Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого” хөтөлбөртөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийг тусгасан. Энэ хүрээнд Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ экспортлох, боловсруулах хүчин чадлыг сайжруулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна
Монгол Улсын нийгэм, эдийн засагт асар их ач холбогдолтой гол салбаруудын нэг бол газар тариалан юм. 1950-аад оны сүүлчээр эрчимтэй хөгжиж эхэлсэн тус салбар нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэж, хүн амыг хүнсээр, хөнгөн аж үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр, олон мянган хүнийг ажлын байраар хангаж ирсэн.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, манай улсад 1956 онд Сангийн аж ахуй байгуулагдан, атрын анхны шангаа татаж, 2000 га талбайд үр тариа тариалж байжээ. Улмаар 1959 онд Монгол Улс эх орныхоо хэрэгцээт буудай, төмс, хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэх, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг эзэмших анхны аяныг эхлүүлсэн байна. Харин хоёр дахь аяныг 1976 онд амжилттай зохион байгуулсны үр дүнд тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д болж, үр тариа, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрсэн байдаг.
Харин эдүгээ тариалангийн салбарт 1.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 16.3 мянган өрх 880 мянган га эргэлтийн талбайд улаанбуудай, арвай, овъёос, хөх тариа, гурвалжин будаа, шар буурцаг, эрдэнэшиш, рапс, төмс, хүнсний ногоо тариалж байна. Тус салбарт өнөөгийн байдлаар 76.5 мянган хүн ажиллаж байна гэсэн статистик бий.
Тариалан эрхэлдэг өрхийн 44.5 хувь нь төвийн, 20.3 хувь нь хангайн, 17.9 хувь нь баруун, 9.7 хувь нь зүүн бүсэд, 7.7 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байна. Харин тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын 51.9 хувь нь төвийн, 20.9 хувь нь хангайн, 14.6 хувь нь баруун, 8.7 хувь нь зүүн бүсэд, 3.9 хувь нь Улаанбаатар хотод байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр газар тариалангийн салбарын чиг хандлага хувьсаж байна. Өөрөөр хэлбэл, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан тариалан эрхлэх, шилдэг техник, технологийг ашиглах цаг үетэй бид нүүр тулаад байна.
2023 оныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарласан. Тодруулбал, тариалангийн салбарын эрх зүйн орчны хүрээнд “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай”, “Тариалангийн даатгалын тухай”, “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлнө хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тодотгосон.
Эдүгээ хүн амын өсөлт нь ирээдүйд хөдөө аж ахуйн салбараас дэлхий нийтийн хүнсний хэрэгцээг хангаж чадах уу гэсэн асуудалтай тулгарч байгаа. Улс орон бүр дотоодын үйлдвэрлэлээр өөрсдийн хүнсний хэрэгцээг хангах боломжтой юу гэдэгт төвлөрч байна. Энэ асуудалд ч Монгол Улс гол анхаарлаа чиглүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг дэвшүүлэн өрнүүлж эхэлсэн. Энэ хүрээнд ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимжүүлж эхэлсэн.
Түүнчлэн дэлхийн чиг хандлага байгаль орчинд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг чухалчилж байгаа. Энэ хэрээр ХАА-н салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаа өөрчлөгдөн тэлсээр байна. Тиймээс Монгол Улс тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэл хийхэд анхаарч байна. Энэ үед Дэлхийн банкны санхүүжилттэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд “Хэрэглэгчийн хүсэл сонирхол, хууль тогтоомжийн шаардлагад тулгуурлан Монголоос тариалангийн бүтээгдэхүүн экспортлох зах зээлийн судалгаа”-г хийжээ. Тус судалгаагаар Монгол орноос экспортод гаргах боломжтой газар тариалангийн долоон төрлийн бүтээгдэхүүн байгааг тогтоосон байна. Улмаар экспортод гаргах тариалангийн бүтээгдэхүүний үнийн тогтворжилтын индексийг, тодорхой төрлийн таримал эсвэл одоогийн хэрэглэж буй технологи нь тухайн орны цаг уурын нөхцөлд хэр тохирч байгааг тодорхойлжээ. Мөн хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн, эмийн ургамлын кластерын хэв шинжийг тодорхойлж, үүнийг бий болгох эдийн засгийн үр нөлөөллийг судалсан байна.
Хөгжиж буй орнуудын хүн ам уургаар баялаг хооллолт руу шилжихэд анхаарч, эрүүл органик бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчлах болсон. Судлаачдын үзэж байгаагаар 2000-2030 онд хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин өснө гэсэн таамаглал байна. Органик бүтээгдэхүүний зах зээл 2020 оны байдлаар 85 тэрбум ам.доллар байсан бол 2026 онд 94 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн дэлхийн эрдэмтэд мэдэгдсэн. Дэлхийн худалдааны байгууллагын органик бүтээгдэхүүний хэрэглээний хандлагыг тооцож үзэхэд ази тив дэх өсөлт нь дэлхийн өсөлтөөс өндөр гарчээ. Үүнийг зах зээлийн онцлог, амьдралын хэв маяг, хүн амын органик бүтээгдэхүүний мэдлэг, хэрэглээний өсөлттэй холбон тайлбарлаж байгаа юм.
Дэлхий нийтийн чиг хандлага, үүнээс бий болсон боломжууд, дотоодын нөхцөл байдал, нөөц бололцоо зэргийг харгалзан үзвэл манай улсад газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, органик тариалангийн технологийг нэвтрүүлэх, газар тариалангийн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эмийн ургамлын тариаланг хөгжүүлэх замаар Монгол орноос экспортод гаргах тариалангийн бүтээгдэхүүний брэндийг бий болгох асуудал чухлаар тавигдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )