Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд оролцож үг хэллээ.
БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал төр засгийн хамтын ажиллагаа төдийгүй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад илүүтэй чиглэгдэж буй юм.
Энэ хүрээнд айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд “China Energy”, "Хятадын Үндэсний газрын тосны корпорац", "Power China", “Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтын групп”, “Норинко" зэрэг төрийн өмчит компаниудтай уулзалт хийж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лөжи нартай албан ёсны уулзалт хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг амжилттай хийж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон.
Эдгээр төсөлд хилийн боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монголбанк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдсэнийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолжээ. Засгийн газар “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах эрх зүйн болон институтийн шинэчлэлийг хийж байна.
Монгол Улсад нийт 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай байж, Эдийн засаг, хөгжлийн яам болон тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах, хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэх тогтолцоог бий болгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ. "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумын үеэр нийт гурван тэрбум юанийн мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэсэн бөгөөд форумд Монгол, Хятадын 500 орчим бизнес эрхлэгч оролцсон байна.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга:
-Ерөнхий сайдын албан айлчлалаар урд өмнө яригдаж байсан гэрээ, хэлцэл, төслүүдийг дуусгахаар зорьж ажиллаж байна. Үүнээс хамгийн эхэнд эдийн засгаа тэлэхийн тулд хилийн боомтуудын төмөр замын холболт, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо. Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хилийн холболтын ажлыг ирэх онд дуусгахаар болсон. Мөн Зам-Үүд, Алтанбулаг боомтын төмөр замыг хос болгох хэлцлийг хийсэн. Одоо байгаа хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хэлцэлүүд хийж, Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох асуудлыг албан ёсоор тавьж, дэмжсэн хариу авсан.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Нэлээн ажил хэрэг, үр дүнтэй айлчлал болж байна. Хоёр улсын уул уурхайн бус бүтээгдэхүүнийг харилцан гаргах асуудлыг ярьсан. Өнөөдөр зөвхөн Замын-Үүд-Эрээн боомтоор малын түүхий эд гарч байгаа. Тэгвэл баруун талд нэг, зүүн талд нэг боомтоор гаргах асуудал яригдсан. Манай улс ганцхан Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганцхан автлзамын коридортой байсан бол хоёр дахь коридор бий болсон. ОХУ-ын Цагааннуурын боомт Баян-Өлгий, Ховд, Хятадын Ярантын боомт чиглэлд холбогдсон 750 км замтай болсон. Үүгээр транзит тээвэр маш их хийж байгаа. Мөн Хятадын нутгаар дамжуулан Укбекстан, Тажикстан зэрэг улсууд руу мах гаргаад буцаагаад жимс жимсгэнэ оруулж ирэх боломж бүрдсэн.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Монголбанк, Хятадын төв банк хооронд байгуулсан своп хэлэлцээр энэ оны долоодугаар сарын 23-нд хугацаа нь дуусаж байгаа. Хнэ бол зээл гэхээсээ илүү хоёр орны худалдааны санхүүжилтын хэрэгсэл байгаа юм. харин дайн, цар тахал гээд хоёр талдаа хүндрэлтэй асуудлууд гарсан. Тийм учраас хойшлуулж аль боломжтой үед үүнийг харилцан төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээний хугацааг гурван жилээр сунгасан.
Ерөнхий сайд айчлалынхаа үеэр өчигдөр мөн БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо болон холбогдох удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ удаагийн айлчлалын чухал зорилгуудын нэг бол БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болохыг Ерөнхий сайд онцлоод “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн шинжлэх ухаан, технологийн зорилтуудыг хэрэгжүүлэх”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 38 мянга гаруй инженер технологийн ажилтан шаардлагатай бөгөөд БНХАУ-ын шинжлэх ухааны дэвшил, технологийн чиглэлээр туршлага судалж, хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.
ШУА-ийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо тус улсын ШУА нь Төрийн Зөвлөлийн шууд харьяа бөгөөд байгалийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийн чиглэлээр дагнан ажилладаг гэлээ. Мөн БНХАУ-ын “Инновац-2020”, “Инновац-2050: Шинжлэх ухаан, технологи ба Хятадын ирээдүй” зэрэг стратегийн судалгааны тайлангуудыг боловсруулжээ. ШУА нь 69 мянга гаруй судлаач, 79 мянга орчим суралцагчтай, 130 үндэсний лаборатори, инженерийн төв, хээрийн ажиглалтын болон судалгааны 68 станцтай гэж танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ШУА-ийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо нар хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтарсан судалгааны төслүүдийг эхлүүлэх, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлэх, БНХАУ-д инженер, архитектор болон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр оюутан сургах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хоёр орны эдийн засагт ач холбогдол бүхий инженерүүдийг хангалтай бэлтгэх мэргэжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцсон байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )