмүүжил төлөвшил олгоход үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )