“Aлтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлэг үргэлжилж байна

2023 оны 06 сарын 13

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр (2023.06.13) Төрийн ордонд болж байна.

“Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсгийн чиглүүлэгчээр Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн ахлах багш, доктор Д.Анхбаяр ажилласан. Түрэг гаралтай улс орнуудын Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хэл бичгийн ухааны доктор, профессор О.Самбуудорж нар үндсэн илтгэлүүдийг танилцуулсан.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүмүүнлэг, бизнесийн удирдлагын сургуулийн захирал А.Энхбат “Aлтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгийг чиглүүлэв. Олон Улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч, Түүхийн ухааны доктор, профессор Шахин Мустафаев хоёрдугаар хэсгийн үндсэн илтгэлийг танилцууллаа. Алтай дамнасан судалгаануудын олон улсын үзэл, ойлголтын талаар хэлэлцүүлгийн энэ хэсэгт ярилцана гэдгийг тэрбээр онцлоод “Алтай судлалыг дан ганц хэл шинжлэлийн хүрээнд авч үзэх нь өрөөсгөл бөгөөд Түрэг, Монгол, Манж, Тунгус үндэстнүүдийг олон талаас нь судалдаг, судалгааны олон талт арга барил хэрэгтэй” гэв. Газар зүйн хувьд Алтайн нуруу нь Хятад, Монгол, Казахстан, Оросын нутаг дэвсгэрт хамаардаг. Өөрөөр хэлбэл, Алтай нь соёл, шашин, нийгмийн янз бүрийн өөрчлөлттэй бүс нутаг учраас нийгмийн шинжлэх ухааны бүх салбаруудын судалгааны олон төрлийн арга зүйгээр судлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа түүхийн ухааны доктор, профессор Шахин Мустафаев илтгэлийнхээ үеэр хэлсэн.

Энэхүү арга хэмжээг Алтай хэлний бүлэгт хамааруулан үздэг үндэстэн угсаатнуудын хэл, түүх, соёл иргэншлийн харьцааг судалдаг олон улсын эрдэмтдийг эгнээндээ багтаасан Олон улсын Алтай судлалын байнгын хурал (PIAC) дэмжин ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Олон улсын Алтай судлалын байнгын хурал 2023 оны долдугаар сарын 30-ны өдрөөс наймдугаар сарын 04-ний өдрүүдэд Астана хотод болох бөгөөд энэхүү чуулга уулзалт нь дээрх хурлын дэмжигчдийн нэг болж байгаад таатай байгаагаа илэрхийлж байлаа.

Профессор Шахин Мустафаев, Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны талаар мөн танилцууллаа. Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академи 2014 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд тэр цагаас хойш Шивээт улааны цогцолбор, Хөшөө Цайдам, Номгон зэрэг бүс нутагт хамтарсан хээрийн шинжилгээний анги гаргажээ. Эдгээр хээрийн шинжилгээний ангиуд шинжлэх ухааны хэд хэдэн томоохон нээлт хийж, тун амжилттай хамтын ажиллагаа өрнүүлсэн болохыг дурдав. Өнгөрсөн онд буюу 2022 онд Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаагаар Архангай аймгийн Хашаат сумын Номгон гэдэг газраас Түрэгийн Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулууны бичээс буюу нэн ховор олдворыг нээснийг дурдаад тус олдворын судалгааны үр дүнг дэлгэрэнгүй танилцуулав.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр Олон улсын Түрэг судлалын академи нь Монгол Улс, Түрэгийн ертөнцийг холбох оюун санааны гүүр байх эрхэм зорилготойг тэмдэглээд, Монгол Улсын эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай байдгаа дурдлаа. Монгол Улсыг Олон улсын Түрэг судлалын академийн ажиглагч орон болох боломжтой гэдгийг Профессор Шахин Мустафаев хэлээд, ийм статустай байх нь Монгол Улсын Түрэгий ертөнцтэй харилцах харилцаанд шинэ түлхэц болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. (илтгэл бүрэн эхээр)

Дараа нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Астанагийн олон улсын их сургуулийн Нийгэм, боловсролын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, түүхийн ухааны доктор Аслан Турлубек илтгэл танилцуулав. Хүн төрөлхтний түүхэн дэх төрт улсуудын өлгий, өнөөдрийн тусгаар тогтносон маш олон улс орнуудын түүхэн хамаардаг Алтай судлалын олон улсын эрдэмтэд, судлаачдыг цуглуулсан энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдад тэрбээр талархал илэрхийллээ. Нэг чулуу нь хөдлөх төдийд л түүх, нууцаа дэлгэх  Алтай нуруу нь Казахстан, Орос, Хятад, Монгол улсыг дамнан оршдог. Эдгээр улс орны түүх, соёл нэг угшилтай төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн алтан өлгий хэмээлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Алтай судлалын судалгааны талбар, цар хүрээний талаар танилцуулж, Казахтаны Алтайд байх алдартай Берелийн булш, алтан бүрээстэй морьд, Есикээс олдсон алтан хувцастай олдворууд, тэдгээрийн хамаарлын талаарх судалгааны талаар илтгэлдээ танилцууллаа. Мөн тус улсын сүүлийн үеийн архелогийн олдворууд, тэдгээрийг шинжлэн судалсны үр дүнд хийж буй нээлтүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Хэл бичгийн ухааны доктор, профессор Шабан Доан илтгэл танилцуулсан юм. Тэрбээр Измир Катип Челеби их сургуулийн Монгол дахь үйл ажиллагаа, судалгаануудын талаар мэдээлэл өгч, ирээдүйн хамтын ажиллагааны талаар танилцуулав. Алтайн хэлний язгуурын онолын талаар дурдаад Монгол Улсын Их Сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургууль (ИКЧИС) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан Түрэг судлалын хүрээлэнгийн талаар мэдээлэл танилцууллаа. Турк, Монголын харилцааг эрдэм шинжилгээний салбарт бэхжүүлэх, бүх салбарын судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааны суурийг тавих, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон Турк, Монгол эрдэмтдийн харилцан шинжлэх ухаан эрдэм шинжилгээний айлчлал хийх орчныг бүрдүүлэх зорилгоор Түрэг судлалын хүрээлэнг 2019 онд байгуулжээ. Үргэлжлүүлэн тэрбээр Түрэг судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаа, хоёр улсын эрдэм шинжилгээ, их сургуулиудын хамтын ажиллагаа болон хээрийн шинжилгээний хамтарсан судалгаа, тэдгээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Цаашид Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудын хамтарсан дипломтой магистр, докторын хөтөлбөрүүд бий болгохоор төлөвлөж, бэлтгэл ажлуудыг хангаад байгааг мөн дуулгасан.

Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн ахлах багш, Түүхийн ухааны доктор Д.Анхбаяр (илтгэлийг бүрэн эхээр эндээс), Бүгд Найрамдах Азербайжан Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Айнур Айдин (илтгэлийг бүрэн эхээр эндээс), Бүгд Найрамдах Турк Улсын Истанбулын их сургуулийн Түүхийн тэнхимийн гишүүн, Түүхийн ухааны доктор, профессор Куршат Илдирим (илтгэлийг бүрэн эхээр эндээс) нар илтгэлүүд танилцуулав.

“Aлтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгийн илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид илтгэгчдээс асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын “Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлэг гуравдугаар хэсэг буюу Залуу манлайлагчид иргэний нийгмийн асуудлаар илтгэл танилцуулах хэсгээр үргэлжилж байна. Энэ хэсгийг Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн Хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал Шерилл Алипио чиглүүлэх бол БНСУ-ын Эва их сургууль болон Стэнфордын их сургуулийн эрдэмтэн төлөөлөгчид илтгэлүүд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.68.100) 2023 оны 06 сарын 13

Батын Батбаатар гэж ээжийнхээ заавраар явдаг нөхрийг та нар намын даргаар тавьжээ1000 барааны дэлгүүр бараадаж 5 төгрөгтэй болсон юм. Хайран мөнгөө сонгуульд реклам хийж үрэн таран хийсэн гж ээж нь асар их гомдчихсон сууж байна лээ. Сонгуульд дандаа ялагдсан орших газраа зөв сонгоогүй.Дандаа хүн муулж ялангуяа МАН-ыгаа хэт их муулаад очков олныг өлдсан.Монголчууд хүн муулсан хүнд дуртай ёиш

0  |  0
Top