Н.Энхболд: Улс төрийн намд ямар хүн элсүүлж болох, болохгүй тухай хуулиар зохицуулах боломжгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр  чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар хийж эхлүүллээ.

Гишүүд төслийн 17 дугаар зүйлд намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно гэсэн өндөр босго тогтоосон шалтгааныг тодруулахын зэрэгцээ төслийн 19.4. дэх хэсэгт нам бүх шатны сонгуульд намаас нэр дэвшүүлэх хороотой байх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйлд, намын дүрэмд нийцүүлнэ” гэж заасан шалтгааныг тодруулж байлаа. Мөн улс төрийн намаас сонгуульд нэр дэвших гишүүдийн ёс зүйн хэм хэмжээ, тавигдах шаардлага, хязгаарлалтыг тодорхой хуульчлаагүй үндэслэлийг лавлав.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Хуулийн төсөлд намын Их Хурлаар дүрэм, мөрийн хөтөлбөр, намын дарга, төлөөллийн байгууллага батламжлах, хяналтын байгууллагаа сонгох гэсэн дөрвөн асуудал шийдвэрлэнэ гэж тусгасан. Намын Их Хурал дөрвөн жилд нэг л удаа болдог. Гэвч намын дүрэм, дарга өөрчлөгдөх шаардлага үүсвэл намын төлөөллийн байгууллагад ийм эрхийг олгоогүй явж ирсэн. Энэ удаа төлөөллийн байгууллагад ийм эрхийг олгохдоо гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр, дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байх буюу намын Их Хурлын бүрэн эрхэд байнга халдаад байлгахгүйн тулд хязгаарлалтыг тусгаж өгсөн. Гуравны хоёрыг өндөр байна гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад олонх гэж өөрчилж болно” хэмээн хариулсан.

Мөн тэрбээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон энэ хууль болон Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс нэр дэвших асуудлыг нээлттэй ил тод, хариуцлагатай болгох, намын хамт олны санал авдаг, намын гишүүдээр хэлэлцүүлдэг болох шаардлагатай талаар маш их санал ирүүлсэн. Энэ талаарх шийдвэр гаргах асуудлыг Сонгуулийн тухай хуульд төлөөллийн төв байгууллага байна гээд заасан байдаг.

Иймд эл шийдвэрийг гаргахаас өмнө нэр дэвшигчээ сонгох, олон нийтээр хэлэлцүүлэх, шат шатны санал авах ажлыг зохион байгуулах хороотой байя гэж Ажлын хэсэг дээр ярилцсан. Иймд төлөөллийн байгууллага сонгон шалгаруулах хороотой, журамтай байх асуудлыг нарийвчлан тусгасан. Өөрөөр хэлбэл, намын дарга, цөөхөн хүний хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхгүйн тулд хороо байгуулах зохицуулалтыг тусгасан. Эцсийн шийдвэрийг төлөөллийн төв байгууллага гаргана” гэх нэмэлт тайлбарыг өглөө. 

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариултдаа, “Монгол Улсын Үндсэн хуульд иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхийг нээгээд өгсөн болохоор улс төрийн намд ямар хүн элсүүлж болох, болохгүй тухай хуулиар зохицуулах боломжгүй. Хуулийн төслийг Ажлын хэсгийн хэдхэн гишүүд ярилцсан бус улс төрийн 30 гаруй намын төлөөлөл хэлэлцсэн. Тэд тодорхой олон асуудлуудыг улс төрийн намууд дотоод дүрмээрээ зохицуулах нь зүйтэй гэсэн  тул уг хуулиар хязгаарлалт тавьж болохгүй гэсэн байр суурийг дийлэнх олонх нь илэрхийлсэн” гэдгийг онцлов.

Мөн  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд ч энэ зарчмыг барьсан байх. Тухайлбал, уг төсөлд  хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно гэж заасан” гэж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top