Инновацийн соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 оноос хойш 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Монголын “Инновацийн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг салбарын яамдаас манлайлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.
Монголын “Инновацийн 7 хоног” арга хэмжээ нь Монгол улсад Инновацийг хөгжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжил, Эдийн засгийн төрөлжилт, Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх гэсэн нэгдсэн зорилгод хөтлөгдсөн Хөдөө аж ахуйн салбарын бүтээлч залуус, эрдэмтэн, судлаачид, шинийг санаачлагч энтерпрейнер, нэмүү өртгийн сүлжээг үүсгэх хүсэл эрмэлзэл бүхий үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хуран цугларч байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн “Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээг өнөөдөр /2023.06.08/ зохион байгууллаа.
“AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын нийт 29 инновацын бүтээгдэхүүн оролцсоноос 9 бүтээгдэхүүнийг танилцуулсан бол 23 бүтээгдэхүүнийг нь үзэсгэлэнд дэлгэж олон нийтийн хүртээл болголоо.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
Өнгөрсөн 2022 оны Инновацын 7 хоног арга хэмжээнд салбарын эрдэм шинжилгээ, их сургуулиудын дэргэдэх гарааны компаниуд болон гарааны бизнес эрхлэгчдийн нийт 13 төсөл бүртгүүлснээс шилдэг 8 төслийг хөрөнгөн оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцуулагдсан. Үүнээс 1 төсөл хөрөнгө оруулалтын дараагийн уулзалт хийж, /Аргалын цаас төсөл - Сократус студио/, 3 төсөл хамтын ажиллагааны санал солилцож хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. Эдгээр төслийн нэг жишээ болох Аргалын цаас төслийн танилцуулга өнөөдөр танилцуулагдаж, бодит үр дүн, туршлагаасаа хуваалцсан юм.
Мөн хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг Мал эмнэлгийн хүрээлэн-Биокомбинат ТӨУТҮГазар хооронд байгуулсан. Энэ хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаа идэвхжиж, талууд Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины технологи дамжуулах лицензийн гэрээг 2022 оны есдүгээр сард байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины туршилтын үйлдвэрлэлийг 2023 оны 05 дугаар сараас эхлүүлээд байна.
Хөдөө аж ахуйн салбарын судлаачид газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимгэний 160 гаруй сортыг бий болгож үйлдвэрлэлд хэрэглээ болгосон. Мал аж ахуйн салбарт дэлхийн бусад улс орны малаас өвөрмөц байдлаараа ялгарах онцлог бүхий малын 40 гаруй үүлдэр, омог, хэвшлийн малыг баталгаажуулан үндэсний баялаг болгон ашиглаж байгаа бол мал эмнэлгийн салбарт дэлхийн шинжлэх ухааны 4 нээлтийг бүртгүүлж, малын эмчилгээний 60 гаруй вакцин, оношлуур, 70 гаруй эм, био бэлдмэлийг бий болгожээ.
Малын эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 21 нэр төрлийн вакцин, 7 нэр төрлийн өвчний оношийг илрүүлэхэд шаардагдах 23 төрлийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж байгаа ба удахгүй технологийн томоохон шинэчлэлийг хийхээр төлөвлөж буй.
Шинэ технологи, инновацын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, хэрэглээ болгон үр шимийг нь хамтдаа хүртэх чиглэлээр хамтран ажиллахыг эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )