Алтай дамнасан монгол манлайлал

2023 оны 06 сарын 29

Энх орших тухай хүн төрөлхтөний хүсэл зорилго алга урвуулахын төдийд сэмрэн үймэхүйц болсон өнөө цагт улс орон, тив дэлхий бүхэлдээ энх амгалангийн төлөө сүү өргөн, найрамдалт харилцааны цагаан замыг зурж, засаж, сайжруулах гарц гаргалгааг хайх нь ихсэв. Ийн энхтайванч үзэл санаанд тулгуурласан улс орны төрийн тэргүүн, дэлхийн удирдагчид, нөлөө бүхий улстөрчид бөмбөрцөгийн өнцөг булан бүрд нэлээн олон янзын нэр томьёоны дор нэгэн зорилгоор чуулах нь ч олширч байна.

Үүний нэг нь энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, тэр дундаа Төрийн ордны их танхимд болсон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар зохион байгуулсан уг чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан “Бан Ги Мүн” сангийн ерөнхийлөгч Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далай судлалын хүрээлэнгийн захирал Жи Вук Шин болон дэлхийн арав гаруй орны төлөөлөл оролцож, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн тулгуурт яригдах, хэрэгжих учиртай хөгжлийн бодлогын шинэ ойлголтыг нэгтгэж, Алтай дамнасан тогтвортой байдлыг баталгаажуулах, цаашлаад жендэрийн эрх тэгш байдлыг нийгмийн соёл болгох зайлшгүй шаардлагатай болсныг хэлэлцэн ярилцаж байлаа.

 

“Алтай дамнасан” хэмээх хэсэгчилсэн томьёоллын тухайд алтайн хэлний аймгийг тойрсон бүс нутгийн тоглолтыг идэвхжүүлэх, цаашлаад Монгол Улс энэ бүс нутагтаа манлайлал тогтоож улс төр болон эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрхэм зорилго.

УИХ-ын дарга Г.Занданшатар  “Бан Ги Мүн” сангийн ерөнхийлөгч Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далай судлалын хүрээлэнгийн захирал Жи Вук Шин нартай дээрх зорилтоо тодорхой ярилцаж, Алтай дамнасан улс хооронд баримтлах тогтвортой хөгжлийн зорилт болон жендэрийн тэгш байдлыг дэмжих талаар дорвитой ажил хэрэг болгох шаардлагатайгаа онцолсон.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний хувьд Монгол Улс зүүн хойд Ази бүс нутагт тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болохуйц уг санаачилгыг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлээд цаашид улс төрийн манлайлал үзүүлэхийг чухалчлан хүссэн. Мөн тэрбээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээгээ түргэсгэхэд нь хэрхэн тусалж чадах, мөн тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх ёстой.

Бид дэлхийн температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмээс доош байлгахын тулд яаралтай арга хэмжээ авч, мөн 2050 он гэхэд бүх улс орныг нүүрсхүчлийн ялгарлаа бүрэн саармагжуулсан байхад анхаарах ёстой. Бид энэ цаг мөчид зохих арга хэмжээг авахгүй бол 100 жилийн дотор ургамал, амьтдын 1/6 нь буюу энэ гараг дээрх амьтан, ургамлын 70 хувь нь устана гэсэн үг” хэмээгээд байгаль цаг уурын нөхцөл байдалд сөрөг нөлөөллийг бий болгосон аж үйлдвэржсэн, хөгжингүй улс орнууд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, хариуцлага хүлээн ажиллах шаардлагатайг сануулсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд “Уур амьсгалын өөрчлөлтийн уршиг, хохирлын хувьд дэлхийн удирдагчид ихэвчлэн арлын болон хөгжиж буй орнуудын тухай ярьдаг хэдий ч үнэндээ Монгол шиг далайд гарцгүй орнууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд маш их хохирол амсаж байгаа гэж би боддог. Та энэ асуудлыг олон улсын анхааралд хүргэж өгөхийг хүсье” хэмээсэн байна.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын хөтөлсөн ярилцлагын үеэр Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далай судлалын хүрээлэнгийн захирал Жи Вук Шин ардчилал хийгээд ардчиллын гажуудлын талаар сонирхолтой дүгнэлтээ хуваалцаж, “Ардчилал бол хамгийн хүсүүштэй утопи биш, ардчилал асар их сорилт, туршилт, бэрхшээлийг даван туулах шаардлагатай. Ардчилал илүү үр дүнтэй байж, ардчиллаар дамжуулан илүү сайхан нийгмийг цогцлоож чадна гэдэгт би итгэдэг. Сүүлийн 70 жилийн хугацаанд Ази тив үнэхээр хурдацтай хөгжиж байгаа ч хүн ам хөгширч, ажиллах чадвартай хүн ам буурч байна. Хүн ам зүйн хямралыг даван туулахын тулд ирэх сард шинэ “бодлогын лаборатори”-оо нээнэ” хэмээгээд Монгол Улсыг хамтран ажиллахыг хүссэн. Түүнчлэн Жи Вук Шин захирлын хувьд ажиллах хүч болон хүн амын насжилтын тухайд “Монгол Улсаас гадагшаа явж буй залуучууд эргэж ирэхгүй байж магадгүй ч тэднийг суралцаад ажиллаж, туршлага олж авахыг дэмжих хэрэгтэй. Миний захих зүйл бол чадварлаг хүмүүсийг алдахаас айх хэрэггүй. Үнийг алдагдал биш, харин хөрөнгө оруулалт гэж хандах хэрэгтэй” гэсэн нь ажиллах хүч тарамдаж, хилийн чинадыг зорих олон залуусыг үл тоон орхих хэрэггүй гэдгийг сануулсан онцгой чухал зөвлөмж байлаа.

Ийн бүс нутагтаа манлайллыг тогтоож, яриа хэлэлцээг түүчээлэх хүчийг зузаатгасан чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар нээлттэй оролцож, хамтран ажиллахаа илэрхийлсэн нь улс төрийн намын батлахыг үл тоон тэгш зарчим, тэгш оролцоог ханган ажиллах ёстой хэмээх шинэ соёлыг үлгэрлэсэн онцгой нэгэн үйл явдал болсон юм. Товчхондоо, Алтай дамнасан монгол манлайлал ийн өрхөө татаж, үүдээ нээв ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top