Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн танилцуулав.
Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал зургадугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулаптын байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан гэлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Сүхбаатар нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 2, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 1 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Ийнхүү Байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрийг хэлэлцсэн болохыг санал, дүгнэлтэд дурдав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.
Аймаг, сумын баяр наадмын барилдаанд бусад аймаг, сумын бөхийг оруулахгүй байгаа талаар, тухайн аймаг, сумандаа бүртгэлтэй ч тухайн хаягтаа оршин суудаггүй хүнийг барилдааны жагсаалтад бүртгэж, даваа авдаг гэх асуудлыг Б.Пүрэвдорж гишүүн хэлж, энэ асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг лавлав. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно” гэж заасан байдгийг ажлын хэсгээс хариулав. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүртгэлийг цахимжуулахаар ажиллаж байгаа юм байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндэсний бөх нь наадамчин олноо баясгаж, үнэн хүчийг үзүүлж барилдах ёстойг хэлж бөхийн барилдааны үеэрх шударга бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллахыг тодрууллаа. Үндэсний их баяр наадам бол жилд нэг удаа зохион байгуулагддаг төрт ёсны их баяр наадам учраас хуулиар зохицуулдаг гэдгийг ажлын хэсэг хэлээд аль болох талуудын эрх ашигт нийцүүлэн, шударга, маргаан будлиангүйгээр баяр наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэв. Допингийн асуудлыг багасгахын тулд шинжилгээг авах давтамж, шинжилгээнд хамрагдах бөхчүүдийн тоог нэмэгдүүлэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хууль, Засгийн газраас баталсан холбогдох дүрэмд тусгагдсан бөхийн ёс зүйтэй холбоотой заалтуудыг хэрэгжүүлэхийн чухлыг ажлын хэсэг хэллээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Допин шинжилгээ мөнгө угаах бизнес болчихоос эмээж бна кк