Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өнөөдөр (2023.06.20) Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Хөдөө аж ахуйн зориулалт бүхий газар нь манай орны газар ашиглалтын уламжлалтай холбоотойгоор газрын нэгдмэл сангийн дийлэнх хэсгийг эзлэх боловч сүүлийн жилүүдэд гарч буй газар ашиглалтын хэлбэр, зориулалт нэмэгдэх хэрээр бэлчээрийн талбайн хэмжээ буурсаар байна. Хөдөө аж ахуйн зориулалттай 119,254,211 га талбай байгаагаас бэлчээрийн талбай 116,627,574 га (97 хувь), хадлангийн талбай 634,505 га (0,0005 хувь), тариалангийн талбай 1?171?512 га (0,009 хувь), атаршсан газар 238,832 га (0,002 хувь), хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 106,339 га, ашиглалт муутай газар 475,456 га (0,003 хувь) байна.
Газрын нэгдмэл сангийн 2021 оны улсын нэгдсэн тайланд дурдсанаар улсын хэмжээнд 80,033 га талбай бүхий өвөлжөө, хаваржааны газрыг 137,914 иргэн эзэмшиж байна. Тариаланд ашиглаж буй нийт талбайн хөрсний 36.2 хувь нь элсэнцэр, 53 хувь нь хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй байна. Хөнгөн механик бүрэлдэхүүнтэй хөрсөнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхдээ хөрс хамгаалах технологийг иж бүрэн хэрэгжүүлээгүйгээс элэгдэж эвдрэлд тариалангийн газрын хөрсний ялзмаг агуулалт нийтдээ ядуу бөгөөд хөрсний элэгдэл эвдрэлд нэрвэгдсэнээр ялзмаг агуулалтынхаа 7.2-39.4 хувийг алддаг аж.
2002 онд баталсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг. Дээрх заалтаас үзвэл иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамлын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0,1 га-гаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байгаа юм.
Иймд гишүүд Газрын тухай хуульд “иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0.07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.5 га-гаас тус тус илүү байна. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээндээ зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулах төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар газар нутгийн экологийн төлөв байдлын өөрчлөлтөөс шалтгаалж бэлчээрийн болон тариалангийн газрыг ашиглаж ирсэн уламжлалт арга ажиллагаа сэргэж, хөдөө аж ахуйн зориулалттай газрын ашиглалт, хамгаалалт сайжрах юм. Мөн иргэд өөрсдийн өвөлжөө, хаваржааны газартаа төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих эрх зүйн орчин бүрдэнэ. Хөрсний үржил шимийг нөхөн сэргээх байдал сайжрах, бэлчээрийн доройтол буурах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжрах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг төсөл санаачлагч гишүүд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )