Монголчууд энэ зун, намрыг “Айлчлалын бүүм” хэмээн томъёолоход хол зөрөхөөргүй байна. Өнгөрсөн жил ч ийм байсан.
Тодруулбал, НҮБ-ын нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш болон ОХУ, БНХАУ, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар манай улсад айлчлаад буцсан. Энэ жил НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн айлчлан ирсэн. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу нар шилээ даран айлчиллаа. Тэгвэл сая УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ыг зорих гэж байна. Үүний дараа АНУ руу айлчилна гэсэн мэдээлэл дуулдсан. Ирэх намар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилна.
Далайд гарцгүй Монголын хувьд хоёр том гүрний дунд орших геополитикийн сул талаа геостратегийн давуу тал болгож "Алтан коридор" нээх, олон тулгуурт эдийн засаг гэдэг шиг олон талтай атал тэгш хэмтэй, тэнцвэртэй, тогтвортой, найрсаг харилцааг эрхэмлэж улсаа хөгжүүлэх нь чухал болохыг ковидын он жилүүд, эдийн засгийн сорилтууд бидэнд харуулсан. Энэ зорилгын төлөө манай улсын Төрийн гурван өндөрлөг чармайж байна. Магадгүй сүүлийн 30 жилд Монгол Улсын гадаад харилцаа ийм тогтвортой хийгээд өсөлттэй, сонирхолтой өрнөлтэй байсан удаа бараг л үгүй болов уу.
Гадаад харилцаа гэдэг нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч айчлалаас айлчлалын хооронд гарсан үр дүнгээр тодорхойлогдож байдаг зүйл. Үр дүнг хэрэв жингийн туухай дээр тавьж хэмждэг бол ямар байхыг таашгүй. Тэр дотор хэмжээлшгүй юм өч төчнөөн байх биз.
УИХ-ын даргын богцыг задалбал...
УИХ-ын дарга Г.Занданшатарын энэ сарын 18-22-ны хооронд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал бол “богц дүүрэн бодлого”-той яваад ганзага дүүрэн ирсэн айлчлал байлаа. Тэрбээр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Онцлог гэвэл Монголын Улсын Их Хурлын дарга хамгийн сүүлд 2018 онд тус улсад айлчилснаас хойш очоогүй. Тэгэхээр таван жилийн дараа ОХУ-д айлчилж байгаагаараа онцлог. Асуудал, шийдэл, гарц гаргалгаа, үр өгөөж нь хэр вэ гэдэг өнцгөөс дүгнэвэл тус айлчлалын хүрээнд:
Ерөнхий сайдын айлчлалаас юу хүлээх вэ
Тун удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжинд болох “Давост”-ын чуулганд оролцохоор эх орноосоо мордох гэж байна. Эдийн засаг талаасаа дэлхийн томчууд тэнд хуран чуулна. Монгол Улсыг төлөөлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар оролцох юм.
Түүний айлчлалын гол асуудал юу байх талаар тоймч, ажиглагч, шинжээчдийн зүгээс таамаг дэвшүүлж буйгаар бол “Төв Азийн цээжинд оршиж буй Монгол Улс Евразийг холбосон гол тоглогч болох асуудал Тяньжины хэлэлцээний нэг сэдэв байх нь дамжиггүй” гэцгээж байна. Түүнчлэн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг гол зорилт болох Боомтын сэргэлтэд дэвшил гарна. Транзит тээвэрт алс ирээдүйн салхийг хагалсан алтан хонх цохих сайхан мэдээ ч дуулдана гэдгийг хэлж байгаа юм. Айчлалын дараа үр дүнгийн талаар мэдээллүүд тодорхой болж, олон нийтэд хүрэх биз ээ. Мөн Ерөнхий сайд БНХАУ-д айлчилсныхаа дараа АНУ руу хөлгийн жолоо зална гэсэн мэдээллүүд байгаа юм.
Ерөнхийлөгч ирэх намар Францыг зорино
Францын Ерөнхийлөгч Э.Макрон саяхан манай улсад айлчлаад буцсан. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ийнхүү ирсэн юм. Түүний айлчлал хоёр улсын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, өндөр технологи, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг ойртуулан дотносуулах тохиролцоо хийж чадсан түүхэн ач холбогдолтой болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ирэх намар буюу аравдугаар сард Францад айлчлахыг албан ёсоор урьсан билээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн хэд хэдэн чиглэлээр санаг нэгдсэн. Үүнд, цэвэр эрчим хүч /Атомын цахилгаан станц/ болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, Үндэсний сансрын хиймэл дагуулыг хамтран хөөргөх, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамтарч ажиллах асуудлууд багтсан. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилга”-тай уялдуулан хамтран ажиллах, “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд мэргэжилтэй боловсон хүчнийг Францад бэлтгэж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, Хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх, Францын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлэх, Онцгой байдлын ерөнхий газар, Францын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газрууд гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хамтран хувь нэмрээ оруулах, Гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар тохиролцсон билээ. Тэгвэл манай улсын Ерөнхийдөгч Франц улсад айлчлалаар очсоны дараа чухам ямар асуудал, шийдлүүд нэмэгдэхийг таашгүй. Үр дүн бол тодорхой асуудлуудаар нааштай алхмууд хийгдэх нь гэдэг нь яриа хэлэлцээнээс харагдаж байгаа юм.
Айлчлалын бүүм ийнхүү ар араасаа хөвөрсөөр байна. Эдийн засгийг солонгоруулна гэдэг шиг манай улсын гадаад харилцаандаа баримталж буй ийм “солонгон харилцаа”-г гадаад ертөнц “Монгол маягийн” хэмээн аль хэдийн нэрлэх болжээ. Төв Азийн цээжин дэх “Баянбүрд” байх боломжууд ийнхүү ар араасаа нээгдэж байгаа нь гадаад харилцааны ч, эдийн засгийн ч алтан үе юм. Энэ боломжийг алдахгүй байх, барьцаа улам ахиулахын тулд бид дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлж, түүхий эдээ ядаж хагас ч болтугай боловсруулдаг, Монголоо сурталчилсан брэнд бүтээгдэхүүн гаргадаг, олон орон руу экспортолдог, гадаад зах зээлд урсаж буй валютыг нааш нь татдаг болмоор байна. Хөрш байна гээд алгаа тосохын нэр биш. Авах хүн бөхийдөг гэдэг үгтэй. Бид хүчтэй бөгөөд найрсаг, итгэлтэй бөгөөд нээлттэй, харилцаа, хамтын ажиллагаанд найдвартай бөгөөд тогтвортой, дэлхийн бүх улс оронтой эрх тэгш харилцдаг ийм л орон байх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 4 )
ТҮРЭМГИЙ ОРОСТ МАНАЙ ЭРГҮҮ ШИГ ОЛОН ХОНОГООР ДОНШУУЧИЛСАН УЛСТӨРЧ БАЙХГҮЙ !!!
ОХУ д ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛЖ БАЙНА
Chi tegeed baruunaas irdeg achaa benzin tosoo haanaas avahiin
оростой ойртоод дэмийдээ